С.Мөнхбат: Монгол Улс цаашид хэрхэн хөгжих гэж буй нь монголч эрдэмтдийн сонирхлыг ихээр татаж байна
2023.08.11
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

С.Мөнхбат: Монгол Улс цаашид хэрхэн хөгжих гэж буй нь монголч эрдэмтдийн сонирхлыг ихээр татаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор болж буй Олон улсын монголч эрдэмтний XII их хурал өнөөдөр хоёр дахь өдрөө салбар хуралдаанаар үргэлжилж байна.

Гурав дахь салбар хуралдаан “Монголын нийгэм, эдийн засаг, улс төр, хууль цааз” сэдвээр боллоо. Энэ талаар тус салбар хуралдааныг даргалсан МУИС-ийн Улс төр судлалын доктор, профессор, Шинжлэх ухаан-технологийн Үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга С.Мөнхбатаас тодрууллаа.


-Монголч эрдэмтдийн их хурал 1950-аад оноос үүдэлтэй. Өнгөрсөн хугацаанд зохион байгуулж байсан хурлуудыг ингэж салбар хуралдаантайгаар хийж байв уу. Жишээ нь, танай салбар хуралдаанаас ямар асуудлыг хэлэлцэв?

-Монгол судлал сүүлийн жилүүдэд дэлхий даяар их өрнөх болсон. Энэ талын судалгааны цар хүрээ тэлж, нийгэм, эдийн засаг, улс төр, хууль цаазын талаар ихээхэн хөндөж ярих болсон. Үүний нэг жишээ нь, өнөөдөр манай улсад болж буй Олон улсын монголч эрдэмтний XII их хурал ба сэдэв тус бүрийг салбар хуралдаантайгаар зохион байгуулж байгаагаас харж болно.

Манай салбар хуралдаанаар Монголын нийгэм, эдийн засаг, улс төрийн тогтолцоо, ялангуяа Монголын нийгэм, эдийн засгийн тогтолцоо Чингис хааны эзэнт гүрнээс хойш дэлхий дахинд хэрхэн хадгалагдан уламжлагдан ирсэн тухайд авч хэлэлцлээ. Энэ нь “Монголын их амар амгалан, энх тайван” сэдвийн дор болж буй их хурлын агуулгатайгаа нийцэж байгаа хэрэг юм.

Тодруулж хэлбэл, тэрхүү уламжлал орчин цагт хэрхэн шинэчлэгдэж буйг манай монголч эрдэмтэд өөрсдийн хийсэн судалгааны үр дүнг танилцуулж хэлэлцлээ. Энд Эзэн богд Чингис хааны байгуулсан эзэнт гүрний үеийн удирдахуйн арга ухааны талаар хэлэлцэв. Мөн XX-XXI зууны эхэн үеийн буюу сүүлийн 100 жилийн монголчуудын нийгмийн тогтолцооны өөрчлөлтийг, ялангуяа хотжилт, нүүдлийн соёл иргэншлийн хослол, шилжилтийн талаарх сонирхолтой илтгэлүүд тавигдлаа.

-Тавигдсан илтгэлүүдтэй холбоотойгоор оролцогч эрдэмтэн, судлаачдаас ямар санал гарч байх юм?

-Чингис хааны байгуулсан эзэнт гүрний үеийн удирдахуйн арга ухааны талаар хэлэлцэх үеэр энд зөвхөн эзэн хааны манлайллаас гадна Чингисийн ойрын зөвлөхүүдийн үүрэг ролийг гаргаж ирэх, энэ талын судалгааг их хөгжүүлэх хэрэгтэй байна гэсэн санал гарсан.

Тэр үед ч тэр аливаа шийдвэрийг цэц, зөвлөл зэрэг хэлбэрээр хамтаараа хэлцэн гаргаж байсан нь дэлхий дахинд улс төрийн соёлыг нэвтрүүлсэн гэж үздэг талаар хэлэлцлээ. Ер нь нүүдэлчний соёл иргэншил дэлхийд хэвшмэл, зогсонги байсан суурьшлын олон зүйлийг өөрчилж хөгжил хөдөлгөөнд оруулж ирснийг цохон тэмдэглэж хэлмээр байна.

-Нэгэн үе Дорж, О.Латтимор Ж.Легран, Н.Поппе гээд цөөн боловч чадалтай эрдэмтэд байлаа. Тэр үеийг бодвол монголч эрдэмтэн өдгөө олон болжээ. Энэхүү эрэлт хэрэгцээ юунаас үүдэлтэй байна вэ?

-1990-ээд оноос хойш ерөнхийдөө нийгэм, улс төр, хууль цаазын судалгаа нийгмийн шилжилтийн үед нэлээн цөөрч, энэ тал дээр анхаарал хандуулалгүй хэсэг явсан. Одоо бол Монголын нийгэм, эдийн засаг, улс төрийн өөрчлөлтийн асуудал нь өнөөдөр Монгол Улс хаашаа явж, хэрхэн хөгжиж байна вэ, Ази дахь ардчилсан энэ улс тогтолцоогоо яаж авч явах вэ гэдэг нь гадаадынханд, дэлхий ертөнцөд сонирхолтой сэдэв бүхий асуудал болсон. Энэ нь монгол судлалд ихээхэн нөлөөлж, гадаад дотоодын монголч эрдэмтэн судлаач нар олшрох шалтгаан болж байна гэв.

ШИНЭ МЭДЭЭ