НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага, Делойт компани хамтран дээд түвшний дугуй ширээний уулзалтыг зохион байгууллаа
2023.09.20
Гадаад харилцаа

НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага, Делойт компани хамтран дээд түвшний дугуй ширээний уулзалтыг зохион байгууллаа

Хүнсний талаар бодоцгооё, ТХЗ-уудын хэрэгжилтийг хурдасгах, хүнсний хангамжийг шинэлэг аргаар нэмэгдүүлэхэд хамтран ажиллая уриан доор НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага (ЮНИДО) болон Делойт компани хамтран дээд түвшний дугуй ширээний уулзалтыг зохион байгууллаа. Уг уулзалтад дэлхийн төр засгийн болон хувийн хэвшлийн өндөр дээд түвшний төлөөллүүд, зарим улсын Ерөнхий сайд, НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал, Делойт компаний олон улсын Гүйцэтгэх захирал, улс орнуудын сайд нар оролцлоо.

Тус уулзалтад УИХ-ын гишүүн, БОХХААБХ-ны дарга Б.Саранчимэг оролцож, Монгол Улсын хувьд хүнсний аюулгүй байдал, хүнсний хангамжийн талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд, малчид өвлийн хүйтэн улирлыг хэрхэн даван туулдаг арга замуудын талаарх туршлагаас хуваалцлаа.Уулзалтаар дэлхийн хүнсний хангамж, хүнсний тогтолцоог тогтвортой, даван туулах чадавхтайгаар хөгжүүлж ТХЗ-уудын хэрэгжилтэд хувь нэмэр оруулах тухай санал солилцлоо.

Түүнчлэн ЮНИДО-ын Инновацийн лаб, Делойтын Хүнсний ирээдүйн санал санаачлага зэрэг арга туршлагуудад үндэслэн хүнсний тогтвортой, даван туулах чадавхтай системийг хөгжүүлэх бодит шийдлүүдийг хэлэлцлээ. Энэхүү уулзалт нь COP 28, Давос хотноо жил бүр болдог Дэлхийн эдийн засгийн форум болон 2024 оны 9-р сард НҮБ-ын Ерөнхий Ассемблейн хурлын үеэр зохион байгуулагдах “Ирээдүйн дээд хэмжээний уулзалт” зэрэг томоохон арга хэмжээнүүдийн бэлтгэл ажил болж байгаагаараа онцлог ач холбогдолтой юм.

ШИНЭ МЭДЭЭ