2023.06.08
Улстөр
С.Бямбацогт: Дарга нарыг дагаж гүйдэг хүмүүс жагсаалтад орох ёсгүй
Монгол Улсын Их хурлын /2023,06,08/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт:
Сая Их Хурлын дарга хэллээ. Их Хурлын гишүүн төрийн түшээ, ард түмнийг төлөөлөх эрх бүхий хүн ямар байх ёстой. Ямар шалгуур, шаардлагыг хангасан байх тал дээр маш тодорхой үг хэлсэн. Яг ийм л хүн байх ёстой. Хууль зөрчдөггүй, хулгай хийдэггүй. Хийсэн ажилдаа хэлэх үгтэй, өөрийн төлөө бус өрөөл бусдын төлөө ажилладаг. Төр ард түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж чадна гэж биеэ засчихсан, төрөө засалцах хүн байх ёстой.
Их Хурлын Гишүүн гэх албан тушаал, эрх мэдлийг хувийнхаа ашиг сонирхлын төлөө гүйцэлдүүлэх гэж зорилго тавьж орж ирдэг иймэрхүү хүмүүс Монгол төрийн босгоор дахиж битгий алхаасай. Ийм хүмүүс алхдаг байсан учраас өнөөдөр Монгол төрийн нэр хүнд унасан. Ингэж орж ирчихээд ажилладаг учраас Их Хурлын гишүүн болох гэж хүн бүр дурладаг болсон. ҮХНӨ-өөр 126 болж байгаагийн цаана гишүүдийн эрх мэдэл буурч, хумигдаж байгаа. Цаашдаа гишүүн болоход дурладаг хүн цөөхөн болно.
Төр ард түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж чадна гэсэн хүмүүс л орж ирдэг болно. Энэ ч үүднээс 78 гишүүн бол тойргоос ард түмэнд нүүрээ улайлгаж, нүдээ бүлтийлгэж, амлалтаа аваад, хийсэн ажлаа тайлагнаад, хийх хэрэгжүүлэх ажлаа амлаад, зорилго зорилтоо танилцуулаад, мөрийн хөтөлбөрөө дэвшүүлээд сонгогдох байх. Ард түмэн эмэрч үзэж байгаад сонгоно.
Миний хувьд жагсаалтаар дэвшихгүй. Тойргоосоо нэр дэвшинэ. Ард түмэнд дүнгээ тавиулна гэж бодож байгаа. Гэхдээ 48 гишүүн хувь тэнцүүлэх пропорционалиаараа сонгогдчихож байгаа. Намын жагсаалт дугуйлаад ард талд нь нэрийг нь цагаан толгойн дарааллаар гэх юм уу намаас, бага хурлаас жагсаасан жагсаалтаар гэх юм уу. Ямар байдлаар дэвшүүлэх гээд байгаа юм. Ийм байдлаар карманы хүмүүсийг дэвшүүлдэг, хаалгаар биш тооноор, мөнгөтэй нь, дарга нарыг дагаж гүйдэг нь орж ирдэг жагсаалт байх ёсгүй.
Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
С.Бямбацогт: Нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгааг намын сонгууль эрхэлсэн байгууллага хариуцна гэсэн байна. Жагсаалтад хэн, яаж орох нь тодорхойгүй байна.
ШИНЭ МЭДЭЭ
“АЛДАР”-ЫН АЛДАРТНУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2024.09.24
УУГАН ХОРОО УЛААН ТУГИЙН ОДОНГОО ИХЭРЛҮҮЛЛЭЭ
2024.09.24