МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Канад Улсын Гадаад хэргийн туслах дэд сайд Уэлдон Эпп, Элчин сайд Сандра Шуфани нартай уулзав
2023.11.09
Гадаад харилцаа

Канад Улсын Гадаад хэргийн туслах дэд сайд Уэлдон Эпп, Элчин сайд Сандра Шуфани нартай уулзав

Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Канадын парламентын бүлгийн дарга Г.Дамдинням, Улсын Их Хурлын гишүүн, тус бүлгийн гишүүн Х.Ганхуяг нар энэ сарын 8-нд Канад Улсын Гадаад хэргийн туслах дэд сайд Уэлдон Эпп, Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сандра Шуфани нартай уулзлаа.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Канадын парламентын бүлгийн дарга Г.Дамдинням манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ онд тохиож байгааг дурдан, баярын мэнд дэвшүүлэв. Энэхүү ойг угтан Канад Улсын Парламентын Сенатын танхимын дарга тэргүүтэй төлөөлөгчид өнгөрсөн онд манай улсад айлчлах үеэр хоёр улсын парламентын тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийж, талууд харилцан айлчлал, уулзалтууд, иргэд хоорондын харилцааг өргөжүүлэхэд чиглэсэн арга хэмжээнүүд зохион байгуулахаар тохиролцсоныг дурдав. Тэрбээр, манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа ардчиллын төлөөх нийтлэг үнэт зүйлс, энх тайван, тогтвортой байдлыг хангах хамтын ашиг сонирхолд тулгуурлаж идэвхтэй хөгжиж ирснийг тэмдэглэв.

Канад Улсын Гадаад хэргийн туслах дэд сайд Уэлдон Эпп Монгол Улсын Их Хурал эдгээр өдрүүдэд ирэх жилийнхээ төсвийг батлахаар завгүй хуралдаж байгаа хэдий ч цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлэв. Тэрбээр, Монгол-Канадын парламентын бүлгийн даргыг Монгол Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргаар ажиллаж байх хугацаанд Боловсролын багц хуулийг шинэчлэн батлахад манлайлан ажилласанд баяр хүргэж, боловсролын салбарт эрх зүйн томоохон шинэчлэл гарсан гэдэгт эргэлзэхгүй байна гэв. Мөн хоёр улсын боловсролын салбарын хамтын ажиллагаа тэр дундаа оюутан солилцооны хөтөлбөрүүд хэрэгжүүлэхэд онцгой анхаарч ажиллахаа илэрхийлэв.

Талууд Монгол, Канадын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, тэр дундаа боловсрол, аялал жуулчлалын салбарыг өргөжүүлэхийн төлөө санал нэгдэж, эдийн засгийн харилцааг хөгжүүлэхэд иргэд хоорондын харилцан зорчих визийн асуудлыг хөнгөвчлөх боломжийн талаар санал солилцлоо

ШИНЭ МЭДЭЭ