2023.11.13
Хууль, эрх зүй
Б.Энхбаяр: Цахим залилангийн гэмт хэрэг 15 дахин өссөн
Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвд Кибер гэмт хэрэгтэй тэмцэх төвийн нээлт боллоо.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр" Сүүлийн жилүүдэд цахим орчинд үйлдэгдэх гэмт хэргийн тоо өсөж байна. Сүүлийн таван жилийн хугацаанд залилангийн төрлийн гэмт хэрэг 14085 бүртгэгдсэнээс 97 хувь нь цахим орчинд үйлдэгдэж байна. Тухайлбал, 2018 онд манай улсад нийт 590 залилах гэмт хэрэг бүртгэгдэж байсан бол 2019 онд 641, 2020 онд 1281, 2021 онд 3865, 2022 онд 7708 болж нэмэгджээ. Ийнхүү энэ төрлийн гэмт хэрэг 2018 онтой хариуцуулахад 15 дахин нэмэгдсэн байгаа юм.
Энэ утгаараа цахим төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх асуудал бол гэмт хэрэгтэй тэмцэх бодлогын тэргүүн эгнээнд тавигдаж буй. Иймд Кибер гэмт хэрэгтэй тэмцэх тасгийг төв болгон өргөжүүлж байна. Ингэснээр бид өнгөрсөн борооны хойноос цув нөмөрч хоцордог асуудлыг цэгцэлнэ. Тус төв 24 цагаар ажиллах бөгөөд тухайн иргэн цахим залиланд өртсөн тохиолдолд 102 тусгай дугаарт холбогдож мэдээллээ өгнө. Мэдээллийн дагуу цагдаагийн байгууллага банкнуудтай хамтарч тухайн иргэний данснаас гарсан мөнгийг шуурхай царцаах арга хэмжээ авна. Ингэснээр цахим гэмт хэргийг 50 хувиар бууруулж чадна гэж үзэж байгаа" гэлээ.