МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2023.11.03
Барилга, Хот байгуулалт

Ц.Цэрэнпунцаг: Төрийн байгууллагын захиргааны ажил хийх зардлыг хэрхэн тооцож байна?

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2023.11.03/ нэгдсэн хуралдаанаар "Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай" хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна.

Уг асуудлын хүрээнд гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг:

Шинэ дарга маань асуудлаа шийдье хэмээн түгжрэлийнхээ хуулийг оруулж ирж байгаад нь талархаж байна. Хамгийн гол хууль гаргаад үр дүнг нь үзэх ёстой. Хотын дарга маань СХД-ээс сонгогдон ажилласан, хотыг задалж дэд төвүүдийг байгуулахад ихээхэн ажил хийсэн хүн. Иймд үр гарна хэмээн найдаж байна. Хуулийн төслийн үр нөлөөг үнэлэх ажлын тайланг харлаа. Их ерөнхий яваад байна. Аль бүлэг дээр ямар хэмжээний үр өгөөж очих юм, ямар хэмжээний өртөг зардал, ачаалал очих эсэхийг сайтар хийх хэрэгтэй. Ингэхдээ ард иргэдтэйгээ уулзаж санаа бодлыг сонсон, судалгаа хийн улмаар иргэдийг мэдээллээр хангаж гэмээ нь үр дүн гарна.

0.7 га газар буюу хүний хувийн өмчийг хамгаалах асуудал чухал. Хүний хувийн өмчийг үнэ цэнтэй болгох нь төрийн үүрэг. Тиймээс инженерийн шугам сүлжээ татаж иргэдийн өмчийг үнэд оруулах гэж буй нь сайшаалтай.

Төрийн байгууллагын захиргааны ажил хийх зардал ямархуу хэмжээнд байна. Тодруулбал, 1000 төгрөгийн татвар хураахад төрөөс хэдэн төгрөгийн зардал гарах юм. Үүнийг сайтар тооцох хэрэгтэй. Авсан татвараасаа илүү зардал чирэгдэл гаргадаг, авлига, ард иргэдэд дарамт очдог. Үүнийг хэрхэн шийдэх вэ?

Түүний асуултад, Нийслэл хотын засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ