Чүлтэм

Батсүх

Албан тушаал
Шинжлэх Ухааны Академийн Технологийн Инкубатор Төвийн захирал
Мэргэжил
Физикийн ухааны магистр
Салбар
Боловсрол, Соёл, спорт, залуучууд
Туршлага
23 жил
Мөнгөн усыг хууль бусаар хэрэглэсээр л байна
2023.04.27
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт

Мөнгөн усыг хууль бусаар хэрэглэсээр л байна

Өнөөдөр нийслэлийн хөрс хамгаалах өдөр. 2017 оноос энэ өдрийг хөрсний бохирдлыг зогсоох, хамгаалах, иргэдийн мэдлэг боловсролыг сайжруулах, салбарын ололт амжилт, тулгамдсан асуудалд шийдэл эрэлхийлэн тэмдэглэж байна.

Хөрс нь хүнд металл, экологийн бохирдол, хүний үйл ажиллагаанаас улбаалан доройтож, хүн, амьтан, байгаль орчинд сөрөг нөлөөг үзүүлдэг. Хөрсийг хамгийн бага зардлаар сэргээн төлжүүлэх арга нь тухайн хөрсний ашигтай бактерийг үржүүлэх, хүнд металлаар хооллодог цэцэг ургамлыг тарих юм.

Нийслэлийн байгаль орчны газар, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв, Шинжлэх ухааны академийн технологийн инкубаторын газрууд нийслэлийн хөрсний бохирдлыг бууруулах технологийн дэвшил, шууд хэрэгжих арга хэмжээний тухай ойлголтоо нэгтгэх зорилгоор илтгэл танилцуулав.


Хөрсийг бүрэн эрүүлжүүлэхэд наанадаж арван жил ордог.

Нийслэлд хөрс бохирдуулдаг томоохон хоёр хүчин зүйл байгааг Монголын байгаль орчин, аюулгүй байдлын төв ТББ-ын захирал, доктор Н.Эрдэнэсайхан тайлбарлаа. Тэрбээр “Арьс ширний үйлдвэрүүд мөнгөн усны хэрэглэдэг тул хөрс хүнд металлаар бохирддог. Хуулиар хориглосон ч мөнгөн усыг хулгайгаар ашигладаг алтны наймаачид, урлаачид, худалдаачид бий. Мөнгөн ус хэрэглэхэд агаарт ууршиж, эргээд хөрсөнд шингэдэг. Урлаачийн гараас худалдааны цэг бүрд ууршиж байдаг. Тэдний гэр бүл, үр хүүхдүүдийн эрүүл мэндэд шууд хортойгоор нөлөөлдөг.

Хөрс ямар ч замаар бохирдсон байлаа заавал цэвэршүүлж, эрүүлжүүлэх шаардлагатай. Нийслэлд нөхөн сэргээлт, сайжруулалт үзэгдэхгүй юм. Нүүлгэн шилжүүлэлт хийх шаардлага байхгүй. Ингээд байсаар байвал үргэлж орчноос нь өмхий үнэртэж, бактериар хооллож хордоно.

Газар олдвол л барилга барьж байна. Доорх хөрсийг нь эрүүлжүүлэхгүй болохоор олон хүний эрүүл мэндэд заналхийлдэг. Хөрсийг бүрэн эрүүлжүүлэхэд наанадаж арван жил ордог. Тиймээс мөнгөтэй компаниуд дор нь барилгаа барихыг боддог. Энд төрийн бодлого зохицуулалт, хуулийг чанд мөрдүүлэх шаардлага өндөр байна” гэсэн юм.

Манай улс хөрсний аюулгүй байдал, чанарт судалгаа хийдэг ч нэгдсэн мэдээллийн сангүй. Учир нь эрдэмтэд, төрийн бус байгууллагууд хувийн эрдмийн ажилд зориулан сайн дураар судалдаг байна. Хөрсний доройтлыг сайжруулах аргачлал, зөвлөмж боловсруулаад хэрэгждэггүй шалтгаан нь энэ аж.

Иймд Нийслэлийн байгаль орчны газраас хөрс хамгааллын дорвитой ажлыг тогтмол өрнүүлэхэд нэгдсэн мэдээллийн сантай, хариуцагчтай болгож урт, дунд, богино хугацааны ажлаа төлөвлөхөөр зорьжээ. Энэ санаачилгаар энэ онд таван хүний бүрэлдэхүүнтэй хөрс хамгааллын хэлтэстэй болсон байна.

Тус салбарын алба нэгж, төрийн бус байгууллага, эрдэмтдийн судалгаа, одоо хэрэгжиж байгаа ажлын тухай нэгдсэн ойлголттой болсноор бүртгэх, албажуулахаас ажлаа эхэлнэ.


Шинжлэх ухааны академийн Технологийн инкубаторын захирал Ч.Батсүх “Бид 2009 оноос экологийн тэнцвэрийг дэмжих, байгалийн гаралтай таван нэр төрлийн хуурай, шингэн бүтэцтэй био бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.

Ашигтай бичил биетний технологиор хөрс эрүүлжүүлэх, лаг хоргүйжүүлэх, ахуйн бохир ус цэвэршүүлэх үйлчилгээтэй бүтээгдэхүүнийг туршаад нийтийн хэрэглээнд нэвтрүүллээ.

Гэр хорооллын ил жорлон, бохирын нүхэнд ялаа шавах, бактери үржих, эхүүн үнэр гарах, агаарт ууршдаг асуудлыг урвалын аргаар зогсоодог. Гүний ус бохирдох, болзошгүй халдваруудаас сэргийлэх боломжтой.

Мөн гэр бүлийн зориулалттай, төв цэвэрлэх байгууламжид холбогдоогүй, бохир усны цооног дахь бохир усыг цэвэршүүлж, зүлэг ногоо услах зэргээр ашиглаж болно. Хөрсний ашигтай бичил биетний биобэлдмэлийн хувьд хөрсийг өөрөөр нь нөхөн төлжүүлж, сэргээж, ургамал ургахад таатай шимт орчныг бүрдүүлдэг. Лаг задлах, малын сэг зэм, хогийн цэг ариутгах, газар тариалан эрхлэх, уур уурхайн биологийн нөхөн сэргээлтэд ашиглана.

Эдгээрийг сүлжээ дэлгүүрээр худаалж эхэлсэн. Хэрэглээндээ тохируулаад хэн ч хэрэглэж болно. Ихэнх бүтээгдэхүүнийг усаар шингэлж шүршиж хэрэглэнэ. Сарын дараа өөрчлөлтүүд гарна. Иргэд мэргэжлийн байгууллагад хандан, амьдардаг орчныхоо хөрсийг шинжлүүлээд манай бүтээгдэхүүнийг хэрэглэсний дараах үр дүнгээ хянах боломжтой” гэв.

Хөрсний хүнд металлыг бууруулах дараах аргачлалыг хуваалцлаа.


Хөдөө аж ахуйн их сургуулийн профессор Т.Оюунчимэг “Хөрсөнд хүний үйл ажиллагаа, байгалийн чулуулгийн тогтцоос хамааран хүнд металл үүсдэг.

Өөрөөр хэлбэл үнэт чулуулаг буюу уул уурхайн олдворууд хүнд металлыг хөрсөнд нэвчүүлдэг тул сөргөөр үнэлэх аргагүй.

Энэ тохиолдолд хуулийн дагуу олборлолт хийсний дараа нөхөн сэргээх нь зүйтэй. Хүний үйл ажиллагаанаас хамааран хүнд металлаар бохирдсон бол даруй арга хэмжээ авах хэрэгтэй.

Хөрсөнд ямар нэгдэл их байхаас хамаарч тэдгээрээр хооллодог ургамал их ургана гэсэн үг. Тэгвэл хүнд металл их байвал түүгээр хооллох чадвартай, боломжтой бол эдийн засагт өгөөжтэй ургамал тарьж хөрсний бохирдлыг тэнцвэржүүлэх боломж бий.

Тухайлбал хар тугалга, хүнцэл зэрэг хүнд металлыг аль ургамал илүү шингээж байгааг туршсан. Бид Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламж болон Сэлэнгэ аймгийн Мандал суманд хөрсний бохирдлыг судалсан. Рапс, эрдэнэ шиш, хошоонгор, гурвалжин будаа, наранцэцэг буудай, олон наст царгас гэсэн долоон төрлийн ургамал тарьсан юм. Үр дүнд нь 21-90 хувиар хүнд металлыг шингээсэн” гэв.

Өнөөдрийн хэлэлцүүлж байгаа асуудлууд байнга л яригддаг, хэрэгждэггүй, судалгаа төдийхний явцтай байдгийг яаравчлан ажил хэрэг болгох, иргэдэд ухамсарлуулах хэрэгтэйг эрдэмтэд онцоллоо.