МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2023.10.12
Эдийн засаг, Худалдаа

Х.Ганхуяг: "Шантааж"-ны хууль батлах гээд байна

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ үзүүлэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцлээ. 

хуулийн төсөлтэй холбогдулан УИХ-ын гишүүн Х.Ганхуяг Ажлын хэсгийн ахлагчаас асуулт асуулаа. 

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:

"Өнөөгийн нийгмийн харилцааг харахаар ёс зүйтэй холбоотой асуудал их хүнд байна. Тухайлбал, 5-6 сарын өмнө Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга байсан хүн Үүрэн телефоны оператор компаниудыг торгож байснаа өнөөдөр нэг компанийх нь захирал болоод сууж байна. Энэ бол уг хуулийн хэрэгжилтэд үүсэж болох адил кейс. Энэ хуулийг харвал татварын байцаагчаар ажилласан туршлагатай хүн байх гэсэн байна. Тэр хүн нөгөө компанийнхаа бүх нарийн мэдээллийг авна. Энэ  нь эргээд нөгөө компанийн мэдээллийг авах, худалдах, дарамтад оруулах юм бол ямар хариуцлага хүлээх юм бэ? Зөвхөн тусгай зөвшөөрлийг нь л  цуцлаад хаячихаар харагдаж байна.

Манайхаас бусад оронд ШӨХТГ-ын дарга нь торгож байснаа өөрөө нэг компанийн захирал болчихвол эрүүгийн хариуцлага хүлээнэ. Манайд харрин алга ташаад, баяр хүргээд томилогдож байна.

Өнөөдөр энэ хууль орж ирж байгаа нь дээрхтэй адил нөхцөл үүсгэнэ л дээ. Татварын байцаагчаар 10 гаруй жил ажилласан хүнд татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ үзүүлэх эрх олгохоор тухайн хүн татварын байгууллагад нэвт сүлжээтэй хүнд эрх өгөх гэж байна. Зөвлөгөө өгч байгаа компаниудаа эргээд эрсдэлд оруулна шүү дээ. Зөвлөх үйлчилгээ үзүүлээд байгаа хүн нь хуулийн ямар үүрэг хариуцлагатай байх, өрсөлдөөн үүсгэхгүй байх, мэдээллийг чанд сахиулах, ёс зүйн өндөр хэмжээг барьж явуулахгүй бол та нар  шантаажны хууль батлах гээд байна.

Зөвшөөрөлтэй холбоотой хэсэг байна. Зөвшөөрлийн хуулиар Засгийн газрын дэргэд байгуулсан Үндэсний зөвлөлөөр энэ хууль хэлэлцүүлэгдсэн байх ёстой. Энэ хаана байна вэ? нэг хууль батлах гээд нөгөө хуулиа зөрчөөд байна. Зөвшөөрлийн хуулийн дагуу явах ёстой. "

Түүний асуултад хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч Х.Булгантуяа хариуллаа. 

ШИНЭ МЭДЭЭ