Чүлтэм

Батсүх

Албан тушаал
Шинжлэх Ухааны Академийн Технологийн Инкубатор Төвийн захирал
Мэргэжил
Физикийн ухааны магистр
Салбар
Боловсрол, Соёл, спорт, залуучууд
Туршлага
23 жил
Хөрс хамгаалах хуультай болох шаардлагатай байна
2023.06.05
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт

Хөрс хамгаалах хуультай болох шаардлагатай байна

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 149 дүгээр тогтоолоор жил бүрийн 5 дугаар сарын эхний 7 хоногийг “Хөрс хамгаалах үндэсний өдөр” болгон тэмдэглэж байхаар тогтоосонтой холбогдуулан хөрс хамгааллын асуудал, хөрсний бохирдол, нөхөн сэргээлтийн технологийн шийдлийн талаар ШУА-ийн ХХТХ-ийн Технологийн Инкубаторын захирал Ч.Батсүхтэй ярилцлаа.

Засгийн газрын тогтоолоор “Хөрс хамгаалах өдөр”-тэй боллоо. Энэ талаар ярилцлагаа эхлэх үү.

Хөрс хамгаалах өдрийг тохиолдуулан бид Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтран хөрс хамгаалах чиглэлээр хэлэлцүүлэг, өдөрлөг, үзэсгэлэн зэрэг олон үйл ажиллагааг зохион байгууллаа. Эдгээр арга хэмжээнүүдийн үр дүнд үндэслэн “Хөрс хамгаалах өдөрт зориулан гаргасан зөвлөмж”-ийг төр засгийн холбогдох байгууллага, нийт аж ахуйн нэгжүүдэд хүргүүлсэн. Манай байгууллагын зүгээс Нийслэлийн дүүрэг бүрийн иргэд, хороо, хэсгийн ахлагч нарт хөрс хамгаалах тодорхой технологи, бүтээгдэхүүний танилцуулга хийж байна.

Цаашид зөвхөн Улаанбаатар хотын хөрсний бохирдлоор тогтохгүй нийт Монгол орны хэмжээнд, ялангуяа, уул уурхайн нөлөөгөөр маш их ухсан нүх, шороо үүсч байгаа, газар тариалангийн талбайн хөрс маш ихээр эвдэрч үржил шим нь буурч байгаа, мал аж ахуйд бэлчээрийн даацтай холбоотойгоор бэлчээрийн талхагдал ихэссэн, байгалийн болон хүний хүчин зүйлийн нөлөөгөөр цөлжилт улам ихсэж байгаа энэ үед хөрс хамгаалах өдөртэй болсон нь маш чухал шийдвэр болсон гэж бодож байна.

Хөрсний доройтол энэ хэвээр үргэлжилбэл цаашид ямар дүр зураг төсөөлөгдөж байна вэ?

Миний хувьд болон хөрсний чиглэлээр олон жил судалгаа хийсэн эрдэмтдийн төсөөллөөр цаашид энэ янзаар 40-50 жил үргэлжилбэл манай орны ихэнх нутагт мал бэлчих бэлчээргүй, тариа тарих талбайгүй, ухсан нүх, овоолсон шороо, хэрсэн зам болж үлдэхээр байна. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хот үндсэндээ хөрсгүй болсон ба газар шорооны бохирдолд нэрвэгдээд байна. Ийм учраас цаашид төр засаг хөрс хамгаалах чиглэлээр хууль, тогтоол боловсруулан дорвитой арга хэмжээ авч ажиллах нь зүйтэй. Нөгөө талаар хөрс хамгаалал, хөрсний бохирдлыг бууруулах, үржил шимийг сайжруулах, нөхөн сэргээх технологийн шийдлийг дэмжин ажиллах шаардлагатай байна.

Нийслэл хот маань хөрсгүй боллоо гэж та хэллээ. Нийслэл хотын хөрсний бохирдлын өнөөгийн түвшин ямар байна вэ?

Хотын хөрсний бохирдолтын ерөнхий түвшин Улаанчулуут, Дарь-эхийн хогийн цэг, Урьдчилан цэвэрлэх байгууламж, Нарантуул зах, Шархадны автомашины зах, III-IV цахилгаан станц, Дэнжийн мянга, Хайлаастын ам, Шарга морьтын зуслангийн адаг, 100 айл орчим, техникийн захууд, зарим шатахуун түгээх станц, шатах тослох материал зардаг цэгүүд, ил задгай бараа болон хүнсний захууд зэрэг газруудад онцгой их бохирдолттой гэсэн зэрэглэлд хамаарагдаж байна. Цэвэршүүлэх, урьдчилан сэргийлэх талаар ямар ч дорвитой арга хэмжээ авч явуулахгүй байна. Мөн бид хөрсний бохирдлыг эх үүсвэрээс нь хамааруулан олон судалгаа хийсэн. Судалгааны дүнгээс үзэхэд Улаанбаатар хотын судалгаанд хамрагдсан нийт хөрсний дээжийн 80 хувь нь нянгийн бохирдолтой, тодорхой газруудад хүнд металлын бохирдол их байгаа нь тогтоогдоод байна.

Өнгөрсөн өвөл Улаанбаатар хот агаарын бохирдлын хэмжээгээр дэлхийд нэлээд дээгүүр бичигдсэн. Утаанд агуулагдах хорт бодисууд хөрсний бохирдолд нөлөөлөх үү?

Мэдээж шууд нөлөөтэй. Агаар, хөрс, ус гурав хоорондоо нягт холбоотой. Утаанд агуулагдах хорт бодисууд, тоосонцрууд хөрсөнд бууж хөрсний өнгөн хэсэгт бохирдол үүсгэн цаашлаад хөрсөнд шингэж гүний усыг бохирдуулах аюултай. Хөрс эрүүл байж хүнс эрүүл байна, хүнс эрүүл байж хүн эрүүл байна шүү дээ.

Ер нь хөрсний бохирдол хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж, ямар өвчлөлүүд үүсгэдэг вэ?

ДЭМБ-ын судалгаанаас харахад жил бүр 1.7 сая хүн усны бохирдол, ариун цэвэр, эрүүл ахуйтай холбоотой суулгалт өвчний улмаас энддэг гэсэн тоо баримт байдаг. Эдгээрээс 10 хүн тутмын 9 нь бага насны хүүхэд байдаг, эндээс харахад хөрсний бохирдол нь усанд нөлөөлснөөс шалтгаалан арьс салстын үрэвсэл, суулгалт, гэдэсний халдварт өвчин үүсгэдэг нь тодорхой байна.

Манай улс хөрсний бохирдлыг багасгах, урьдчилан сэргийлэх талаар авч хэлэлцэж буй асуудал, явуулж буй үйл ажиллагааны талаар?

Манай орны хувьд байгаль орчны бохирдлын асуудалд онцгой анхаарах цаг нь ирсэн гэдгийг мэргэжлийн байгууллага, эрдэмтэн судлаачдын өргөн хүрээг хамарсан судалгааны үр дүнгүүд илтгэдэг.
Байгаль орчны бохирдлыг зогсоож, хүн амын эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх талаар цогцоор нь шийдвэрлэх, шийдвэрлэж амжаагүй ажлуудын эхлэлийг нь зөв тавих, хууль, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх цаг нь болсон.

Эрдэмтэн судлаачдын хувьд байгаль орчны бохирдол, урьдчилан сэргийлэх, шийдвэрлэх арга зам, зөвлөмж, тодорхой технологийн шийдлүүдийг төрийн байгууллагуудад хүргүүлсээр ирсэн.

Бохирдлыг бууруулах ямар арга зам, технологи байна вэ?

Мэдээж дэвшилтэт технологи нэвтрүүлэх шаардлагатай, дээр нь хөрсний бохирдлыг бууруулах, бохирдлоос хамгаалахад ард иргэд болон аж ахуйн нэгж, төр засгийн идэвхтэй оролцоо, мөн хөрсний бохирдлын уршгийн талаарх ойлголтыг иргэдэд өгөх нь маш чухал юм. Бид хөрсний бохирдлыг бууруулах, хөрсийг бохирдлоос хамгаалах байгальд ээлтэй, дэвшилтэт технологийг боловсруулж, цуврал бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэн хэрэглээ болгон хэвшүүлэхээр ажиллаж байна.

Та хэрэглээ болгохоор ажиллаж байгаа байгальд ээлтэй, дэвшилтэт технологийн талаараа танилцуулаач.

Дэлхий нийтээрээ ногоон хэв загварт шилжиж тогтвортой хөгжлийг бий болгоход эрмэлзэж байгаа өнөө цагт шинжлэх ухааны ололт, дэвшилтэт технологийн байгаль орчинд үзүүлэх хор хөнөөлийг нь хэрхэн хамгийн бага түвшинд хүргэх арга замыг эрэлхийлж байна.

Энэхүү шалгуурт тэнцэх технологи нь дэлхийн олон оронд нэвтэрч, байгаль орчны чиглэлээр үр дүнтэй ашиглагдаж байгаа Ашигтай бичил биетээр үйлчлүүлэх аргад суурилсан дэвшилтэт технологи юм.

Ашигтай бичил биетний технологийн бэлдмэлийг товч танилцуулахад микробиологийн гаралтай технологи бөгөөд хүрээлэн буй орчинд тархсан ашиг тустай, эерэг нөлөө бүхий зуу гаруй төрөл зүйлийн амьд бичил биетэнг өөртөө агуулсан бэлдмэл юм. Уг биобэлдмэл нь хэрэглэхэд хялбар, эдийн засгийн хувьд хэмнэлттэй, биологийн гаралтай, байгаль орчинд ээлтэй, хүний эрүүл мэнд болон биологийн олон янз байдалд сөрөг нөлөөгүй, өнөө цаг үеийн үзэл баримтлалд нийцсэн бэлдмэл юм. Ийм учраас энэхүү биобэлдмэлийг албан байгууллагууд ард иргэд хэрэглэж хэвшиж, эрүүл орчинд амьдрах нөхцлөө өөрсдөө бүрдүүлэх боломжтой юм. Мэргэжлийн эрдэмтэдтэйгээ хамтран манай орны хөрсөнд зохицон амьдрах чадвартай бичил биетний цэвэр өсгөврийг ялган аваад байгаа нь бидний бас нэг ололт юм.

Энэхүү биобэлдмэл нь бохирдсон хөрсөнд яг яаж үйлчлэх вэ?

Хэдийгээр хөрс бохирдсоныхоо дараа тодорхой хугацаанд эргээд өөрийгөө цэвэршүүлэх чадвартай байдаг ч хөрсний бохирдлын хэмжээнээс хамааран энэ чадвар нь алдагддаг. Хэдэн саяар тоологдох амьд бичил биетнүүдийг өөртөө агуулсан ашигтай бичил биетний бэлдмэлийг бохирдсон хөрсөнд хэрэглэхэд газрын хөрсөнд байх дарангуйлагдсан унаган бичил биетнүүдийн хэвийн үйл ажиллагааг дэмжин тэтгэж улмаар экосистемийн тогтвортой байдлыг хадгалах замаар хөрсний өөрөө цэвэрших процессийг нэмэгдүүлдэг юм.

Танай Гарааны компани ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна, үйл ажиллагаа явуулахад ямар хүндрэл, давуу талууд байна даа?

Манай Гарааны Технологийн Инкубатор ХХК нь инновацийн хуулийн дагуу байгуулагдсан анхны Гарааны компани юм. Компаний үндсэн үйл ажиллагааны чиглэл нь микробиологи, биотехнологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, худалдаалах, ногоон байгууламж, байгаль орчны чиглэлээр ажилладаг юм.

Инновацийн хууль бол эрдэмтэн судлаачдын судалгааны ажлын үр дүнд бий болсон оюуны бүтээлийг дэмжин, түүнийг хэрэглээнд нэвтрүүлэхэд зориулагдсан хууль юм. Хуульд зааснаар Гарааны компани нь энгийн компанитай харьцуулбал төрөөс гааль, татвартай холбоотой 3 жилийн хугацаатай хөнгөлөлтийн тодорхой давуу боломжууд байгаа боловч хөрөнгө санхүүжилт, дэд бүтэц, оюуны өмчтэй холбоотой гол заалтууд болон холбогдох журмууд батлагдахгүй, батлагдсан нь хэрэгжихгүй удаж байгаа нь гол хүндрэл саад болж байна. Цаашид төр засаг шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэл, инновацийг илүү өндөр түвшинд эрчимтэй хөгжүүлэхийн тулд инновацийн хуультай холбогдох журмуудыг яаралтай баталж, холбогдох төрийн байгууллагууд хэрэгжүүлж ажиллах шаардлагатай байна. Мөн хуулийг амьдралд хэрэгжүүлэхэд төрийн байгууллагуудын хоорондын ажлын уялдаа холбоо чухал байна.

Энэ технологи бидний өмнө тулгараад байгаа хүндрэлтэй асуудлыг шийдэх гарц мөн үү?

Хөрсний бохирдлыг саармагжуулах, ариутган халдваргүйжүүлэхийн тулд биологийн бактерийг ашиглах нь хамгийн үр дүнтэй арга юм гэдгийг онцолж хэлмээр байна. Энэ аргад суурилсан технологи бол яах аргагүй Ашигтай бичил биетний технологи юм. Манай оронд энэхүү Ашигтай бичил биетний буюу EM технологи нэвтрээд даруй 8 жилийг үдэж ард иргэдийн дунд аль хэдийн танил болсон. Өнгөрсөн хугацаанд энэхүү технологийг нэвтрүүлж, нутагшуулах өргөн хүрээг хамарсан туршилт судалгааны ажил, үйлдвэрлэлийн процесс, түүнчлэн иргэдэд таниулах сурталчлах ажлуудыг Технологийн Инкубатор төв эрчимтэй хийж гүйцэтгэж ирлээ.

Ашигтай бичил биетний технологиор хийсэн туршилт судалгааны ажлаасаа товч танилцуулна уу?

Бид өөрсдийн нутагшуулж, үйлдвэрлэж байгаа биобэлдмэлийг ашиглан олон туршилт судалгааны ажлуудыг хийж гүйцэтгэж байна. Эдгээрээс дурдвал төв цэвэрлэх байгууламжийн болон Харгиа цэвэрлэх байгууламжийн бохир ус, бохирдсон лагийг цэвэршүүлэх, хөрсөнд агуулагдах хортой хүнд металлын агууламжийг саармагжуулж, хөрсний бохирдлыг бууруулах судалгааны ажлуудыг хийж, дээжнүүдийг дотоод, гадаадын мэргэжлийн лабораторуудад хийлгэхэд өндөр үр дүнтэй болох нь тогтоогдоод байна.

Уг технологиор гарсан цуврал бүтээгдэхүүнүүдийг одоо ямар ямар салбарт ашиглаж байна вэ?

Аялал жуулчлалын газрууд, тухайлбал, Хөвсгөл нуур, Тэрхийн цагаан нуур, Горхи Тэрэлжийн сав газар орчмын аялал жуулчлалын баазууд, зарим жижиг дунд үйлдвэрийн цэвэрлэх байгууламжууд, зуслан болон гэр хорооллын айл өрхүүдийн жорлон, муу усны цооногт хэрэглэж байна. Мөн газар тариалан, мал аж ахуйд ч өргөнөөр ашиглаж байна.

Танай Технологийн Инкубатор өнгөрсөн хугацаанд хэдэн технологи бойжуулж хэрэглээнд нэвтрүүлээд байна вэ? Сүүлийн үед ямар шинэ бүтээгдэхүүн, технологиуд туршиж байна вэ?

Бид өнгөрсөн хугацаанд байгаль орчин, газар тариалан, мал аж ахуй, жимс жимсгэнэ боловсруулах чиглэлээр 30 гаруй технологиудын туршилт зүгшрүүлэлтүүдийг хийсэн. Эдгээрээс 10 гаруй технологи үйлдвэрлэл, хэрэглээнд нэвтрээд байна. Жишээлбэл, улаанбуудайн ургацыг нэмэгдүүлэх, чанар болон хөрсний үржил шимийг сайжруулах, Монгол орны цаг агаарын нөхцөлд тохирсон “Их ургац” бордоо, мөн ой мод, ургамлын хортон шавжтай тэмцэхэд хэрэглэдэг “ЕМ ургамал” биобэлдмэлүүдийг гарган авч хэрэглээнд нэвтрүүлж эхлээд байна. Өөрөөр хэлбэл бид экспортыг орлох инновацийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа тул холбогдох төрийн байгууллагууд эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудаа дэмжинэ гэдэгт итгэлтэй байна.

Малын гаралтай түүхий эд болох сүү, сүүн бүтээгдэхүүнээр “Хуурайшуулсан ингэний хоормог”, “Ямааны хуурай сүү”, “Шар сүүн бөмбөлөг”, байгалийн баялаг болох чацаргана, жимс, жимсгэнэ, эмийн ургамал зэрэг технологиудыг боловсруулж бүтээгдэхүүнүүдийг гарган аваад байна.

Бойжигдсон олон технологийн бүтээгдэхүүнээсээ зах зээлд гаргаж байгаа юу? Цаашид технологи бойжуулахад тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт, санхүүжилт ямар байна вэ?

Манай оронд шинжлэх ухааны хөгжил удаашралтай байгаа гол шалтгаан нь шинжлэх ухааны санхүүжилт бага байгаатай шууд холбоотой.

Технологийн туршилт зүгшрүүлэлт хийсэн бүтээгдэхүүнүүдийг ихээр үйлдвэрлэж зах зээлд гаргахын тулд хөрөнгө оруулалт буюу санхүүжилт зайлшгүй хэрэгтэй.

Шинжлэх ухааны салбараас зах зээлд нийлүүлэх бүтээгдэхүүнийг хэн гаргах вэ, эрдэмтэн судлаачид л гаргана. Тэдний лабораторид бэлтгэсэн шинэ технологийг үйлдвэрлэлийн түвшинд боловсруулж зүгшрүүлэх нь хамгийн чухал юм.

Ийм учраас бодит хөрөнгө оруулалт, дэд бүтэц бүхий барилга байшин, өндөр үзүүлэлт бүхий орчин үеийн тоног төхөөрөмжүүд байх ёстой бөгөөд ингэснээр Технологийн инкубаторын дэд бүтэц сайжирч эрдэмтэн судлаачдын судалгааны ажлын үр дүнг үйлдвэрлэл, хэрэглээнд нэвтрүүлэхэд том дэвшил гарах юм.