2023.07.03
Эдийн засаг, Худалдаа

Ж.Батжаргал: Монголын эдийн засаг заяагдмал баялаг дээр тулгуурлагдчихсан төрийн өмчит компаниуд дээр тогтож байна. Сахилгыг сайжруулах хэрэгтэй!

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.07.03/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2022 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, "Монгол Улсын 2022 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг хийлээ.

 Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал: 

Төсвийн үндсэн үзүүлэлтүүдээ харахаар төсвийн хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах чиглэлд ЗГ-ыг гайгүй ажилласан юм уу гэмээр “үр дүн” харагдаад байгаа. Дотор нь нарийсгаад үзэхээр бидэнд асуудал байх шиг. Бид нэгдсэн төсөвтэй улс. Гэхдээ улсын нэгдсэн төсөв, орон нутгийн гэсэн хоёр ангилалтай яваад байгаа.

Нэгтгээд харахаар гайгүй харагдаад байгаа хэр нь, эдгээр хоёрын хоорондын харьцаан дээр асуудал үүсээд байх шиг. Төсвийн хүрээний мэдэгдэл, төсөөллийг хангахад нэгдсэн төсөвтэй улс орны хувьд, 2 шатлалын төсвийг ямар байдлаар хариуцлагажуулж хооронд уях вэ гэдэг ихээхэн чухал. Энэ тал дээр Үндэсний Аудын газар ямар бодлого чиглэл барьж байна вэ?

Гадаад өр өмнөх жилээс 5 ихнаяд төгрөгөөр өссөн байна. Үүнээс 4,4 ихнаяд төгрөг нь ханшийн зөрүүнээс болжээ. 0,6 орчим ихнаяд төгрөг нь төсвийн тэнцлийн алдагдлыг санхүүжүүлэхэд ашиглав. 2,4 ихнаяд төгрөгийн алдагдалтай төсөв баталснаас 800 орчим тэрбум төгрөгийг нь гадаад хөрөнгийн эх үүсвэр ашиглаад нөхөж болох чиглэл өгөгдсөн байна. Гадаад өр зээлийн асуудлыг бодитой харж, бууруулах талын арга хэмжээ авахгүй бол хугацаа уртсаж, өртөг хямдарч байгаа ч ханшийн зөрүү дээр өртөгжилт үүсгээд байна. Нэг ам.доллар 500 гаруй төгрөгөөр нэмэгдчихээр авч ашиглаж байгаа зээлийн өртөг 10 гаран хувиар нэмэгдчихээд байна.

Үүнийг бууруулахад хэрхэн ажиллах вэ? Монголын эдийн засаг заяагдмал баялаг дээр тулгуурлагдчихсан төрийн өмчит компаниуд дээр тогтож байна. Сахилга хариуцлагыг сайжруулах хэрэгтэй!

Түүний асуултад, Үндэсний Аудитын газрын дарга С.Занданбал хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ