МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ц.Идэрбат: Алсдаа үйлдвэрлэгч орон болж байж цаашдын хүндрэлийг ажралгүй давна
2023.05.11
Улстөр

Ц.Идэрбат: Алсдаа үйлдвэрлэгч орон болж байж цаашдын хүндрэлийг ажралгүй давна

-70 сая мал бэлчиж байгаа бэлчээр болон 250 мянган малчин өрхийн асуудал туйлын хүнд байна -


УИХ-ын гишүүн Ц.Идэрбаттай ярилцлаа.


-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр орж ирж байгаа хоёр заалтад ямар дүгнэлттэй байна?

-Улс төрийн намын тухай болон Сонгуулийн тухай зэрэг улс орны үйл явдалтай холбоотой хуулиуд УИХ-аар хэлэлцэгдэж байна. Эдгээр хуулийг батлахын өмнө Үндсэн хуулийн өөрчлөлт яаж хийгдэх вэ гэдгээс олон зүйл шалтгаалах шинжтэй байна. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр одоо яригдаж байгаа сонгуулийн тогтолцоо, гишүүдийн тооны асуудал яригдаж байсан ч Байнгын хорооны хурлаар дэмжигдээгүй хасагдсан юм билээ. Тиймээс тэрхүү өөрчлөлт агуулгын хувьд өнөөдөр үргэлжилж байна.

Үндсэн хуулийн өөрчлөлт жилийн өмнөөс яригдсан. Өнгөрөгч хавар Б.Бат-Эрдэнэ гишүүн бид хоёр тойргийнхоо бүх сумдаар орж танилцуулсан. Тэр үед Үндсэн хуулийн өөрчлөлт хэрвээ хийгдвэл ингэж хийгдэх төсөл яригдаж байна. Мөн ийм үндэслэлүүд байна гэж танилцуулсан.

Засгийн газраас өргөн барьсан төсөлд УИХ-ын гишүүний тоо, сонгуулийн тогтолцоотой холбоотой заалтууд орсон байна. Энэ долоо хоногоос эхлэн тойрогтоо ажиллаж ҮХНӨ-ийн төслийг танилцуулаад явж байна. Иргэдийн хэлсэн санал, байр суурь бидний барих нэг гол чиглэл болно.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг иргэд ерөнхийдөө дэмжиж байна. Тэр дундаа пропорциональ тогтолцоог дэмжиж байна. Иргэд энд өөрсдийн байр сууриа илэрхийлэх байх. Өөрийн хувийн байр сууриа илэрхийлэхэд сонгуулийн тогтолцоог өөрчилж, Үндсэн хуульд оруулах нь зөв гэж бодож байна. Учир нь өнөөдрийн тогтолцоо бол шууд ардчиллын хэлбэр боловч нийтэд нийцэхгүй байна. Өнөөдөр хэрэглэж байгаа сонгуулийн тогтолцоогоор иргэдийн санал их гээгдэж байна гэсэн шүүмжлэлүүд бодитой. Тиймээс сонгогчдын өгсөн санал бүр парламентад тусгалаа олох нь зүйтэй. Иймд хувь тэнцүүлсэн тогтолцоог дэмжиж байгаа.

-Гишүүдийн тооны асуудалд ямар байр суурьтай байна вэ?

-Гишүүдийн тооны асуудлыг олон талаас бодож үзэх нь зүйтэй. 1992 оны Үндсэн хуулийг батлахдаа УИХ-ын гишүүдийн тоог хэд байлгах тухай олон хувилбар ярилцаж байгаад 76 дээр тогтсон юм билээ. Тухайн үед хүн амын тоо 2.2 сая байсан бол өнөөдөр 3.4 сая болж нэмэгдсэн. Тиймээс төлөөллийг хадгалах зарчмын хувьд гишүүдийн тоог нэмэх нь зүйтэй гэж орж ирсэн. Үүнд иргэдийнхээ саналыг сонсох нь чухал. Уулзалтад ирсэн иргэд гишүүдийн тооны асуудалд хойрго байна.

Энд нэг зүйлийг тодруулж хэлэхэд Үндсэн хуулийг хэлэлцэх дүрэм журам нь тусдаа байдаг. Тавдугаар сард багтаж хоёр ч удаа иргэдийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулна. Энэ үеэр иргэд ямар санал хэлэхээс хамаарч гишүүдийн тоог тогтооход голлох үүрэгтэй чиглэл болно гэж бодож байна.

-Нүүрсний сонсгол яагаад гацчихав аа. Гишүүд энэ чиглэлд чих тавьж байна уу. Олон нийтийн хүлээлтэд байгаа зүйл шүү дээ?

-Нүүрсний хулгай зэлгийтэй холбоотой асуудлыг Засгийн газар өөрөө шүгэл үлээж гаргаж ирсэн. Энэ асуудлаар өнөөдөр шүүхээр орсон нэг ч хүн байхгүй байна. Гэхдээ хууль хяналтын байгууллага шалгаж байгаа. Нүүрсний асуудал цэгцэрч эхэлснээр эдийн засагт маш өндөр нөлөө үзүүлж байна. Тухайлбал, валютын нөөц, экспортолж байгаа нүүрсний үнэ өссөн гээд Монголын 3.4 сая хүний эрх ашгийг хангасан үйл явдал болж байна. Энэхүү эдийн засгийн үр өгөөж удахгүй иргэдэд очих байх. Төсвийн орлого 600 тэрбум төгрөгөөр давж биелнэ гэдэг нь ойрын хэдэн жилдээ байгаагүй эерэг үзүүлэлт. Түүнчлэн ам.долларын ханш 70 төгрөгөөр бууна гэдэг бол мөн л ойрын 10 жилд байгаагүй үйл явц шүү дээ. Ам.долларын ханш нэмэгдэж байна гэж сонссоноос бууж байна гэж сонсож байгаагүй. Тиймээс иргэдэд эерэг нөлөө үзүүлнэ.

Энэ талаасаа энэ тэмцлийн эцсийг нь үзэх хэрэгтэй. Зөвхөн нүүрс ч бус Монголоос гарч байгаа баялаг бүр дээр Монголын төр хараа хяналттай байж, авах орлогоо гүйцэд авч чаддаг, тэр нь иргэдэд хүрдэг байгаасай гэж бодож байна.

-Нүүрсний сонсгол явуулахыг гишүүд шахаж байгаа юу. Сонсгол яагаад явахгүй байна вэ?

-Нүүрсний сонсголд гэрчээр оролцох олон субъект хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа юм билээ. Тиймээс мөрдөн байцаалтын нууц гарах юм байна. Иймд хойшлуулсан гэсэн тайлбарыг Г.Ганболд гишүүн өгсөн.

-Та бүхэнд сонсголыг хэдэн сард хийх тухай мэдээлэл өгсөн үү?

-Хууль хяналтын байгууллагад шалгагдаж буй хэргүүд хэвлэлээр гарахгүй байгаа ч эрчимжиж байгаа гэж би ойлгосон. Хэрэг илрүүлнэ гэдэг нарийн явц байх. Ийм үед холбогдогчдыг авч ирээд энийгээ ярь, тэрийгээ ярь гээд байх нь хэргийн илрүүлэлт, нөгөө талаас хүний эрх зэрэг олон зүйлээс шалтгаалж хойшилж байна уу гэж бодож байна.

-Төсвийн орлого 600 тэрбум төгрөгөөр давсантай холбоотойгоор төсвийн тодотгол хийх тухай асуудал яригдах гэж байх шиг байна. Төсвийн орлогыг юунд зарцуулсан нь үр дүнтэй гэж та харж байна?

-600 тэрбум төгрөг яаж орж ирэв, төсөв яагаад 600 тэрбум төгрөгөөр давчихав гэдгийг эхлээд ярих нь зөв байх. Байгалийн баялгаас хумсалж байгаа хулгайг, тэр дундаа зөвхөн нүүрсний хулгайг зогсооход ийм үр дүн гарч байна. Тиймээс цаашид Монгол Улсаас экспортлогдож буй алт, зэс, төмрийн хүдэр зэрэг бүх баялагтаа хяналттай байна гэж Засгийн газрын тэргүүн ярьсан. Энэ нь Монгол Улсын эдийн засагт эерэг нөлөө авч ирнэ гэж харж байна. Төсвийн тодотгол хэрвээ хийвэл яаж хийх вэ гэдгээр Засгийн газар төслөө боловсруулж байгаа.

-Уулзалтаар иргэд нэн түрүүнд юунд анхаарах хэрэгтэй гэж ярьж байна вэ?

-Иргэдтэй уулзаад явж байхад тэтгэврийн асуудал их хүнд байна. Жилийн өмнө тэтгэврийн доод хязгаарыг 500 мянга болгоход уулзалтад ирсэн ахмадууд “350 мянга байсан тэтгэвэр 500 мянга боллоо, баярлалаа” гэж байсан. Жилийн дараа очиход “500 мянган төгрөгийн тэтгэвэр хүрэхээ байсан, хүүхээ. Тэтгэвэр нэммээр байна” гэж байна. Мөн төрийн албан хаагчдын цалингийн асуудал ч хүнд байна. Төрийн албаны цалинг ялгамжтай яримаар юм билээ. Зарим салбарын цалин нь нэмэгдээд байдаг. Харин төрийн үйлчилгээний албаны цалин нэмэгддэггүй. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс бага цалин гар дээрээ авч байна гэх мэтчилэн олон зүйл яригддаг. Хэрвээ Засгийн газраас цалинг нэмэхээр ярьж байгаа бол яаж нэмэх вэ гэдэгт бодолтой хандмаар юм билээ. Төрийн албанд байгаа учир нь олдохоо байсан цалингийн сүлжээ, салбар салбараараа амбицалж цалингаа нэмүүлдэг тогтолцоог угаар нь өөрчилж байж цалин нэмсний өөрчлөлт гарна.

-Цалин, тэтгэврээс гадна иргэдэд дарамт болж байгаа нэг асуудал бол үнийн өсөлт. Үнийн өсөлтийг хязгаарлах гарц шийдлийг та хэрхэн харж байна вэ?

-Бид зах зээлийн нийгмийг сонгосон. Зах зээлийнхээ зарчмаар явна гэхээр үнэ өсөөд байна. Явуулахгүй, үүнд төр ямар нэгэн байдлаар хөнгөлөлт, дэмжлэг үзүүлнэ гээд хэдэн их наядаар нь мөнгө гаргадаг. Эргээд харахаар ямар ч үр дүнгүй байна шүү дээ. Засгийн газраас бензин, шатахуун дээр авсан арга хэмжээ үр дүнгээ өгсөн гэж харж байна. Тодорхой хэмжээнд шатахууны үнийг барилаа. Бусдаар бол явахад хэцүү байна. Тэр дундаа хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт өндөр байна. 2020 онд 5-6 мянга төгрөг байсан наранцэцгийн тос өнөөдөр 11-12 мянгатай байна. 300 төгрөг байсан өндөг 600 болчихоод байна. Энэ мэтчилэнгээр үнийн өсөлт их байна. Өнөө маргаашаа бус алсаа харж яривал бид дотооддоо үйлдвэрлэдэг болмоор байна. Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн 19 нэр төрлийн барааг дотооддоо үйлдвэрлэдэг болъё гэдэг бол маш чухал зорилт.

Энд нэг хоржоонтой тоо харагддаг. Хөгжлийн банкнаас тэр олон компани зээл аваад зориулалт бусаар ашигласан мөнгөний тоо 1.8 их наяд төгрөг байгаа юм. Гэтэл Ерөнхийлөгчийн дэвшүүлж, УИХ-аар баталсан хүнсний хувьсгалын хөтөлбөр таван жилийн хугацаанд 1.8 их наяд төгрөг. Бид дотооддоо хүнсээ үйлдвэрлэх бололцоогоо Хөгжлийн банкаар алдчихсан байгаа юм.

Бид үнийн өсөлт гэдэг зүйлтэй ойрын хугацаандаа “ноцолдох” байх. Гэхдээ алсдаа бол дотоодоосоо өндгөө, наранцэцгийн тосоо, улаанбуудайгаа 100 хувь хангачихдаг байх хэрэгтэй.

Өнгөрөгч өвөл би Хэнтий аймгийн Мөрөн сумын хоёрдугаар бригадын малчин Батхуягийнд “Улсын аварга малчин”-ы тэмдгийг нь гардуулж өгөхөөр очиход хүү нь Унгар улсаас ирсэн байсан. Тэгэхэд “Юмны үнэ Унгарт харьцангуй гайгүй байгаа. Монголд дийлдэхээргүй болсон байна” гээд толгой сэгсэрч байсан. Унгарт юмны үнэ яагаад тогтвортой байна гэхээр тэднийх үйлдвэрлэгч орон. Яахав, манайхыг бодвол цаг агаарын таатай нөхцөлтэй. Гэхдээ л үйлдвэрлэгч улс. Тиймээс бид цаашид тулгарч ирэх саад бэрхшээлээс амар гарахын тулд үйлдвэрлэгч улс болох хэрэгтэй. Юмны үнэ өсөөд байгаа шалтгаан нь европт тэрхүү хүнсний бараа өсчихөөд байна. Цалин бага, юмны үнэ өсөөд байна гээд Европт энд тэндгүй ажил хаялт болж байна. Бид үнэтэй барааг нь авч ирж идэж байгаа. Одоо бол урд хөрш хил гаалиа нээчихлээ. Хэрэглээнд нааштай үзүүлэлт авч ирэх байх.

Танай сонины 100 айлын барилгын материалын захаар явж хийсэн сурвалжилгыг уншсан. Сурвалжилгад тээвэр ложистикийн гацаа арилсан учраас барааны үнэ 15-20 хувиар буусан. Хятадад барилгын материалын үнэ өсөөгүй байна гэж ярьсан байх жишээний. Ер нь бид дотооддоо үйлдвэрлэгч болж байж л үнийн хүндрэлүүдээс алсдаа салах юм билээ.

-Та Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд харьяалагддаг. Тиймээс мал аж ахуйн өнөөгийн байдлыг ярилцъя. Ер нь малчдыг монгол төр яаж дэмжих хэрэгтэй гэж та хардаг вэ?

-Хөдөө аж ахуй, тэр дундаа мал аж ахуйн салбар дээр үүсээд байгаа асуудал маш их байгаа. Нийгэм шилжсэнээс хойш 30 жил ямар ч замбараагүй явж ирлээ. Мал, малчин хоёр зөнгөөрөө л явлаа. Монгол Улсын төрөөс нэг зүйлийг хийх ёстой гэж боддог. Тэр бол хөдөө аж ахуй, тэр дундаа мал аж ахуйн салбарын бүх асуудлыг ёстой нэг өргөс авсан юм шиг шийдэх байх гэж боддог.

-Тэр нь юу вэ?

-Малын махыг үнэтэй болгомоор байгаа юм. Үнэтэй болгохын тулд мэдээж олон асуудал үүснэ. Наанадаж малын өвчнөө яах билээ гээд л эхэлнэ. Үүнийг үе шаттайгаар шийдээд эцсийн зорилго нь монгол мах үнэтэй байх ёстой.

Хэнтий аймгийн Батширээт сумын Хурх бригадад уулзалт хийж байхад нэг залуу “Малын мах үнэтэй баймаар байна. Би өнөөдөр сум руу (Өмнөдэлгэр) хоёр төлөг аваачиж өгсөн. 110-120 мянгад өгдөг. Тэндээс 60 мянгаар шуудай гурил авч байна. 40 мянгаар нь бензин хийж байна. Үлдсэнээр нь ойр зуурын юм аваад юу ч үгүй үлдэж байна” гэж ярьсан. Малын тоо ингэж их өсөөд байгаа нь ердөө л малын үнэ хямд байгаатай холбоотой. Ер нь намайг сум, аймагт ажиллаж байхад тийм бодол төрж байсан. Сая зүүн аймгуудаар явахад энэ нь батлагдаж байгаа юм. Тиймээс ер нь бидний хийх ажил малын махыг үнэтэй болгох. Гэхдээ нэг харах ёстой асуудал бий. Бид малаа барах гэж байгаа юм шиг бүх малаа экспортолно гэж ярих нэг хэрэг.

Өнөөдөр нэг хонь 40 ам.доллар байна. Гэтэл гадаадад нэг килограмм мах 40 ам.доллар байгаа юм. Тиймээс бид үүнийг яаж уялдуулах вэ гэдгээ бодох хэрэгтэй. Малаа экспортолсон ч төлөг 120 мянган төгрөг хэвээр байвал утгагүй шүү дээ. Харин 300 мянга хүрч байвал өөр хэрэг. Тэгвэл малчид, мал маллах залуус олон болно. Утга учиргүй 3-4 мянган малтай байхаа ч болино. Чанартай малтай байхаар зорьж эхэлнэ. Намайг мөн уулзалт хийж явахад Сүхбаатар аймгийн малчин Жамбал “Хэрвээ малын үнэ өсчихвөл би ингэж малын боол хиймээргүй байна” гэж байсан.

“Хүүхэд байхаасаа л мал дагасан одоо залхаж байна. Тэглээ гээд үүнийгээ ямар хаялтай биш. Амь зогоож байгаа хойно дагаад л явж байна” гэж хэлсэн. Тиймээс монгол төрийн хийх ажил нь малын махыг үнэтэй болгох. Мэдээж дэд бүтэц, эрүүл мэнд гээд түмэн асуудал тулгарна. Бид даваад гарах ёстой, шийдэж хийх л ёстой асуудлууд.

-Газрын хуульд та бэлчээртэй холбоотой зохицуулалт оруулахаар тойргийн иргэдэд танилцуулсан. Бэлчээрийг яаж зохицуулахаар ажиллаж байгаа вэ?

-Үүх түүхийг нь харвал 10 жилийн өмнөөс яригдсан ч өргөн баригдаагүй явсаар дөрвөн парламент дамжсан байна. Одоо бид халгаад хараад сууж болохгүй нөхцөл байдалд байна. Бэлчээрийн ашиглалтад төр малчидтайгаа ямар нэгэн байдлаар хамтрахаас өөр аргагүй юм билээ. Нэлээд том өөрчлөлт орохоор байгаа.

Газрын хуульд бэлчээртэй холбоотой зохицуулалт байхгүй шахам байдаг. Гэтэл өнөөдөр 70 сая мал бэлчиж байгаа бэлчээр болон 250 мянган малчин өрхийн асуудал туйлын хүнд болж байна. Энэ бол нэг бодлын бизнес шүү дээ. Өрхийн энэ үйлдвэрлэл, энэ бизнесийн ирээдүй ямар байна гээд том зургаар харахаар ирээдүйд байхгүй болох гээд байна. Шалтгаан нь бэлчээрийн хомсдол. Ус цаг уурын нөхцөл байдал. Иргэнээс өөрөөс нь шалтгаалж байгаа асуудал байна. Мөн малын тоо зэрэг сөрөг зүйл ихтэй байна.

Үүнийг би цээжний бангаар яриад байгаа юм биш. НҮБ, олон улсын холбогдох байгууллагуудын судалгаагаар батлагдсан үзүүлэлт. Үүнтэй уялдуулж хуулийн төсөл боловсруулж байгаа. Үүнтэй холбоотойгоор Хэнтий аймгийн зүүн гурван аймгийн малчид, фермер, төрийн захиргааны албаныхантай уулзсан. Мөн Сүхбаатар аймгийн малчидтай хэлэлцүүлэг хийсэн. Хэлэлцүүлэгт Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 150 гаруй малчин оролцсон. Бүгд дэмжсэн. Аймгийн төв дээр Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн 80-аад төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлэг хийсэн. Хэлэлцүүлэгт фермер, малчид оролцсон. Тэд төр хамтрахгүй бол болохгүй нь гэдгийг хэлсэн. Түүнчлэн судалгаагаар цаашид ийм байдлаараа явбал Монгол Улс цөлжинө, бэлчээргүй болно гэсэн аймшигтай дүр зураг байгаа юм билээ. Энэ хууль удахгүй өргөн баригдах байх.

Ер нь өнгөрсөн хугацаанд тойрогтоо нэлээн ажиллалаа. УИХ-ын гишүүний үүрэг гэдэг бол тойрогтоо очиж ул боов тараах биш. Ийм хууль яригдаж байна. Энэ хуульд ингэж туссан байна. Үүнийг та нар маань юу гэж үзэж байна гэж иргэдийнхээ саналыг сонсох ёстой.

Ер нь би УИХ-д орсноосоо хойш “Амьдралтай хууль гаргамаар байна” гэж хэлж байгаа. Хууль хэрэгжүүлэх анхан шатны нэгжид ажиллаж байсан хүний хувьд “агаарын” хууль баталчихаар хэрэгжүүлэхэд зовлонтой юм их гардаг гэдгийг мэднэ. Ямар юм нь энийг ингээд хийчихдэг байна аа гэж бодмоор юм гардаг. Хэрэгжүүлэх ч хэцүү, байх ч хэцүү хууль битгий гараасай гэж боддог хүний хувьд хуулийн танилцуулгыг нэлээд сайн хийдэг.

ШИНЭ МЭДЭЭ