МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2023.03.31
Эдийн засаг, Худалдаа

С.Чинзориг: Эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлнэ гэж өргөн хүрээнд нь харах ёстой

УИХ-ын чуулганы /2023,03,30/-ны өдрийн хуралдаанаар Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх, эсэх тухай асуудлыг хэлэлцлээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн С.Чинзориг: 

Энэ хуулийн төслийг эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлнэ гэсэн өргөн утгаар нь харвал илүү үр дүнтэй болно. Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлттэй холбоотой олон асуудал бий. Тухайлбал хөдөлмөр эрхэлж буй эмэгтэйчүүдийн ихэнх нь албан секторт хөдөлмөр эрхэлдэг. Энэ хууль батлагдсанаар албан бус секторт хөдөлмөр эрхэлж буй эмэгтэйчүүдэд хэрхэн нөлөөлөх вэ? Эмэгтэйчүүдийн үнэлэгдээгүй хөдөлмөрийг яаж үнэлэмжтэй болгох вэ? Эмэгтэйчүүдийн орлогыг хэрхэн нэмэгдүүлэх вэ? Эмэгтэй хүн хүүхэд гаргах нь улс орондоо оруулж байгаа хувь нэмэр гэж үздэг ч цалин орлого багасдаг. Энэ асуудалд хэрхэн хандаж байна вэ? Ийм учраас илүү өргөн хүрээнд нь энэ хуулийг харж боловсруулах ёстой. Худалдан авах ажиллагаанд давуу эрх олгоно гэж байна, энэ нь цаашдаа гажуудал болох вий.

Түүний асуултад УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ