2023.04.20
Улстөр
С.Одонтуяа: Орон нутагт хэт улс төрждөг байдлыг шийдэх хэрэгтэй
УИХ-ын чуулганы /2023,04,20/-ны өдрийн хуралдаанаар Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх, эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа:
Улс төрийн намын хууль бол хөгжлийн суурь асуудлуудыг шийдэх чухал хууль. Зарчмын хувьд дэмжиж буй. Хуулийн өргөн барихаас өмнө манай намаас нэлээдгүй саналыг авч оруулсанд талархаж байна. Ороогүй саналуудыг хэлэлцүүлгийн явцад хэлэлцээд оруулна гэж бодож байна.
Транспер байгууллагаас гаргасан судалгаагаар Монгол улсад авлигыг үүсгэж буй гол хэсэг улс төрийн намууд өөрсдөө, намууд маш их хэмжээний мөнгө шаарддаг, үзэл бодлогоороо өрсөлдөхөөс илүү санхүүжилт авдаг, аж ахуйн нэгж шиг ашигтай үйл ажиллагаа явуулдаг бизнесийн чиглэлээр буруу явж байна гэдэг дүгнэлт гарч буй.
Дэлхийн улс орнуудын улс төрийн намын жишгийг харахад хялбар, цомхон чиглэл рүү орж байна. Учир нь бүх юм цахим болсон. Заавал хуучны 1990 он шиг сум болгонд салбар үүсгээд, өөрсдийн үзэл бодлоо түгээх гишүүдийг бий болгох бус гар утас ашиглан цахимаар бүх үйл ажиллагаагаа явуулж, үзэл бодлоо мэдэж авах боломжтой болж байна.
Уг хуульд эмэгтэйчүүдийг дэмжсэн заалтууд орсонд баяртай байна. Үүнийг цаашид нарийвчлаад хэлэлцэнэ. Харин орон нутагт хэт улс төрждөг байдлыг болиулах ёстой. цөөхөн Монголчууд орон нутагт маш их өрсөлддөг. УИХ-д намууд өөрсдийн хөгжлийн бодлогоороо өрсөлдөж, мэтгэлцэх нь зөв. Гэтэл орон нутагт аж ахуйн ажлууд байдаг. Цэцэрлэг, сургууль, зам хэрэгтэй юу үгүй юу гэх мэт асуудалд улс төржсөн байдал садаа болдог.
Түрүүн Ц.Даваасүрэн гишүүн хэллээ. Төрийн албыг улс төрийн намууд өөрсдөө самраад байна. Төрийн албаны мерит зарчим, чадавхтай байх асуудал сүүлийн жилүүдэд алга болсон. Хэдэн цүнх баригчид л төрийн албыг эзэлдэг болсон. Эл асуудалд миний зүгээс хэлэлцүүлгийн явцад тодорхой санал хэлнэ. Сонгуулийн дараа улс төрийн албан тушаал байна. Гэхдээ төрийн байгууллага руу ордог байдлыг зогсоохгүйгээр улс төрийн намын тухай хууль ач холбогдлоо өгөхгүй гэж харж байгаа юм.
Түүний асуултад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар хариуллаа.