18 байршилд бодит эрсдэл үүссэн
2023.07.06
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт

18 байршилд бодит эрсдэл үүссэн

Улаанбаатар хотод үүсээд буй нөхцөл байдлын талаар Улс болон Нийслэлийн онцгой комиссоос цаг үеийн мэдээлэл өглөө.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар:

-Удирдлага зохион байгуулалтын хувьд нөхцөл байдал хүндэрсэн Баянзүрх дүүргийн 1, 25 дугаар хороо буюу Зам тээврийн хөгжлийн яамны уулзвараас “Нарантуул” ОУХТ, Хан-Уул дүүргийн Механикийн сургуулийн уулзвараас ТЭЦ-3-ын уулзвар хүртэл, мөн “Натур”, “S Outlets” болон “Их наяд” төвийн орчим гэсэн байршилд Ажлын хэсэг хоёр хуваагдан нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, арга хэмжээнүүд аван ажиллаж байна.

Сүүлийн өдрүүдэд нийслэлд бороо үргэлжлэн орсны улмаас үер болсон тул иргэдийн амь нас, эрүүл мэнд, авто зам, замын байгууламж болон тээврийн хэрэгсэлд эрсдэл учирч байна.  Иймээс Нийслэлийн Засаг даргын хувиар захирамж гарган, зарим авто замын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хаахаар боллоо.

Одоогоор Сэлбэ голын үерийн бүсэд хог тээвэр, зам цэвэрлэгээний нийт 10 байгууллагын 90 албан хаагч 21 машин одоо машин техниктэйгээр далан босгох, шороо тээвэрлэх ажлыг гүйцэтгэж байна. Түүнчлэн хайрга, дайрга болон элс шороог Нарангийн энгэр, Цагаан даваа гэсэн төвлөрсөн хоёр цэгээс тээвэрлэж байна.

Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт Дунд голын усны түвшин ихсэж, “Алтай” хотхоны орон сууцнууд усанд автах эрсдэл үүссэн. Энд холбогдох байгууллагууд, 34 хороодын 170 ажилтан албан хаагч 15 нэгж техниктэйгээр ажиллаж буй. Одоогоор хотхон руу орох замыг хааж, том оврын авто машинаар элс, шороо буулгаж, шуудайлсан элсээр үерийн даланг хүчитгэн бэхжүүлээд байна. Мөн гараашийн орцыг шуудайтай элс шороогоор хааж аюулгүй байдлыг хангахаар ажиллаж байгаа. Мөн бусад байршилд үер буусан, голын ус эргээ хальсан, их хэмжээний ус тогтсон, цахилгаан дамжуулах шугам унасан хүндрэл гарч байгаа. Үүн дээр холбогдох албаныхан арга хэмжээ авч ажиллаж байна.

Хотын хэмжээнд үүсээд буй нөхцөл байдлыг тогтворжуулахад үндэсний аж ахуйн нэгжүүд, хувь хүн, байгууллагууд идэвхтэй оролцож, тусалж дэмжиж байгаад Улс, Нийслэлийн онцгой комиссын нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд 18 байршилд эрсдэлтэй нөхцөл байдал үүсээд байна. Ерөнхийлж харвал, эдгээр нь газар ашиглалтын зориулалтыг өөрчилж барилга барьсан зэрэг асуудлаас үүдэлтэй. Цаашид барилга байгууламжийн зөвшөөрөл, газар олголттой холбоотой асуудлаар хуулийн дагуу арга хэмжээ авах зөвлөмж хүргүүлсэн хэмээлээ.

Түүнчлэн зуслангийн бүсэд ч нөхцөл байдал хүндрэх эрсдэл үүсээд байгааг тэрбээр онцолсон. Тухайлбал, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн зуслангийн эрсдэлтэй бүсээс айлуудыг нүүлгэн шилжүүлэх ажлыг эрчимжүүлж байна.

Ирэх өдрүүдэд ч ихэнх нутгаар бороо орох төлөвтэй тул Улаанбаатар хотыг тойрсон голуудын усны түвшин нэмэгдэнэ гэдгийг Хотын дарга тэмдэглэв.

Тэрбээр “Санзай, Шаргаморьтын аманд усны түвшин нэмэгдэж байгаа нь Сэлбэ гол руу цутгана. Тэгэхээр хүчтэй үер болох, барилга байгууламж, зам талбай усанд автах болон бусад эрсдэл өндөр хэвээр” гэсэн юм. Тэрбээр “Эрсдэл үүссэн бүсэд холбогдох байгууллагууд хүчин чадлаа бүрэн дайчилж ажиллаж байна. Гэхдээ хүн хүч, техник хэрэгслийг нэмэгдүүлэх шаардлагатай. Тиймээс ХЗДХЯ, Хил хамгаалах их сургуулиас 500 алба хаагч, сонсогчийг дайчлахаар ярилцсан. Цаашид хүн хүч, техник хэрэгслүүдийг нэмэгдүүлэх тодорхой шийдвэр гараад явна. Техник хэрэгслийн тухайд ус сорогч, шахуурга, том оврын машин нэн шаардлагатай байна” хэмээсэн юм.

УБЗАА-ны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга М.Балдандорж:

 

-Үүсээд буй эрсдэлийг хумихын тулд блокийн системээр таван цэг дээр хязгаарлалт хийхээр төлөвлөж байна. Тухайлбал, ус зайлуулах боломжтой байршилд авто замын хязгаарлалт хийж, хуримтлагдсан усыг насосоор соруулан нүхэн гарцаар шахаж Дунд гол руу урсгах нь чухал. Түүнчлэн үерийн далангийн хөндлөн огтлолын талбайг бууруулсан гүүрүүд дээр нэмэлт сэтэлгээ хийж усны урсацыг сайжруулна. Ер нь голуудын холын голдиролд байгаа, зөрчилтэй барилгуудын тоог Ажлын хэсэг гаргаж буй хэмээв.

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян:

 

-Үер буусан, ус хальсан байршилд авч шуудайтай элс, дайргаар далан босгож байгаа. Энэ бол ийм нөхцөлд оновчтой, зөв арга. Өчигдөр гэхэд Сэлбэ голд 400-450 метр урттай, 1-2.5 метр өндөр далан хийсэн. Харамсалтай нь усны түвшин тасралтгүй нэмэгдсэн болохоор зарим газраа сэтэрсэн байна. Хүндрэл үүссэн бүх байршилд төрийн болон нутгийн захиргааны байгууллага, Улс, Нийслэлийн онцгой комиссоос авч буй арга хэмжээг иргэд, аж ахуйн нэгж ойлгож, хүлээн авч, дэмжиж ажилласан хэмээлээ.

ШИНЭ МЭДЭЭ