"Арцсуурь боомтоос Нөмрөг сум хүртэлх 167 километр замын ажлыг ирэх оны хөгжлийн төлөвлөгөөнд тусгаж, аль болох хэрэгжүүлнэ"
2023.05.29
Зам, Тээвэр

"Арцсуурь боомтоос Нөмрөг сум хүртэлх 167 километр замын ажлыг ирэх оны хөгжлийн төлөвлөгөөнд тусгаж, аль болох хэрэгжүүлнэ"

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар "Монгол Улсын 2024 оны хөгжлийн төлөвлөгөө батлах тухай" тогтоолын төслийг хэлэлцэв. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баярсайхан "Арцсуурь боомтоор Завханы иргэд махаа борлуулаад оронд нь бензин, хүнсний бүтээгдэхүүнээ авдаг байсан. Харин одоо бол иргэдийн хүсэж байгаа хэмжээнд энэхүү боомт ажиллахгүй байна. Арцсуурь боомтоос Нөмрөг сум хүртэлх 167 километр авто замын ТЭЗҮ-ийг санал өгч, улсын төсвийн хөрөнгөөр зургийг нь хийлгэсэн.

Хөгжлийн төлөвлөгөөнд боомтын сэргэлт гэж оруулсан мөртлөө 167 километр замын ажлыг эхлүүлэх талаар тусгаж болоогүй юм уу? Үүнийг тусгуулах саналтай байна.

Дөнгөж сая Тувагийн талтай уулзаад ирсэн. Боршоо, Хандгайт шиг Арцсуурь боомтыг хөгжүүлмээр байна. Улаангомд Тувачууд очиж, эдийн засгийн хөгжилд нь эерэг үр дүн гаргаж байгаа үед Арцсуурь боомтын замыг анхаармаар байна. Ганцхан Завхан аймаг биш Хөвсгөл, Архангай аймагт ч хамааралтай асуудал. Тиймээс Арцсуурь боомтыг сэргээх нь чухал. Монголын талаас замаа барьчихвал бензин оруулж ирэхээс эхлээд бүхий л талын харилцаа сэргэнэ гэдгийг Туваагийн сайд нар хэлж байна. Зураг төсөл ТЭЗҮ нь бэлэн байгаа 167 километр замын ажлыг эхлүүлж өгөөч" хэмээв. 

Түүний асуултад Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт "Арцсуурь боомтоос Нөмрөг сум хүртэл 167 километр зам тавих ажлыг ирэх оны хөгжлийн төлөвлөгөөнд тусгана. Төсөв санхүүгийн нөхцөл байдлаа харж байгаад аль болох хэрэгжүүлнэ. Боомтын сэргэлтийн хүрээнд Арцсуурь, Нөмрөг чиглэлийн замыг анхаарах ёстой. Таны хэлж байгаа зөв.

Боомтын чиглэлд төр хувийн хэвшлийн түншлэлээр олон зам баригдаж байгаа. Энэ хүрээнд зам барих хүн байвал боломжтой. Өөрөөр хэлбэл, санхүүжилтийн бүхий л эх үүсвэрийн хүрээнд боомтын сэргэлтийн ажлыг хэрэгжүүлнэ" гэдгийг хэллээ. 

ШИНЭ МЭДЭЭ