Цар тахлаас хойш анх удаа Монгол Хятадын тээврийн сайд нар биечлэн уулзлаа
2023.06.17
Гадаад харилцаа

Цар тахлаас хойш анх удаа Монгол Хятадын тээврийн сайд нар биечлэн уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын сүүлээр БНХАУ-д албан ёсны айлчлал хийх гэж байна. 

Тэгвэл энэ айлчлалын бэлтгэл хангах ажлын хүрээнд УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өнөөдөр /2023.06.16/ БНХАУ-ын Тээврийн сайд Ли Шяопэнтэй уулзаж айлчлалд өндөр  хувь нэмэр оруулж, үр дүнд хүргэх талаар хэлэлцлээ.

Уулзалтын үеэр талууд Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлалын өмнө хоёр улсын Засгийн газар хоорондын автотээврийн хэлэлцээрийг шинэчлэн байгуулахад бэлэн болж, Шивээхүрэн-Сэхээ боомтын төмөр замын барилгын ажил эхлээд байгааг онцолсон байна.

Мөн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын ТЭЗҮ, зураг төслийг боловсруулж, баруун болон зүүн босоо чиглэлийн төмөр замыг барих гүйцэтгэгчтэй хөрөнгө оруулалтын гэрээ байгуулаад байгааг дурдлаа.

Түүнчлэн Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд АН-3, АН-4 чиглэлийн авто замаар ачаа тээвэрлэлтийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүссэн байна.

Тэрчлэн хоёр улсын агаарын тээврийн харилцааг идэвхжүүлэх талаар санал солилцлоо. Уулзалтаар хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа улам эрчимтэй хөгжиж буй энэ цаг үед, төрийн дээд түвшний айлчлалаар дорвитой үр дүн гаргаж, өсөн нэмэгдэж буй худалдааны эргэлтийг хангах, төмөр зам, авто замын холболтуудыг хөгжүүлэх, хилийн боомт, орц гарцуудыг нэмэгдүүлэх, нэвтрүүлэх чадвар, дэд бүтцийг сайжруулахад онцгой анхаарч, тодорхой томоохон ажлуудыг хийж хэрэгжүүлэх шаардлагатай гэдэг дээр сайд нар санал нэгдлээ.

Ташрамд дурдахад сүүлийн арав гаруй жил Монгол Хятад хоёр орны хооронд төрийн өндөр дээд хэмжээний айлчлалууд цөөнгүй болж байсан ч айлчлалаар яригдсан, харилцан амласан зарим асуудлууд тодорхой үр дүнд хүрэлгүй хэрэгжилт нь удааширч байсан гашуун сургамжийг давтахгүй байхад талууд онцгой анхаарч байна.

Тиймээс Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийх албан ёсны айлчлал хоёр талын худалдаа эдийн засаг, зам тээврийн харилцааг шинэ шатанд гаргаж дорвитой ахиц гаргана гэсэн хүлээлт өндөр байна.

ШИНЭ МЭДЭЭ