Мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөрийг малчдад танилцууллаа
2023.07.03
Орон нутгийн хөгжил

Мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөрийг малчдад танилцууллаа

Төв аймгийн Баянцагаан сумын малчдын зөвлөгөөнд оролцож, УИХ-аас мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөрийн талаар танилцуулаа.

Хөдөө орон нутагт тулгамдаж буй гол асуудал болох бэлчээрийг ашиглах, хамгаалахтай холбоотой эрх зүйн харилцааг сайжруулахаар УИХ-д өргөн мэдүүлсэн хуулийн төслийнхөө үзэл баримтлалыг мөн танилцууллаа. Малчдын гол амьжиргаа болж буй малын ашиг шимийг нэмэгдүүлэх, Баянцагаан хэвшлийн хонины үйлдвэрлэг чанарыг сайжруулах талаар малчид, иргэдтэйгээ санал солилцлоо.

Мөн энэ хаврын чуулганаар төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр, тэтгэмжийг үе шаттай нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн талаар, мөн малчдын нийгмийн баталгааг хангах чиглэлээр Нийгмийн даатгалын багц хуульд тодорхой зохицуулалт тусган, хэлэлцэж байгаа талаар мэдээлэл өглөө. Өнгөрсөн 5 дугаар сард суманд ажиллах үеэр сургуулийн их засварын ажлыг хийлгэхэд шаардагдах санхүүжилтийг шийдвэрлэхээр анхаарч ажиллаж байгааг дуулгалаа.

Дашрамд саяхан ашиглалтад орсон ХХ зууны манлай хурд музейтэй танилцан, Баянцагаан сумаас төрийн наадам түрүүлж, айрагдсан хурдан хүлгүүд, алдарт уяачдын амжилтын түүхэн үзвэрүүдийг үзэж сонирхлоо.

ШИНЭ МЭДЭЭ