МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

АБГББХ-ны дарга Б.Энх-Амгалан Румын Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдтай уулзлаа
2023.04.05
Гадаад харилцаа

АБГББХ-ны дарга Б.Энх-Амгалан Румын Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдтай уулзлаа

Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан өнөөдөр ( 2023.04.05 ) Румын Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Василика Басил Константинеску-г хүлээн авч уулзлаа.

Монгол Улс Румын улс 1950 оны 4 дүгээр сарын 29-нд дипломат харилцаа тогтоосон түүхтэй. Уулзалтын эхэнд АБГББХ-ны дарга Б.Энх-Амгалан Эрхэмсэг ноён элчин сайдтай уулзаж байгаад талархлаа илэрхийлээд 70 гаруй жилийн найрсаг, хамтын ажиллагааны баялаг түүхтэй хоёр улсын харилцааг олон салбарт харилцан ашигтай өргөжүүлэн хөгжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа онцлон тэмдэглэв. Тэрбээр хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг дараах салбаруудад идэвхжүүлэх саналтай байгаагаа илэрхийллээ.

Үүнд:

-Дорноговь аймгийн Сайншанд суманд баригдаж буй газрын тосны үйлдвэртэй хамтран ажиллах сонирхлоо илэрхийлсэн Румын улсын томоохон аж ахуйн нэгж “COMES” компанитай хамтран үр дүнтэй ажиллах

-Боловсрол, соёлын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлж, Румын Улсын их дээд сургуулиудад тэтгэлгээр суралцах оюутан, залуусын тоог нэмэгдүүлэх

-Хоёр талын Худалдаа, аж үйлдвэрийн танхимуудын хамтын ажиллагааны хүрээнд худалдааны эргэлтийг сайжруулах

-Эрчим хүч, кибер аюулгүй байдал болон хөдөө аж ахуйн салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх зэргээр өмнө хийгдсэн болон одоо үргэлжилж байгаа ажлуудыг эрчимжүүлэх талаар өөрийн байр суурийг тодруулан ярилаа.

Румын улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Василика Басил Константинеску хоёр улсын найрсаг хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд хүчин чармайлт гаргаж ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлж, ялангуяа хөдөө аж ахуйн салбарт Румын улсын аж ахуйн нэгжүүд мах боловсруулах үйлдвэрийн чиглэлээр болон мал, амьтныг гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг Монгол Улсад үйлдвэрлэх зэрэг тодорхой асуудалд онцгойлон анхаарлаа хандуулан ажиллах сонирхолтой байгааг уламжлав. Энэ чиглэлээр 2019 оноос салбарын яамтай санал солилцож байгаа бөгөөд Монгол Улсад Румын улс, тэр дундаа тус улсын нэг компани мал, амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг нийлүүлдэг.

Цаашдаа тухайн мал амьтны гоц халдварт өвчний тархвар зүйн судалгааг хийж, омог, хэвшлийг тогтоосны үндсэн дээр илүү үр дүнтэй вакциныг үйлдвэрлэх, Монгол Улсад үйлдвэр байгуулах сонирхолтой байдаг гэлээ. Түүнчлэн уулзалтын үеэр талууд Монгол Румын улсын парламентын бүлгийг байгуулах чиглэлээр хамтран ажиллах, ажил хэрэг болгоход хүчин чармайлт гаргаж ажиллахаар санал нэгдлээ

ШИНЭ МЭДЭЭ