2023.04.14
Т.Аубакир: ХАА-н тусгай сан нь хувьцаат компани болсноор ижил төрлийн бизнес эрхэлдэг ААН-үүдийн үйл ажиллагаанд саад болж болохгүй
Улсын Их Хурлын Чуулганы өнөөдрийн /2023.04.14/ хуралдаанаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн Т.Аубакир:
Хөдөө аж ахуйг дэмжих сан үндсэндээ ХХК болоод олон нийтийн компани болох чиглэл рүү явж байна. Хөдөө аж ахуйг дэмжих сангийн Монголын газар тариалан, хүнсний хангамжид үзүүлсэн нөлөө маш өндөр. 2008 онд “Атрын аян” зарласнаас хойш үндсэндээ 1991-2008 он хүртэл тасарсан байсан дотоодын улаан буудайн хангамжийн асуудлыг “Атрын гуравдугаар аян”-тай зэрэгцээд цэгцэнд оруулсан сангийн нэг байсан юм.
Хүнсний ногоо, тариалан, мал аж ахуй эрхлэгчид цаг агаар болон эдийн засгийн хүнд хэцүү нөхцөлд ганцхан ханддаг сан нь “Хөдөө аж ахуйг дэмжих сан” байсан юм. Хандахаас өөр арга байхгүй. Тухайн сангаас зээл авч, үйл ажиллагаагаа явуулаад Монгол Улсын хүнсний хангамжид тодорхой хэмжээний нөлөө үзүүлээд явж байсан зээл авсан хүн болгоныг ялтан мэтээр харагдуулж болохгүй. Хөдөө аж ахуйн сангаас зээл авсан өртэй ААН-үүдийг зарласан байна шүү дээ. Зээл авсан хүн бүр ялтан биш. Зээлээ аваад заасан хугацаанд нь төлөөд явдаг ААН бий.
Нийгэмд ийм хандлага бий болчихоод байна. Хөгжлийн банк, нүүрсний хэргээс шалтгаалаад зээл авсан хүн бүрийг ялтан мэтээр харагдуулдаг. МАН засаг барьснаас хойш зээл авсан болгоныг ялтан болгож зарлаад. Хөдөө аж ахуйг дэмжих сангаас зээл трактор, техник, шатахуун хөнгөлөлттэй аваад Монголын ард түмнийг талх, тариатай нь байлгасан нь ял болж хувирах уу? Үүндээ жоохон учиртай хандмаар байна.
Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд зарим төрийн өмчит компаниудыг олон нийтийн болгоё, засаглалыг сайжруулъя гэж буй бодлогыг дэмжиж буй. Үүний өмнөх анхны хэлэлцүүлэгт миний оруулсан 2-3 санал хуульд орсон байна.
Нэгдүгээрт тухайн хөдөө аж ахуйг дэмжих сан маань ХХК болоод ижил төрлийн бизнес эрхлэгчидтэйгээ өрсөлдөөд боож унагаагаад байж болохгүй. Техник хэрэгсэл нийлүүлдэг хувь хүн, ААН бий. Эдгээр хүмүүстэйгээ өрсөлдөхгүй байхын тулд ХХК-ийн дүрэмд ижил төрлийн бизнес эрхэлдэг хувийн хэвшлүүдтэйгээ өрсөлдөж болохгүй. Олон нийтийн болгоход нь ижил төрлийн бизнес эрхлэгчдэд нь эхэлж хувьцааг нь санал болгох ажлыг ажлын хэсгийнхэн зохион байгуулах хэрэгтэй.
Түүний асуултад УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн хариуллаа.
ШИНЭ МЭДЭЭ
Төсөвт тавьсан хоригийг хэлэлцлээ
2024.11.22
МОНГОЛ УЛСЫН 2025 ОНЫ ТӨСӨВ БАТЛАГДЛАА
2024.11.09
Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд ажиллав
2024.10.08
Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд ажиллав
2024.10.07
Үндэсний цөөнхийн ТОД төлөөлөл
2024.09.03