МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга, гишүүд Элчин сайд Цай Вэньруйтай уулзлаа
2023.05.09
Гадаад харилцаа

Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга, гишүүд Элчин сайд Цай Вэньруйтай уулзлаа

Монгол Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Т.Энхтүвшин, гишүүн Т.Аубакир, Ж.Батжаргал нар (2023.05.05) БНХАУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруйтай уулзлаа.

Байнгын хорооны дарга Т.Энхтүвшин, хоёр улсын хамтын ажиллагаа олон салбарт өргөжин тэлж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, “Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тухай Монгол, Орос, Хятад гурван улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг хангах, сайжруулах, үүний хүрээнд Замын-Үүд боомтын нэвтрэх чадварыг нэмэгдүүлж, ачаа тээврийн нэвтрэлтийг сайжруулахын зэрэгцээ зорчигч тээврийн хөдөлгөөнийг саадгүй болгох, найман хүний суудалтай тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх зэрэг ард иргэдийн хүсэлт болгож байгаа асуудлуудад анхаарч ажиллахыг хүсэв. Энэ асуудлаар Монгол Улсын Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яамнаас БНХАУ-ын талд ноот бичиг өгөөд байгаа юм.

Мөн тэрбээр, тус улсаас Монгол Улсад оруулж буй хөрөнгө оруулалтыг дэмжих, ялангуяа уул уурхайн болон хөдөө аж ахуйн түүхий эдийг аль болох боловсруулах, баяжуулах, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд чиглүүлэх талаар идэвх чармайлт гаргаж ажиллана гэдэгт илгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Элчин сайд Цай Вэньруй 2015-2019 онд БНХАУ-аас Монгол Улсын Замын-Үүдэд суугаа Ерөнхий консулаар ажиллаж байснаа танилцуулан, Замын-Үүд боомтын нэвтрэлтийг нэмэгдүүлэх талаар иргэд маш их хүсэлт тавьдгийг дурдаж, тус улсын Засгийн газар, холбогдох байгууллагууд үүнд анхаарал хандуулж байгааг хэллээ. Монгол Улсад оруулж буй хөрөнгө оруулалтын хэмжээгээр БНХАУ сүүлийн 10 гаруй жил тэргүүлж буйг Элчин сайд тэмдэглээд, тус улсын Засгийн газар Монголд хэрэгжүүлэх итгэл найдвартай, томоохон хөрөнгө оруулалтыг дэмжиж, урамшуулах бодлого баримталж байгааг танилцуулав. Тэрбээр, Монгол Улс гадаадын хөрөнгө оруулалтын орчныг цаашид сайжруулж, тогтвортой байдлыг хангаж ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа дурдав.

Улсын Их Хурлын гишүүн, Мал, махны бэлтгэн нийлүүлэлт, нөөц, экспортын асуудлаарх Ажлын хэсгийн ахлагч Т.Аубакир Монгол Улсаас гаргаж буй махны экспортын дийлэнх хэсгийг БНХАУ-д гаргаж буй бөгөөд тус улсаас тавьж буй стандарт, шаардлагад нийцсэн мах бэлтгэхэд Монголын бизнес эрхлэгчид ахиц гаргаж байгаа талаар ярив. Түүнчлэн тэрбээр, Баян-Өлгий аймгийн иргэд, сонгогчдыг төлөөлөн ажиллаж буйгаа дурдаж, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай Монгол Улсын хууль батлагдаж, энэ талаарх хамтын ажиллагааны орчин сайжирсныг дуулган, үүний хүрээнд Монгол-БНХАУ-ОХУ-ын транзит тээвэр, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд ач холбогдол бүхий Өлгий-Даянгийн боомт чиглэлийн 180 км хатуу хучилттай замыг барьж байгуулах талаар судалж үзэхийг хүсэв. Элчин сайд Цай Ваньруй махны экспорт цар тахлын хорио цээрийн дэглэм дууссанаас хойш дахин сэргэж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, Өлгий-Даянгийн автозамын асуудлыг судалж үзэхээ илэрхийллээ.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Монгол Улс, БНХАУ-ын Иж бүрэн түншлэлийн харилцаа амжилттай хэрэгжиж буйг онцлоод, хоёр улсын хоорондын худалдааны эргэлт, аж үйлдвэрийн хөгжлийг эрчимжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой Гашуунсухайт, Хангийн төмөр замуудыг тус улсын төмөр замтай холбох ажилд анхаарал хандуулах шаардлагатайг онцлов. Мөн хөдөө аж ахуй, мал аж ахуйн түүхий эдийг боловсруулах, экспортыг нэмэгдүүлэх болон цөлжилттэй тэмцэх чиглэлээрх хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх нь хоёр улсын аль аль талын эрх ашигт нийцнэ гэлээ.

Элчин сайд Цай Вэньруй төмөр замуудыг холбож, дэд бүтцийг сайжруулах асуудлаар яриа хэлэлцээ үргэлжилж буйг танилцуулаад, БНХАУ-ын Засгийн газар Монгол Улстай явуулж буй хамтын ажиллагаандаа аль аль талынхаа давуу талд тулгуурлах зарчмын баримталдаг тул Монголын хөдөө аж ахуйг хөгжүүлэх, түүхий эдийг боловсруулах талаарх байр суурьтай ижил бодлоготойг дурдав. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийсэн айлчлалын хүрээнд цөлжилттэй хамтран тэмцэх асуудлыг хөндсөн бөгөөд үүний хүрээнд цөлжилтийн эсрэг шинжлэх ухааны үндэстэй, үр дүнтэй ажиллах зорилгоор судалгааны төв байгуулахаар яриа хэлэлцээг эхлүүлээд байна гэсэн юм.

Байнгын хорооны дарга Т.Энхтүвшин, Монгол Улс, БНХАУ-ын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оруулж буй Элчин сайд Цай Вэньруйгийн хүчин чармайлт, хувь нэмрийг үнэлж, цаашдын ажилд нь амжилт хүсэв.

ШИНЭ МЭДЭЭ