С.Бямбацогт: Орон нутгийн нислэгийн үнэ 2 дахин буурснаар МИАТ 9 аймагт ашиггүй, алдагдалгүй нислэг үйлдэж эхэлсэн
2023.08.21
Зам, Тээвэр

С.Бямбацогт: Орон нутгийн нислэгийн үнэ 2 дахин буурснаар МИАТ 9 аймагт ашиггүй, алдагдалгүй нислэг үйлдэж эхэлсэн

Зам, тээврийн хөгжлийн яамнаас иргэний нисэхийн салбарт “Хямд тийз-Хүртээмжтэй нислэг” бодлого дэвшүүлэн ажиллаж буй. Тэгвэл саяхнаас МИАТ компани орон нутгийн есөн аймгийн чиглэлд нислэг үйлдэж эхэлсэнтэй холбогдуулан, ашиг, алдагдал, нислэгийн үнэтэй холбоотой асуудлыг ЗТХ-ийн сайд С.Бямбацогтоос тодруулсныг хүргэж байна.

-Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан агаарын тээврийг либералчлах бодлогын хүрээнд иргэний агаарын тээврийн салбарт томоохон шинэчлэлүүд хийгдэж буй. МИАТ компани есөн аймагт нислэг үйлдэж эхэлсэн. Мөн АНУ руу шууд нислэгтэй болохтой холбогдуулан саяхан шинэ агаарын хүлэг авлаа. Орон нутгийн нислэгт тулгарч буй хүндрэлтэй зүлй бий юу. Ашиг, алдагдлын тооцооллыг хэрхэн хийсэн бэ?

МИАТ компани орон нутагт 15 жил нислэг үйлдээгүй байсан. Нисэхийн компаниуд санхүүгийн боломж тааруугаас тэр бүр орон нутгийн чиглэлд тогтмол нислэг үлйдэж чаддаггүй бөгөөд ердөө хоёрхон аймагт нисдэг байсан. Тиймээс бид саяхан МИАТ компанийг нийгмийн хариуцлагын хүрээнд алдагдалгүй, мөн ашиггүй нис гэсэн шаардлага тавьж зохицуулалт хийисний дүнд өнөөдөр есөн аймагт нислэгээ үйлдэж эхлээд байна. Есөн аймагт нислэг үйлддэг болсны үр дүнд МИАТ компани алдагдалгүй нисэж байгаагаа мэдээлсэн. Гол нь зорчигчдын билетын үнэ 2-2.5 дахин буурсан.

Тухайлбал, Мөрөнгийн чиглэлд 800 орчим мянган төгрөгөөр нисэх ёстой ч 250 мянган төгрөгөөр нисдэг болсон. Баян-Өлгий, Увс, Ховдын чиглэлд өмнө нь 1.6 сая төгрөгөөр нисдэг байсныг 800-900 мянган төгрөг болгож үнийг хоёр дахин бууруулсан байна.

Тасалбарын үнэ буурахын хэрээр онгоцоор орон нутаг руугаа зорчдог иргэдийн тоо нэмэгдсэн байна. МИАТ компани орон нутгийн есөн чиглэлд суудал дүүрэн нислэг үйлдэж байна. Энэ бол аль аль талдаа сайн хэрэг. Цаашид ч зорчигдын эрэлт нэмэгдэх хандлагатай байгаа. Ганцхан Ховд аймаг руу гэхэд долоо хоногт гурван удаа нислэг үйлдэж байна. Нэмэлт нислэг гараад ч дүүрэн нисч байна. Энэ утгаараа орон нутгийн нислэг сэргэж байна гэж ойлгож болно.

Орон нутагт нислэг үйлдээд алдагдалтай ажилласан нислэгийн компанидад өмнө нь төрөөс дэмжлэг үзүүлж нөхөн олговор олгодог байсан. Энэ хэвээр хэрэгжих үү?

-Агаарын тээврийг либералчлах Засгийн газрын бодлогын хүрээнд компаниудад нөхөн олговор дэмжлэг цаашид үзүүлэхгүй байхаар болсон.

-СХД-ийн Драгон автовокзалыг 8 дугаар сарын 21-ний дотор нүүлгэхээр болсон байсан. Ингэхдээ Номин реалтор ХХК-ийн байр руу нүүлгэн шилжүүлэх гэж буй нь олны шүүмжлэл, хардлагыг дагуулж байх шиг байна. Өмнө нь мөн АТҮГ-ыг Ариг банкны байр ру нүүлгэсэн явдал багагүй шүүмжлэлийг дагуулж байсан.Одоо зарим нь яагаад заавал Номин Холдинг ХХК-тай хамаарал бүхий газарт нүүлгэн шилжүүлэхээр болов. Үүний цаана эрх баригчдийн ашиг сонирхол байгаа юм биш биз гэсэн яриа ч гараад амжлаа?

-АТҮТ бол бие даасан байгууллага. Хот хоорондын болон бусад тээврийн үйлчилгээг иргэдэд хүнд сурталгүй шуурхай хүргэх үүрэг бүхий төрийн байгууллага. Тиймээс иргэдэд тухтай үйллчилгээ үзүүлж, менежментээ сайжруулахын тулд өөрсдөө бодлого шийдвэрээ гаргаад явж байгаа. Тиймээс тухайн шийдвэрт хэн нэгэн хөндлөгөөс нөлөөлсөн үү. Ямар нэгэн байдлаар ЗТХ-ийн сайд С.Бямбацогт үүрэг даалгавар өгсөн үү гээд асууж болох байх. Миний хувьд эдгээр нүүлгэн шилжүүлэлтийн асуудалд эрх мэдлээ ашиглаж оролцсон зүйл байхгүй гэдгийг хэлмээр байна.

ШИНЭ МЭДЭЭ