МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Газрын тухай хуулийг хэлэлцлээ
2023.07.05
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт

Газрын тухай хуулийг хэлэлцлээ

УИХ-ын БОХХААБХ-ны /2023,07,05/-ны өдрийн хуралдаанаар Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив.

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нарын таван гишүүнээс 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Тариалангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Төсөл санаачлагч гишүүн Н.Ганибал танилцуулгадаа, Манай орны хөдөө аж ахуйн газрын хэмжээ сүүлийн 50 гаруй жилийн хугацаанд ойролцоогоор 15.0 орчим сая.га-аар буурсныг онцлоод хөдөө аж ахуйн зориулалтай 119,254.221 га талбай байгаагаас бэлчээрийн талбай 116.627,574, хадлангийн талбай 634.505, тариалангийн талбай 1.171,512, атаршсан газар 238.832, хөдөө аж ахуйн барилга, байгууламжийн дэвсгэр газар 106.339, ашиглалт муутай газар 475.456 га байна. Газрын нэгдмэл сангийн 2021 оны улсын нэгдсэн тайланд дурдсанаар улсын хэмжээнд 80.033 га талбай бүхий өвөлжөө, хаваржааны газрыг 137.914 иргэн эзэмшиж байна гэв.

Мөн бэлчээрийн мониторингийн 2016 оны мэдээллээр, мониторингийн бүх цэгийн 42 хувь нь төлөв байдлын хувьд “соргог” буюу “талхлагдаагүй”, 13.5 хувь нь сул, 21.1 хувь нь дунд зэрэг, 12.8 хувь нь хүчтэй талхлагдсан, харин 1.3 хувь нь сэргэлтгүй талхлагдсан бөгөөд тайлангийн суурь он буюу 2014 оныхтой харьцуулбал, бэлчээрийн талхлагдлын түвшин сүүлийн хоёр жил өссөн дүнтэй, талхлагдаагүй болон сул талхлагдсан гэж ангилагдсан цэгийн тоо 10 хувь буурч, хүчтэй болон сэргэлтгүй талхлагдсан цэг 4.3-5.9 хувиар тус тус нэмэгдсэн гэж тогтоогджээ хэмээлээ.

2002 онд батлагдсан Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлд “Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар 0.07 га-гаас илүүгүй, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, таримал ургамал тарих зориулалтаар 0.1 га-гаас илүүгүй газар үнэ төлбөргүй эзэмшүүлж болно”, “Багийн иргэдийн нийтийн хурлын санал, сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын шийдвэрийг үндэслэн, тариалангийн газрыг газар тариалангийн салбарт олон жил тогтвортой ажилласан иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан Засгийн газраас тогтоосон журмын дагуу давуу эрхээр эзэмшүүлж болно. Нэг иргэнд давуу эрхээр эзэмшүүлэх тариалангийн газрын хэмжээ нь үр тарианы зориулалтаар 100 га хүртэл, төмс, хүнсний ногооны зориулалтаар 5 га хүртэл байна” гэж тус тус заасан байдаг. Дээрх хуулийн заалтаас үзэхэд иргэнд төмс, хүнсний ногоо, таримал ургамлын зориулалтаар олгогдох газрын хэмжээ 0.1 га-гаас илүүгүй байх бөгөөд зөвхөн газар тариалангийн салбарт олон жил тогтвортой ажилласан иргэн 0.1 га-гаас илүү хэмжээгээр үнэ төлбөргүй газар эзэмших эрхтэй байна. Өөрөөр хэлбэл, иргэн газар тариалангийн салбарт олон жил тогтвортой ажиллаагүй бол 0.1 гаг-аас илүү хэмжээгээр газар үнэ төлбөргүй эзэмших эрхгүй юм.

Мөн Тариалангийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсэгт заасны дагуу атар газрыг тариалангийн зориулалтаар эзэмшүүлэх, ашиглуулахыг хориглосон тул сум, орон нутгийн иргэдэд төмс, хүнсний ногоо, таримал ургамал тарих зориулалтаар эзэмшүүлэх эрх зүйн зохицуулалт нь учир дутагдалтай байна. Хөдөө аж ахуйн газрын ашиглалт, хамгаалалтыг сайжруулах, бэлчээрийн доройтол, хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, иргэдийн амьдралын түвшинг сайжруулахын тулд уг хуулийн төслийг боловсруулсан хэмээн төсөл санаачлагч танилцуулгадаа онцолсон. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийллээ.

Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал хуулийн төсөлд газар тариалангийн үйл ажиллагаа эрхлэгчдэд олгож буй боломж, нааштай эрх зүйн зохицуулалт бий эсэх, атаршсан газруудад хянан баталгаажуулалт хийж, тэдгээр газрын тодорхой хэсэгт ногоон тэжээл тарих нөхцөлийг бүрдүүлэх, газар тариалангийн бүсээ дагуулж эрчимжсэн мал аж ахуйг хэрхэн уялдуулах талаар, Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат өвөлжөө, хаваржаандаа гэр бүлийн хэрэгцээнд зориулж хүнсний ногоо тарих газрын хашаажуулалт, үүний улмаас үүсэх бэлчээрийн маргааныг төсөл санаачлагчид хэрхэн тооцсон, эсэхийг тодруулж байлаа.

Төсөл санаачлагч гишүүн Н.Ганибал хариултдаа, энэхүү хуулийн төсөл нь малчид, тариаланчид, ногоочдын боломжийг нь нэмэгдүүлэхэд чиглэсэн гэдгийг дурдахын зэрэгцээ атаршсан талбайг иргэн, аж ахуйн нэгжүүдийн мэдэлд очсон ч ногоон тэжээлүүдээ тарихгүй байна. Гэтэл үүний цаана малчдын хэрэгцээт ногоон тэжээлийн асуудал шийдэгдэхгүй байгаа юм. Энэхүү хуулийн төслөөр бэлчээрийн мал аж ахуйг, эрчимжсэн мал аж ахуйтай хэрхэн хослуулах эхлэлийг бага хэмжээгээр нэмэгдүүлнэ гэв.

Харин төсөл санаачлагч гишүүн Ж.Бат-Эрдэнэ, “Хуулийн төсөлд иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан нэг удаа үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ хувийн гэр, орон сууцны зориулалтаар 0,07 га, өвөлжөө, хаваржааны зориулалтаар 1,5 га-аас тус тус илүүгүй байна гэсэн заалтыг тусгасан. Өөрөөр хэлбэл, шинээр өвөлжөө, хаваржааны зориулалтаар олгож буй газар нь 1,5 га-аас илүүгүй байна гэсэн өөрчлөлт оруулсан. Түүнчлэн төсөлд энэ хуулийн 52.7-д заасан өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар эзэмшиж буй иргэн эзэмшлийн газартаа гэр бүлийн хэрэгцээнд зориулж төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, таримал ургамал тариалж болно гэсэн заалт оруулсан” хэмээн нэмэлт тайлбарыг өгөв.

Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ цаашдаа атаршсан талбайг эргэлтэд оруулахад анхаарах шаардлагатай гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир бэлчээр хашаажуулах асуудлыг хэлэлцүүлгийн явцад Ажлын хэсэг дахин нухацтай ярилцах нь зүйтэй гэсэн саналыг хэлж байлаа.

Ингээд хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 54.5 хувь нь дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсон.

Үргэлжлүүлэн Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв.

Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 22 гишүүнээс 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд, Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нарын 5 гишүүнээс 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсүүд, Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр нарын 5 гишүүнээс 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр өргөн мэдүүлсэн Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгтгэн Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэх хангах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Уг тогтоолын төсөлд Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн ахалж, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, С.Ганбаатар, Н.Ганибал, Ц.Идэрбат, Ц.Мөнх-Оргил, Ц.Сандаг-Очир, Б.Жаргалмаа нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар тусгасан байсан.

ШИНЭ МЭДЭЭ