Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн Д.Өнөрболор:
ҮХНӨ, Улс төрийн намын тухай хууль, Сонгуулийн хууль нь зэрэг багцлагдан орж ирж гэмээ нь улстөрийн суурь тогтолцоо шинэчлэгдэнэ хэмээн харж байна. Улс төрийн намын тухай хууль ямар шатандаа явна, хэзээ хэлэлцүүлэгт бэлэн болох вэ?
Монгол Улсын иргэн төрийн үйл хэрэгт төлөөлөлдөгчийн байгууллагаар дамжуулан шууд оролцон төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. Ардчиллын үнэт зүйл нь сонгууль юм. Үндсэн хуулийн өөрчлөлтийг түүхэн хэмээн нэрлэж байгаагаа амилуулах эсэх нь сонгуулийн хуулийн өөрчлөлтөөр шийдэгдэх ёстой.
Гэтэл сонгуулийн хуулийн орж ирж байгаа төслөөр харвал голдуу зохион байгуулалттай холбоотой төрийн байгууллагуудын чиг үүргийг агуулгаар оруулж ирсэн байна. Тэгэхээр нөгөө л нэг тэгш бус байдал, авлига хээл хахууль, мөнгөнөөс хамааралтай сонгууль гэхчлэн засагдахааргүй нөхцөл байдалтай байна. Энэ хуулиар нэр дэвшигчдэд тавигдах шалгуур, тэр дундаа жагсаалтыг эрэмбэлэхэд нам, эвсэлд тавигдах шаардлага, жагсаалт нээлттэй байх ёстой. Жагсаалтад ёс зүйтэй, хариуцлагатай, мэргэшсэн, ур чадвартай төлөөлөгч сонгох боломжийг ард иргэдэд олгох ёстой. Тиймээс энэ бүхэн сонгуулийн бодит хэмжүүр байх учиртай.
Нэр дэвшигч бүр нээлттэй шүүгдэх ёстой. Нийгэмд бүр анхнаасаа нээлттэй байхаар хуульчлах ёстой хэмээн үзэж байна. Эрх мэдэлтэй, мөнгөтэй мөн олон дам шалтгаанаар нэр муу, ёс зүйгүй, ард түмнийг төлөөлөх эрхгүй төлөөлөл Намуудаас дэмжигдээд УИХ-д орж ирэх вий гэдэг ард иргэдийн сэрэмжлэл, тэдний итгэл үнэмшлийг дархлааг бид хангах үүрэгтэй. Нэг ёсондоо, оюун дүгнэлт ээ хийх өндөр боломжийг тус хуулиар хангах ёстой.
Нээлттэй итгэлцлийн алхмуудыг хийснээр төр, ард иргэдийн итгэлцэл сэргэх гол алхмуудын нэг хэсэг болно хэмээн харж байна. Ажлын хэсэг энэ асуудлыг хуульчлах тал дээр нь анхаарлаа хандуулна уу.