С.Одонтуяа: Үндсэн хууль бол аль нэг намын сонирхлоор, дур зоргоор өөрчилж байдаг хууль биш
2023.04.19
Улстөр

С.Одонтуяа: Үндсэн хууль бол аль нэг намын сонирхлоор, дур зоргоор өөрчилж байдаг хууль биш

УИХ-ын дэд дарга С.Одонтуяатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Хаврын чуулган ид явагдаж байна. УИХ-ын дэд даргын хувьд энэ чуулганы гол зорилго юунд чиглэхээр харагдаж байна вэ?

-Хаврын ээлжит чуулганы хамгийн гол хуулиуд нь УИХ-ын сонгуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүд байна. Мөн эдгээрийн дагаж өөрчлөгдөх хуулийн өөрчлөлтүүдийг хэлмээр байна. Учир нь 33 жил явж ирсэн хууль тогтоох байгууллагын үйл ажиллагааг бие даасан, олон ургальч үзлийг агуулсан, улс орны хэмжээний бодлого барьж хөгжүүлэхэд гол түлхэц болох юм. Улс төрийн намын тухай хууль ч мөн ялгаагүй. Нэг талаас хэт намчирхалаас салах нөгөө талаас улс төрийн нам орчин үеийн институци болоход чухал алхам болно. Түүнчлэн нийгмийн бодлогын суурь хуулийн нэг боловсролын тухай хууль, нийгмийн даатгалын багц хуулийн төслүүд миний гол анхаарч ажиллаж буй хуулиуд юм.

-Гишүүний хувьд энэ хаврын чуулганаар ямар хуулийн төслүүдийг санаачлан өргөн барихаар ажиллаж байна вэ?

-Нийгмийн даатгалын тухай хуульд тусгахаар хэд хэдэн зарчмын санал дээр ажилласан. Тэтгэврийг долоо биш таван жилийн дунджаар тооцох хуулийг Б.Пүрэвдорж болон УИХ-ын гишүүд олон жил ярьж шаардсаар байна.

Тэтгэврийн сангийн олон давхаргат тогтолцоог хэрэгжүүлж эхлэх ялангуяа хувийн тэтгэврийн сангийн үйл ажиллагааг дэмжих, цаашдаа байнгын алдагдалтай системээ сууриар нь засах ажлыг өнөөдөр хийх ёстой. Энэ хүрээнд Хамтын тэтгэврийн тухай хууль өргөн баригдсан.

Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах саналыг боловсруулаад хэлэлцэхэд бэлэн болголоо.

Боловсролын тухай хуулийн ажлын хэсэгт саналуудаа хүргүүлсэн ч гэсэн энд дурдахад боловсролын хүртээмжтэй цуг чанарыг хэрхэн дээшлүүлэх, хувийн боловсролын байгууллагуудын үйл ажиллагаанд тулгарч буй асуудлуудыг шийдэх, судалгааны их сургуулийн статус шалгуурыг тодорхойлох, боловсролын байгууллагын орчин, нөхцөл, хөтөлбөр, багш нарын чадварыг цогц байдлаар авч үзэж зохицуулалт хийхээр ажиллаж байна. Чихэрлэг ундааны хэрэглээг бууруулах, цагийн хөдөлмөрийн зохицуулалтыг сайжруулах зэргээр нэлээд завгүй байна.

-Нөгөөтэйгүүр нийгмийн анхаарлыг татаж буй нэг сэдэв бол ҮХНӨ. УИХ-ын ээлжит сонгуулийн хугацаа хоног хоногоор дөхсөөр байна. Хуулиараа сонгууль болохоос өмнө буюу нэг жилийн өмнө ҮХНӨ-ийг хийх шаардлагатай. Цаг хугацааны хувьд амжих уу?

-Үндсэн хууль бол ард түмний өмч учраас хэн нэгний, аль нэг намын сонирхолоор дур зоргоороо өөрчилж байдаг хууль биш. Улс орны улс төр, эдийн засаг, нийгмийн харилцааны хүрээнд Үндсэн хуульд зайлшгүй нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага гарсан тохиолдолд сайтар хэлэлцэж тухайн төслийг заавал, олонх нь зөвшөөрвөл УИХ-аар хэлэлцэж гишүүдийн дийлэнх олонхын саналаар батлагддаг хатуу дэгтэй хууль. Анх 2000 онд “дордохын долоо” хэмээн нэрлэгдсэн долоон өөрчлөлт хийгдсэн байдаг.

Дараа нь 2019 онд дахиад 2021 онд хийгдсэн байдаг. Хамгийн гол нь энэ нэмэлт өөрчлөлтүүд анхнаасаа дутуу хагас яаруу сандруу хийгдсэн, мөн Үндсэн хуулийг хамгаалах үүрэг хүлээсэн “Үндсэн хуулийн цэц”-ийн эргэж буцсан шийдвэрүүдтэй холбоотой. Үндсэн хууль УИХ-ын нийт гишүүдийн дийлэнхи олонхын саналаар батлагддаг учраас аль нэг нам нь дийлэнх олонхын суудал авсан эсвэл парламентад суудалтай намууд зөвшилцсөн тохиолдолд хэрэгжих боломжтой. Судалгаанаас үзэхэд дээрх онуудад МАН (МАХН) дангаараа 72, 65, 62 суудалтай байсан үед хийгдсэн. Одоо бас л гишүүдийн тоог 152 болгож, 76 нь хуучин тойргийн тогтолцоогоор 76 нь пропорциональ тогтолцоогоор сонгогдохоор өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулаад байх шиг байна.

-Таны хувьд ҮХНӨ-ийг ямар хүрээнд хийх шаардлагатай гэж боддог вэ?

-Ер нь Үндсэн хуульд гар хүрч болохгүй гэсэн юм.

байхгүй л дээ. 1992 оноос хойш улс орны улс төр, эдийн засаг, төр, нийгмийн харилцааны хүрээнд бодитой өөрчлөлтүүд гарч, байнга өөрчлөгдөж байна. Үүнтэй холбоотойгоор нэмэлт өөрчлөлт орохыг огт үгүйсгэхгүй байна. Би хувьдаа Үндсэн хуульд байгаа Төрийн байгуулалтын тогтолцоотой холбоотой заалтуудаас бусад нь боломжтой гэж үзэж ирсэн. Үнэндээ одоо хийгдэх гэж байгаа, өмнө нь хийсэн бүх өөрчлөлт зөвхөн төрийн байгуулалтын тогтолцоотой л холбоотой байна шүү дээ. Эрх баригчдын гол алдаа юу вэ гэхээр асуудлыг сайтар судалж багцаар нь шийдэх гэхийн оронд хагас дутуу хийгээд байгаа нь асуудлыг хүндрүүлээд байна.

-Гишүүд тойрогтоо ажиллаад ирсэн. Танай тойргийнхон юу ярьж, та бүхнээс юу хүсэж байх шиг байна. Ер нь улс орны нийгэмд хамгийн их тулгамдаж буй асуудал юу байна вэ?

-Тойрогтоо ажиллах хугацаанд иргэдийн төлөөлөл, өрхийн эрүүл мэндийн төв, бизнес эрхлэгч эмэгтэйчүүд, бизнесийн төлөөлөл, сургууль цэцэрлэг гээд нийгмийн олон төлөөлөлтэй уулзаж ярилцлаа. Шулуухан хэлэхэд амьдрал маш муудсан тухай бүгд хэлж байна. Ер нь ард иргэд төр засагт тавих дүнгийн гол шалгуур цалин хөлс, юмны үнэ л дээ. Хоёуланд нь муу дүн тавьж байна.

Хичнээн их нүүрс зэс байгалийн баялаг гарлаа гэсэн мэдээ телевизээр өдөр тутам гарлаа иргэдийн хөргөгч хоосон, ходоод хоосон, өр зээл хаалга тогшсон, стресстэй байгаа нь иргэдийн бодит үнэн. Долоон жил засаг барьж буй эрх баригчид пиарт л их анхаарч бодит амьдралд бага ач холбогдол өгчээ. Нөгөө талд татварын орлого бүрдүүлэгч бизнесийнхэн зээлтэй, борлуулалт тааруу, хил гаалийн гацаа нь шийдэгдээгүй гээд олон бэрхшээл байна. Тэдний хүсч буй гол зүйл бол төр бизнес хийх, бизнест оролцох татвараар дарамтлахгүй байвал болох нь тэр гэнэ.

-Та чуулган эхлээд л эрүүл мэндийн салбарын ажиллагсдын цалин хөлсний асуудлыг хөндөн ярьж байна. Эрүүл мэндийн салбарт тулгамдаад байгаа олон асуудал байгаа ч эмч нарын цалин хөлс нэмэх нь нэн тэргүүний асуудал гэж үзэж байна уу?

-Иргэдийн амь нас эрүүл мэндийг хамгаална гэдэг өдөр сар, цаг минутаар төлөвлөгдөж байдаг асуудал биш болохоор эрүүл мэндийн бүх шатны байгууллага, эмч сувилагчид цаг наргүй ажиллаж байдаг онцгой салбар. Энэ салбарт хамгийн өндөр мэргэшлийн эмч сувилагчид ажиллах ёстой. Тэдэнд мэргэжил боловсрол, чадвар хангалттай байж болно. Хамгийн гол нь тэдэнд ажиллах нөхцөл, боломж, цалин хөлс хангалттай байх ёстой.

Тэгж байж тэд ар гэр ахуй амьдралдаа санаа зовох юмгүй ажлын байран дээрээ өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж чадна. Үнэнийг хэлэхэд тэд маань өлөн зэлмэн амьдрал дотор сурсан мэргэжилдээ үнэнч,хүний төлөө гэсэн сэтгэлийн хатаар л явж байгаа нь үнэн. Тийм учраас л эмч сувилагчдын үндсэн суурь цалин хөлсийг нэмэгдүүлье, өгөх ёстой цалин хөлсийг нь цаг хугацаанд нь өгчихөөч гээд л үглээд байна шүү дээ. Эмч сувилагчдын дийлэнх нь эмэгтэйчүүд, ээжүүд байдаг болохоор тэд байс гээд л УИХ-ын эмэгтэй гишүүдэд хандах юм. Бид нэг шийдвэр гаргачихаад биелэлтэд нь хяналт тавьдаггүйгээс хэрэгжүүлэх шатанд маш их асуудал гарах юм.

Тухайлбал 2021 оны улсын төсөвт анхан шатны эрүүл мэндийн байгууллагын нэг иргэнээр тооцох зардлыг хоёр дахин нэмэгдүүлж, түүнийг гишүүн бүхэн л сүр бадруулан ярьцгаасан. Харамсалтай нь 2022 оны эхний гурван сарын нэмэгдэл олгогдоогүй байна. Төсөвт батлагдсан мөнгө хаачив, үүнд хэн хариуцлага хүлээх вэ гэхээр эзэн олддоггүй юм байна. Та нар сонсож л байгаа байх. Сүүлийн үед эрүүл мэндийн салбарт хэрэгжсэн гүйцэтгэлийн санхүүжилттэй холбоотой бүх шатны эмнэлгүүдийн гомдол тасрахгүй байна шүү дээ. Тэр бүхнийг засч янзлахын төлөө шинээр томилогдсон С.Чинзориг сайд нилээн хүчин чармайлт гарган ажиллаж байна. Энэ өөрчлөлт хамтын хүчин чармайлтаар хэрэгжих естой. Ялангуяа төсөв, даатгалын мөнгийг бүхэлд нь зарцуулж байгаа ЭМДЕГ жаахан эрч хүчтэй, хүнд сурталгүй, шуурхай ажилламаар санагдаж байна.

-Хүүхдийн эмнэлгүүдийн ачаалал дээд цэгтээ хүрсэн. Хавдрын эмнэлгийн ачаалал ч мөн хүнд байна. Ийм цаг үед эрүүл мэндийн салбараар улс төрждөг, үүнээс ашиг хайдаг зарим хүмүүсийн хандлага нийгэмд ил тод харагдаж байгаа нь үнэн. Та эмэгтэй гишүүний хувьд энэ салбарын сэргэлтийг ямар байдлаар харж байна. Наанадаж, хүүхдүүддээ бид очер дараалалгүй, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй түргэн шуурхай авдаг болчихмоор байна гэдгийг эцэг эхчүүд ярьж байна шүү дээ?

-Хүүхдийн болоод хавдрын эмнэлгийн ачаалал их байгаа гэдгийг ойлгож байна. Би 2010-2012 онд Эрүүл мэндийн сайдын зөвлөхөөр ажиллаж байсан. Тэр үетэй харьцуулахад өнөөдөр хүүхдийн эмнэлгийн тоо өссөн. ХСҮТ-ийн өргөтгөл ч ашиглалтад орсон, боломж харьцангуй дээшилсэн. Хамгийн гол нь эрүүл мэндийн салбарын зохицуулалт, менежментэд анхаармаар санагддаг.

Хүүхдийн өвчлөлийн тухайд гэхэд ханиад томууны дэгдэлтийн үед л ачаалал ихэсдэг болохоос бусад үед тийм их ачаалал байдаггүй. Аймаг нийслэлийн эмнэлгүүдийн шаардлагагүй хэвтэлтийг багасгаж, ор дэлгэх, дүүргүүдэд байгаа хувийн хэвшлийн эмнэлгүүдийг дайчлах гээд олон аргаар зохицуулж болно. Хий хоосон мөрөөдлөөр барилга барих гэхээсээ илүү тэр барилга байшинд зориулах хөрөнгөө шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах, эмч сувилагчдыг мэргэшүүлэх, эмч сувилагчдыг урамшуулахад зарцуулах хэрэгтэй. Монголд хавдрын өвчлөл маш их, ХСҮТ-ийн ачаалал ч их байгаа нь үнэн.

Тийм болохоор аймаг дүүргийн нэгдсэн эмнэлэг, бүсийн оношилгооны төвүүдэд хавдар өвчнийг оношлох, эмчлэх, зарим хөнгөн хагалгаануудыг хийх боломжийг бүрдүүлэх замаар ХСҮТ-ийн ачааллыг бууруулах ёстой. Сүүлийн үед ХСҮТ-ийн мэс заслын эмч нар өөрсдийн мэргэжлээр аймгуудад эмч нарыг мэргэшүүлж хавдрын зарим мэс заслыг хийж эхэлсэн нь маш чухал ач холбогдолтой юм. УНТЭ-ийн Урологийн тасгийн эмч нар ч орон нутагт хүнээ бэлтгэж мэс засал хийж эхэлсэн байна. Ингэж эмнэлгийн тусламж үйлчилгээний хүрээг орон нутагт өргөжүүлж байгаа туршлагыг төр засаг дэмжиж төсөв хөрөнгийг нь нэмэгдүүлж, эмч сувилагчдын томилолтын зардал, сургалтын зардал, урамшууллыг хангалттай өгөх хэрэгтэй. Энэ бол тухайн эмч сувилагчдыг дэмжиж байгаа мэт харагдаж байгаа ч цаад агуулгаараа эмнэлгийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх төрийн бодлогыг хэрэгжүүлж байгаа хэрэг мөн.

-Сүүлд нэг зүйл тодруулж асуухад танай намын хувьд цэгцрэх үйл явцдаа ерөнхийдөө орчихлоо гэж ойлгож байгаа. Энэ зөв үү. Намын эв нэгдэлд таны оролцоо их чухал байсныг улс төр судлаачид ярьдаг. Цаашид хүчтэй сөрөг хүчин болж ажиллах боломж гарсан уу. Танай намын хаврын улс төр ямар бодлогоор, юунд чиглэх гэж байна вэ?

-Тийм ээ, төр барих гол бүтэц бол улс төрийн нам. Нам институци болж хөгжих нэг шатаа л давлаа гэж харж байна. Ардчиллын нэг сайхан нь мэтгэлцэж байлаа ч олон ургальч үзлийг хүлээн зөвшөөрч олонхоор шийдвэр гаргадаг. Яг энэ зарчмаар намын эвлэрэл явсан тул зөв замдаа орсон гэдэгт итгэж болно. Миний хувьд болон бусад гишүүдийн маань хувьд ч гэсэн сайн муу хэлүүлэн хүчин чармайлт гаргасныг үгүйсгэхгүй. Одоо тэрийг ярихаас илүү сөрөг хүчний ажилдаа анхаарч байна.

Сөрөг хүчин бол бүхий л зүйлийг сөрөх биш эрх баригчдын алдаатай бодлогыг ажил хэрэгчээр шүүмжлэх, түүнд ард иргэдийн анхаарлыг хандуулах юм. Намын эвлэрлээс хойш олон шинэ залуучууд намын гишүүн болж буй нь үүний нэг илрэл. Азид буй ардчилсан орныг хэвээр хадгалж олон олон залуучуудад сурч хөгжих боломж нээдэг, олон бизнесийг дотоод болон гадаадад амжилттай ажиллах боломжийг бүрдүүлдэг, хүн өөрийнхөө эзэн болж сайн сайхан амьдралаа цогцлоодог үзэл баримтлалтай намын хувьд хүчтэй сөрөг хүчин болж ажиллах нь тодорхой. Хаврын улс төр авлигатай бодитой алагчлалгүй тэмцэхийг эрх баригчдад сануулна, шахна. Тун удахгүй Нүүрсний сонсгол, хил гааль боомтын сонсгол явагдахаар иргэд бодит хүндрэл хаана, хэн үүсгэж байсныг мэдэх болно.

-Одоо АН бүтэц бүрэлдэхүүнээ цэгцэлчихвэл ерөнхийдөө жигдэрчихлээ гэж ойлгох уу?

-АН-ын эв нэгдлийн төлөө хоёр талын гэгдэх намын ҮБХ-ны гишүүд нэгдэн хуралдаж намын даргаараа Л.Гантөмөрийг сонгож, эцэст нь АН-ын бүртгэлийн гэрчилгээгээ дээд шүүхэд хүлээлгэн өгч, түүн дээр Л.Гантөмөр даргыг АН-ын даргаар албан ёсоор бүртгэсэнээр намын асуудал цэгцрэх тал руугаа орчихлоо. Би үүнд маш их баяртай байгаа.

АН бол Монголын ард түмэнд хүлээн зөвшөөрөгдсөн улс төрийн томоохон хүчин гэдэг утгаараа Монголын ардчилалд хайртай монгол түмэн ихээхэн зүйлийг хүсэн хүлээж байна. Тэд 2016 оноос хойш нэг нам эрх барихын зовлонг амсахаараа нэг болж байна шүү дээ. 2024 оны бүх шатны сонгууль хаяанд ирлээ. Тийм учраас Л.Гантөмөр даргатай АН бүтэц бүрэлдэхүүнээ яаралтай томилж, үйл ажиллагаагаа эрчимтэй өрнүүлэх хэрэгтэй байна. Орон нутгийн намуудаа ч яаралтай цэгцлэх хэрэгтэй.

ШИНЭ МЭДЭЭ