Д.Сумъяабазар: 30 жилийн алдааг судалгаанд суурилсан төлөвлөлт, бодлогыг үе шаттай хэрэгжүүлснээр шийднэ
Монгол Улсын хүн амын 50 хувь амьдардаг нийслэл хотод шийдэх ёстой олон асуудал бий. Үе үеийн хотын удирдлагууд асуудлыг шийдэж, хууль эрх зүйн орчныг шинэчлэх гэж хичээж, хотоо хөгжүүлэх гэж өөр өөрийн арга барилаар ажиллаж ирсэн ч өнгөрсөн 30 жилийн хугацаанд “Төлөвлөлтгүй хот, төлөвлөлтгүй газар олголт”-оос үүдэлтэй алдаа, завхралын ачааны хүндийг өнөөдрийн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар үүрч явна гэхэд нээх хилсдэхгүй болов уу.
Үүний ганцхан жишээ нь энэ зуны борооны улмаас үүссэн үерийн асуудал. Түүний хувьд гурван жилийн өмнө хот гэдэг их айлын тэргүүнээр сонгогдон ажлаа аваад 14 хонож байхад нь Ковид-19” цар тахлын халдвар манай улсад тархаж, хатуу хөл хорины амаргүй цагт тодорхой шийдвэр гаргаж, үе шаттай ажиллаж байлаа. Энэ үедээ Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг 27 жилийн дараа буюу өнгөрсөн 2021 онд батлуулж чадсан юм. Үүний үр дүнд нийслэлээс төсөвт төвлөрүүлдэг байсан орлогыг Улаанбаатар хотод үлдээх түүхэн шийдвэр гарсан.
Түүнчлэн нийтийн тээвэрт иж бүрэн буюу 1225 автобусаар парк шинэчлэл хийж байгаа. Түгжрэлийг бууруулах хүрээнд холбоос зам, Яармаг, Зайсангийн гүүр, ГССҮТ-ийг “Содон” хороололтой холбох зам зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна. Ингэснээр Энхтайваны өргөн чөлөөний замын ачаалал 50 орчим хувиар буурах тооцоолол бий.
Мөн зөвшөөрөлгүй хашаа, хайс, гарааш буулгах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлыг эрчимтэй эхлүүлсний үр дүнд өнөөдөр хотын өнгө төрх шинэчлэгдсээр байна.
Түүний хувьд өнгөрсөн 25 жилийн газар олголтын тухай мэдээллийг shilen.gov.mn-д нэгтгэх зөвшөөрлийг өгсөн. Ингэснээр үе үеийн Хотын дарга, дүүргийн Засаг дарга нарын газар олголтуудын мэдээлэл олон нийтэд ил болж, хяналт тавих боломжийг бүрдүүллээ. Үр дүнд нь цаашид хэн нэгэн хууль зөрчиж газар олгох, барилга хүлээж авах бололцоогүй боллоо.
Мөн анх удаа нийслэл үнэт цаас гаргаж, тулгамдаж байгаа асуудлуудынхаа хөрөнгө оруулалтыг шийдэх боломжтой боллоо. Ийнхүү хот татварын орлогоор бүрддэг байсан төсвөө анх удаа хоёр урсгалтай болгож, үнэт цаас гаргах, уул уурхайг эдийн засгийн эргэлтэд оруулах, өөрөө хөрөнгө мөнгө босгох шинэ урсгалыг нээж байгаа нь хотод өнгөрсөн хугацаанд байгаагүй шинэ шийдэл юм. Нийслэлийн үнэт цаасаар хотын тулгамдаж байгаа асуудал болох орон сууцны бодлогыг дэмжих, авто зам, сургууль, цэцэрлэг байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байгаа ажээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Улаанбаатар хотыг системтэй, бодлоготой хөгжүүлэхийн тулд өнгөрсөн гурван жилийн хугацаанд Бодлогын судалгаа, шинжилгээний төв байгуулж, хууль, эрх зүйн орчныг шинэчилж, судалгаанд суурилсан төлөвлөлт, бодлогыг үе шаттай хэрэгжүүлж, гадаад, дотоодын эрдэмтдийн хийсэн судалгааны үр дүнг үндэслэн шийдвэр гаргаж, ажиллаж чадаж байгаа. Үүний үр дүнд өнөөдрийг хүртэл баримталж ирсэн гал унтраах бодлого өөрчлөгдөж, гол асуудлын шалтгааныг шийдэх байдлаар төсөв шийдэгддэг сайн өөрчлөлт гарна гэдгийг хотын дарга онцолдог.
Түүний хувьд нийслэлийн эдийн засаг, засаглалын хувьд цэгцрэх боломж бүрдүүлэх Улаанбаатар хотын багц хуулийг УИХ-ын ирэх намар, хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр төлөвлөж ажиллаж байгаа аж.