2023.09.06
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт
Нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлж, цэвэрлэгээ, ариутгалыг сайтар хийхэд анхаарна
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Багануур дүүргээс цахимаар удирдан зохион байгуулав.
Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга 14 чиглэлээр үүрэг даалгавар өгсөн юм. Тодруулбал, өвөлжилтийн бэлтгэлийг сайтар хангах, тусгай зориулалтын машин, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг шалгах, парк шинэчлэлийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгосон. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 658 арга хэмжээ төлөвлөснөөс хэрэгжилт 86 хувьтай байна. Сайжруулсан шахмал 90 мянган тонн түлш нөөцлөөд байгаа юм.
Мөн амралтын газар, жуулчны баазуудын гадна орчны тохижилт, ариун цэврийн байгууламж, бие засах газар, хог хаягдлын цэвэрлэгээ, үйлчилгээнд хөрсний бохирдлоос сэргийлэх арга хэмжээ авч, стандартыг мөрдүүлж ажиллах үүрэг өгсний дагуу 134 байгууллагад шаардлага хүргүүлсэн бөгөөд хяналт шалгалт үргэлжилж буй. Түүнчлэн нийтийн тээврийн хүртээмжийг өглөө, оройдоо нэмэгдүүлэх, үйлчилгээний чанарт анхаарах, цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол хийх үүрэг өгсөн. Энэ хүрээнд өдөр үйлчилгээнд гардаг автобусны тоо 1955 байсныг 50-аар нэмэгдүүлж, цаашид ч нэмэгдүүлэхэд анхаарч байна. Тэрчлэн автобусны угаалга, цэвэрлэгээг тогтмол хийж байгааг хэлж байлаа.