МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Монгол-Туркийн эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааг эрчимжүүлнэ
2023.05.19
Эрүүл мэнд

Монгол-Туркийн эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааг эрчимжүүлнэ

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Зафер Атешийг хүлээн авч уулзаж хоёр орны найрамдалт харилцаа, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Уулзалтын эхэнд С.Чинзориг сайд БНТУ-ын Засгийн газраас Туркийн Олон улсын хамтын ажиллагааны агентлаг-ТИКА-гаар дамжуулан Монгол Улсын эрүүл мэндийн салбарт хөгжлийн болон техникийн хамтын ажиллагааны дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэнд чин сэтгэлийн талархал илэрхийлээд Монгол Улсын Засгийн газар, БНТУ-ын Засгийн газар хооронд 2004 онд байгуулсан Эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрийг шинэчлэх ажлын явцын талаар мэдээлэл өгөв.

Хоёр улсын эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг бэхжүүлэх, оношилгоо эмчилгээний чадавхыг сайжруулах чиглэлээр төрийн болон хувийн хэвшлийн эмнэлгүүдийн хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд өргөжиж байгаа юм. Манай улсын УНТЭ, УГТЭ, ЭХЭМҮТ зэрэг эрүүл мэндийн байгууллагууд БНТУ-ын эмнэлгүүдтэй хамтран ажиллах санамж бичгийг батлуулан, түүний хүрээнд нэлээд ажил хийж буй талаар сайд дурдав. Мөн тэрбээр Монгол Улсад эмчлүүлэх боломжгүй өвчин эмгэгийг эх орондоо эмчлэх боломж нөхцөлийг бүрдүүлэх, дотооддоо хийж буй эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг хөгжүүлэх, хүрээг нь өргөжүүлэхэд хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжүүлэх, Туркээс нарийн мэргэжлийн эмч нарын мэргэшсэн баг ирүүлж ажлын байрны сургалт явуулах, хамтарсан судалгааны ажил хийх зэрэг хэд хэдэн чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

Түүнчлэн эмч, сувилагчийг урт, богино хугацааны сургалтад хамруулж чадавхийг бэхжүүлэх, шинэ технологи, эмчилгээний арга зүй эзэмшүүлэх, давтан сургах хэрэгцээ шаардлага байгаа тул энэ чиглэлд Турк улстай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Ялангуяа орон нутгийн эмч, сувилагчийг нэн тэргүүнд хамруулах хүсэлтэй байгаагаа ч хэлсэн юм.

ШИНЭ МЭДЭЭ