С.Бямбацогт: Гишүүдийн тоог нэмэхийг дэмжинэ
2023.04.14
Улстөр

С.Бямбацогт: Гишүүдийн тоог нэмэхийг дэмжинэ

УИХ-аар УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж эхлээд байгаа. Хэлэлцүүлгийн үед гишүүд холимог тогтолцоог дэмжиж байгаа ч тойргоос сонгогдох гишүүдийн тоо багасч байгааг шүүмжилж байгаа юм. Тус хуулийн төслийн талаар Зам, тээвэр хөгжлийн сайд С.Бямбацогттой цөөн хором ярилцлаа.

-УИХ-ын Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж байна. Сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах хувилбарыг оруулж ирсэн. Та хэлэлцүүлгийн үед шүүмжлэлтэй хандаж байсан. Холимог тогтолцоог дэмжихгүй байгаа гэсэн үг?

-Монгол Улс засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжид хуваагддаг. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хот, 21 аймагтай байна. Нийслэл нь дүүрэгтээ хуваагдана гэж Үндсэн хуульдаа заасан. 1992 оноос хойш сонгууль 21 аймаг, 9 дүүрэгдээ тулгуурлаж явж ирсэн. 76 гишүүнээ 21 аймаг есөн дүүргээс сонгодог байсан. Одоо 38 нь тойргоос, 38 нь намын жагсаалтаар сонгогдох нь байна. Ингэхээр засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн хувьд 21 аймаг, 9 дүүргээс нэг, нэг төлөөлөл орж таарна.

Газар нутаг нь том, жижиг, хүн ам нь их, багаас үл хамааран нэг нэг төлөөлөл Их хуралд сонгогдоно гэсэн үг. Ингээд 30 хүн болно. Үлдсэн наймыг хэрхэн хуваарилах вэ гэхээр мэдээж хүн амын тоог харгалзана. Улаанбаатар хотын Сонгинохайрхан, Баянзүрх гээд олон хүн амтай дүүргүүд хоёр, хоёр мандаттай болж таарах байх. Харин аймгуудаас Хөвсгөл, Өвөрхангай, Баян-Өлгий гэх мэт аймгууд хоёр, хоёр мандаттай болох байх. Үндсэндээ тойргоос сонгогдох 38 ийм байдлаар хуваарилагдана. Тэгэхээр бусад аймаг, дүүрэг нэг, нэг төлөөлөлтэй болно.

Ховд аймаг гэхэд гурван мандаттай, төлөөлөлтэй байсан бол одоо нэг болно. Энэ хэмжээгээр тухайн орон нутгийн, ард иргэдийг төрд төлөөлөх төлөөлөл 3 дахин буурах гэж байгаа учраас дэмжихгүй байгаа юм.

-Жагсаалтын 38 хүнийг эрэмбэлэхдээ эрэгтэй, эмэгтэй гэсэн хувилбараар бичих саналыг Засгийн газраас гаргасан. Үүнийг дэмжиж байгаа юу?

-Жагсаалтад 1:1 гэсэн асуудал ярьж байна. Хэрвээ ингэж явбал зарим аймаг нь ганцхан эмэгтэй төлөөлөлтэй болно. Энэ хэмжээгээр тухайн бүс нутаг, аймгийн сонгогчдын эрх ашгийг хамгаалж, аймаг орон нутгийн төлөө дуугарах дуу хоолой багасах гээд байгаа юм. Тиймээс энэ асуудлыг бодолцож үзээч ээ, арай биш байна гэсэн саналыг хэлж байгаа.

-Тэгвэл холимог тогтолцоо Үндсэн хуулийн өөрчлөлт рүү түлхээд, гишүүдийн тоог нэмэх шаардлага үүсэх үү?

-Одоогоор Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлыг яриагүй байна. Гэхдээ энэ нөхцөл байдлуудыг тал талаас нь харж, бодох ёстой. Нухацтай ярьж шийдвэр гаргах хэрэгтэй. Тойргийг тогтоохдоо засаг захиргааны нэгж, нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын тоо гэсэн гурван үндсэн үзүүлэлтийг харгалзан тогтооно гэж заасан байдаг. Энэ бүхнийг харгалзаж байж ард түмнийг төлөөлөх мандатыг хуваарилдаг. Холимог хуваарилалт багасчих гээд байгаа юм.

-Тэгэхээр ямар гаргалгаа байна вэ. Сонгуулийн тогтолцоогоо хуучин хэвээр нь явах юм уу?

-Жагсаалтыг бид шүүмжилдэг ч улс орны хэмжээнд том бодлого хардаг хүмүүс байх ёстой. Зөвхөн жалга, довны ч юм уу аймаг, дүүргийн хөгжлийн төлөө дуугарахаас гадна улс орны хөгжлийн бодлого, эдийн засаг, нийгмийн асуудал, улс орны үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын асуудлыг томоор нь хардаг байхын тулд жагсаалтаар тодорхой хэмжээнд сонгогдох ёстой байх. Тиймээс холимог тогтолцоо байж болно гэсэн байр суурьтай байдаг. Гэхдээ холимог байх ёстой гэхдээ тухайн тойрог, ард түмнийг төлөөлөх мандатыг багасгаж болохгүй.

-Тэгвэл та гишүүдийн тоог нэмэхийг дэмжиж байгаа юм уу?

-Хэрвээ гишүүдийн тоог нэмнэ гэвэл би дэмжинэ.

-Ярилцсанд баярлалаа.

ШИНЭ МЭДЭЭ