МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг хийгдлээ
2023.11.22
Эрүүл мэнд

Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг хийгдлээ

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2023.11.21) хуралдаан гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр 16 цаг 53 минутад эхэлж, хоёр асуудал хэлэлцэв.

Төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэхтэй холбоотойгоор хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгээр хуралдаан эхэлж, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил ажлын хэсгийн танилцуулгыг хийлээ.

Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үеэр хуралдаан даргалагчаас Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар төслүүдийг хэлэлцүүлэх чиглэл өгсөн юм. Байнгын хороо 2023 оны 13 дугаар тогтоолоороо дээрх хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан.

Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан ажлын хэсгийг ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, Ц.Мөнхцэцэг, Б.Пүрэвдорж, Ц.Сандаг-Очир нар ажилласан байна. Ажлын хэсэг хоёр удаа, ажлын дэд хэсэг гурван удаа хуралджээ. Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдэд “бичгээр” гэсний дараа “эсхүл цахим хэлбэрээр” гэж нийтлэг байдлаар тусгахаар байгаа нь цаашид хууль хэрэглээний явцад тодорхойгүй нөхцөл үүсгэж болзошгүй тул хуулийн төсөл бүрийн харилцааг нарийвчлан судалж, тухайн хуулиар зохицуулсан харилцааны онцлог, шинж чанарыг харгалзан холбогдох өөрчлөлтийг хийх нь зүйтэй хэмээн ажлын хэсэг үзсэн байна.

Ажлын хэсэг хууль хэрэглээний явцад үүсэж болзошгүй эрх зүйн үр дагаврыг тооцож, төрийн байгууллага хооронд болон төрийн байгууллагаас иргэн, хуулийн этгээдтэй; иргэн, хуулийн этгээдээс төрийн байгууллагатай; иргэд хоорондын харилцааг тус бүрээр нь ангилж, холбогдох өөрчлөлтийг тусгасан байна. Тухайлбал, төрийн байгууллага, албан тушаалтан хоорондоо цахим хэлбэрээр мэдээлэл солилцох харилцааг Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуультай нийцүүлэн тус хуулийн 18.2-т заасан нийтийн мэдээллийн систем болон албаны цахим шууданг ашиглахаар өөрчлөлтийг тусгасан гэв.

Тодруулбал, Захиргааны ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн "Хянан бүртгэх үйл ажиллагаа" гэсэн 66 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “захиргааны хэм хэмжээний актыг хянуулж, бүртгүүлэхээр хүргүүлж байгаа этгээд энэ хуулийн 66.1, 66.2-т заасан баримт бичгийн бүрдлийг хангаагүй тохиолдолд хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага бүрдлийг хангуулахаар бичгээр эсхүл цахим хэлбэрээр” гэж байсныг “бичгээр эсхүл Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 18.2-т заасан систем, албаны цахим шуудангаар дамжуулан цахим хэлбэрээр буцаана” гэж тусгах нь зүйтэй хэмээн үзжээ.

Иргэн, хуулийн этгээдээс төрийн байгууллага албан тушаалтантай харилцах харилцаанд Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан системүүд болон эрх зүйн үр дагавраас хамаарч Иргэний хууль болон Цахим гарын үсгийн тухай хуульд заасан цахим гарын үсэг, тоон гарын үсгийг тус тус хэрэглэхээр санал бэлтгэсэн болохоо хуралдаанд танилцуулсан юм.

Жишээ нь, Харьяатын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн “Хүүхэд Монгол Улсын харьяат байх” гэсэн 7.2 дахь хэсгийн “Эцэг, эхийн аль нэг нь Монгол Улсын харьяат, нөгөө нь гадаад улсын харьяат бол Монгол Улсын нутаг дэвсгэр дээр төрсөн тэдний хүүхэд Монгол Улсын харьяат байна. Хэрэв хүүхэд гадаад улсын нутаг дэвсгэр дээр төрсөн бол хүүхдийн иргэний харьяаллыг эцэг, эхийн харилцан бичгээр эсвэл цахим хэлбэрээр” гэж байсныг “бичгээр эсхүл тоон гарын үсгээр баталгаажуулсан цахим хэлбэрээр тохиролцооны үндсэн дээр шийдвэрлэнэ” гэж; Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн “Төлөөлөгчийн бүрэн эрх” гэсэн 38.1 дэх хэсгийн “төлөөлөгчийн бүрэн эрхийн төлөөлүүлэгчээс бичгээр эсвэл цахим хэлбэрээр” гэж байсныг “бичгээр эсхүл цахим гарын үсгээр баталгаажуулсан цахим хэлбэрээр олгосон итгэмжлэл, эрх олгосон бусад баримт бичгээр тодорхойлно” гэж өөрчлөх нь зүйтэй хэмээн үзсэн байна.

Эрх зүйн үр дагавар багатай эсхүл тухайн салбарын хууль тогтоомжоор баталгааждаг болон хуульд амаар гүйцэтгэж болохоор тусгасан харилцаанд аливаа хэлбэр заахгүй байх нь зүйтэй хэмээн ажлын хэсэг үзэж, холбогдох зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг бэлтгэсэн байна.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн “Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг явуулах” гэсэн 39 дүгээр зүйлийн 39.10-т “Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэнэ” хэмээн заасан байдаг. Энэ дагуу Байнгын хороо хуулийн төсөл бүрийг зүйл бүрээр нь хэлэлцэн, ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй санал бүрээр нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлээд санал, дүгнэлтээ Инновац, цахим бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр шийдвэрлэв.

ШИНЭ МЭДЭЭ