2023.04.20
Улстөр
Б.Бат-Эрдэнэ: УИХ-ын сонгуульд хоёр удаа дараалан суудал аваагүй намыг үйл ажиллагааг яах вэ
УИХ-ын чуулганы /2023,04,20/-ны өдрийн хуралдаанаар Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх, эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
Улс төрийн намын тухай хуулийг оруулж ирж буй нь зөв. Эл хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж буй. Монгол Улсын төрөөс нийгэмд шударга ёс тогтоох, авлигал хээл хахууль, хүнд суртлыг арилгах чиглэлд бодлогын ахиц дэвшил гарч байгаа. Бид удаа, дараагийн парламентын бүрэн эрхийн хугацаанд уг асуудлыг тууштай шаардаж тавьж ирсэн. Ялангуяа төсвийн зарцуулалт, төрийн хэмнэлтийн хууль, төрийн албыг төрлийн алба болгодог, төрийн өндөр албан тушаалд байгаа хүмүүс улс төрийн нөлөө үзүүлдэг, төр ард түмний нэрийг барьж авсан төсөл, концесс, тендерт оролцдог зэрэг байдлыг арилгах ёстой. Хариуцлагатай, өндөр ёс суртахуунтай, иргэд олон түмнийхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнч ажиллах хэрэгтэй. Улс төрийн намаар дамжиж төрийн эрх мэдлийг авдаг. Тиймээс намын үйл ажиллагаа, төлөвшилттэй холбоотой асуудал чухал.
Хуулийн төсөлд хоёр сонгуулийн бүрэн эрхийн хугацаа дараалан УИХ-д нэр дэвшүүлээгүй намыг идэвхгүй хэлбэрт шилжүүлнэ гэсэн заалт байна. УИХ-ын сонгуульд хоёр удаа дараалан суудал аваагүй намыг идэвхгүй байдалд оруулах юм уу эсвэл татан буулгах тухай асуудлыг ярьж болоогүй юм уу? Үүнд тодорхой хариулт өгнө үү.
Хатуу гишүүнчлэлтэй холбоотой асуудлыг яаж зохицуулж байна вэ? Хариултаас сонсоход улс төрийн намын ажиллагааг ил тод байлгах, гишүүдийн оролцоо, хяналтад байлгах чиглэлд тодорхой саналууд оруулж байна гэж харлаа. Энэ хүрээнд бодлогын нам байх дүрмийг боловсруулах, бодлогын судалгааны чиглэлд онцгой анхаарах шаардлагатай.
Түүний асуултад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар хариуллаа.