МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

“Говийн хүүхдүүд” соёл урлагийн наадам боллоо
2023.09.10
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

“Говийн хүүхдүүд” соёл урлагийн наадам боллоо

Дорнын их соён гэгээрүүлэгч, говийн ноён хутагт Данзанравжаагийн бүтээл туурвилаас сэдэвчилсэн “Говийн хүүхдүүд” соёл урлагийн наадмыг говийн дөрвөн аймгийн хүүхэд залуусыг хамруулан 2023 оны есдүгээр сарын 07-08-ны өдөр Дундговь аймгийн Адаацаг сум “Сүм хөх бүрд”-д зохион байгууллаа. Наадамд Дундговь, Говьсүмбэр, Өмнөговь, Дорноговь аймгийн ЕБС-ийн 80 гаруй хүүхэд оролцсон юм.

ГОВИЙН НОЁН ХУТАГТ ДАНЗАНРАВЖААГИЙН БҮТЭЭЛҮҮД “СҮМ ХӨХ БҮРД”-Д ЭГШИГЛЭЛЭЭ

"Говийн хүүхдүүд” урлагийн наадмын зорилго нь Данзанравжаагийн бүтээл туурвилыг түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэн үлдээх, хүүхэд багачуудад эх оронч үзэл, үндэсний өв соёлыг хайрлан хамгаалах ач холбогдлыг ойлгуулж, олон нийтэд сурталчлан таниулах юм. “Говийн хүүхдүүд” урлагийн наадмыг Соёлын яам, Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Данзанравжаа соёл гэгээрлийн төв хамтран зохион байгууллаа.

Наадмын шүүгчээр Төрийн шагналт, УГЗ, зохиолч, яруу найрагч Ш.Гүрбазар, МУАЖ уртын дууч А.Нэргүй, МУГЖ уртын дууч Г.Хонгорзул, түүхийн ухааны доктор, дэд профессор Ц.Минжин, бүжигчин Б.Эрдэнэтуяа нар ажиллав.

Урлагийн наадамд оролцогчид гоцлол дуу, хамтлаг дуу, гочлол чөлөөт бүтээл, чөлөөт хамтлаг төрлөөр уран яруу, утга төгөлдөр дуу, хөгжим, бүжгээр үзэгч олныг цэнгүүллээ. Гоцлол дууны төрөлд ноён хутагт Данзанравжаагийн уран бүтээлүүд болох “Наранзул хул” дуугаар Дорноговь аймгийн сурагч Г.Цэлмэг тэргүүн байр, дэд байранд Дундговь аймгийн сурагч М.Цэрэнханд “Урьхан хонгор салхи” дуу, Говьсүмбэр аймгийн сурагч Н.Лхагва-Эрдэнэ “Хурмаст тэнгэр” дуугаар нь III байр тус тус эзэллээ. Хамтлаг дууны төрөлд Говьсүмбэр аймгийн Боржигон шуранхай хамтлаг “Үлэмжийн чанар” дуугаар тэргүүн байр, дэд байранд Өмнөговь аймгийн “Говийн эгшиглэн” хамтлаг “Гөрөөс ээж” дуугаар нь, III байранд Дорноговь аймгийн “Эвийн эгшиг” хамтлаг “Шар талын цэцэг” дуугаар шалгарч, өв соёл түгээгч эрдэмтэн олон багш нар, нутгийн олноо баярлуулав. Харин гоцлол чөлөөт бүтээлийн төрөлд Өмнөговь аймгийн сурагч Д.Мөнгөнбаатар ерөөл магтаалаар тэргүүн байр, Дорноговь аймгийн сурагч А.Анударь Үлэмжийн чанар бүжгээр дэд байр, Дундговь аймгийн сурагч М.Чойжидогмид “Алтан ар үр” дуугаар тус тус шалгарсан юм. Чөлөөт хамтлагаар Дундговь аймгийн “Угалз” хамтлаг “Ноён хутагтын сургааль”, Дорноговь аймгийн “Говийн уянга” хамтлаг “Тэнгэрийн хутаг” бүжиг, Өмнөговь аймгийн “Угсаатан” хамтлаг ноён хутагтын “Аврал гурван чухаг” сургаал бүтээлээр шагналт байр эзэллээ.

ШИНЭ МЭДЭЭ