Д.Сумъяабазар: Улаанбаатарын бүтээн байгуулалтад Монгол, Хятадын компаниуд хамтран оролцохоор тохирлоо
2023.02.18
Гадаад харилцаа

Д.Сумъяабазар: Улаанбаатарын бүтээн байгуулалтад Монгол, Хятадын компаниуд хамтран оролцохоор тохирлоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар БНХАУ-ын Тяньжин, Чунчин, Бээжин хотод албан томилолтоор ажиллалаа. Тэрбээр цар тахлын дараа хөл хорио тавигдаж, хүмүүс энгийн амьдралын хэмнэлдээ буцаж орсон, эдийн засаг, бизнес, тээврийн салбар сэргэн эрчимжиж буй энэ үед хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх, шинэ боломж, гарцыг нээхээр хотуудын удирдлага, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзаж, яриа хэлэлцээр хийсэн юм. Энэ талаар болон бусад асуудлаар түүнтэй ярилцлаа.

Ах дүү хотын харилцааг шинэ түвшинд гаргахыг зорилоо

-Та БНХАУ-ын гурван хотод ажиллалаа. Энэхүү албан томилолтын зорилго юу байв?

-Дэлхий даяар дэгдэж, нийгмийн бүх л салбарт нөлөөлсөн цар тахлын дараа гэдэг утгаараа энэ томилолтод ач холбогдол өглөө. Монголчууд, тэр дундаа улаанбаатарчуудын эдийн засаг, худалдаа, бизнес, ачаа тээврийн ихэнх хувь Хятадтай холбогддог, энэ утгаараа бидний амьдралд шууд нөлөөлдөг. Цар тахлын үеэр эдийн засаг, бизнес, худалдааны салбар зогсонги байдалд орж, үүнийг дагасан олон сөрөг үр дагавартай нүүр тулж, одоо ч үүнийг даван туулаад явж байна. Тэгэхээр бид цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, шинэ шатанд гаргах, хоёр талдаа харилцан ашигтай ажиллах, энэ талаар гарц, боломжуудыг нээх зайлшгүй шаардлагатай байгаа юм.

Нөгөө талаас өнгөрсөн онд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-д төрийн айлчлал хийж, эдийн засаг, худалдаа, барилга, дэд бүтэц, соёл урлаг, нийгэм, боловсролын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурсан. Энэ томоохон бодлогын хүрээнд нийслэлийн зүгээс Ах дүү хотуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, шинэ шатанд гаргах зорилготой ажиллалаа.

Д.Сумъяабазар: Улаанбаатарын бүтээн байгуулалтад Монгол, Хятадын компаниуд хамтран оролцохоор тохирлоо
 

-Тяньжин, Чунчин, Бээжинд хийсэн яриа хэлэлцээр, уулзалтуудын үр дүнг та хэрхэн харж байна вэ?

-Албан томилолт бол гэнэтийн, эсвэл хоёр сарын өмнө гаргасан шийдвэр байгаагүй ээ. Улаанбаатар хотын хувьд цар тахлын үед ч хамтын ажиллагаатай Ах дүү хотуудтайгаа харилцаатай байж, тодорхой уулзалтуудыг цахимаар хийж байсан. Амаргүй нөхцөлд ч бие биетэйгээ туршлагаа хуваалцаад, дэмжээд, санал солилцоод, илүү нягт ажилласан учраас цаашид харилцаагаа тэлэх хөрс бүрэлдсэн байсан гэсэн үг.

Энэ удаагийн уулзалтууд, яриа хэлэлцээрүүд цаашид тодорхой салбарт, тодорхой чиглэлүүдэд ажил хэрэг болоод явах, богино хугацаанд үр дүнгээ өгөх, бас Улаанбаатар хотын хувьд хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын шинэ боломжуудыг нээх нь тодорхой боллоо гэж харж байна.

-Энэ талаар илүү тодруулж асуумаар байна. Тухайлбал, ямар ажлуудыг хийхээр төлөвлөв?

-Харилцан ашигтай, өргөн хүрээний хамтын ажиллагаа, тэр дундаа Ах дүү хотын харилцаа гэдэг бол Улаанбаатарын хувьд том нөөц. Энэ утгаараа хотын удирдлага үүнд онцгой ач холбогдол өгөх ёстой. Өнгөрсөн оны есдүгээр сард бид ОХУ-ын нийслэл Москва хотод мөн ажлын айлчлал хийж, 65 жилийн түүхтэй хамтын ажиллагаагаа шинэ түвшинд гаргах, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх яриа хэлэлцээр  хийсэн. Үүний дагуу тодорхой ажлууд хийгээд явж байна.

Энэ удаа Хятадын гурван хоттой хамтын ажиллагаагаа тэлэх, өргөжүүлэх, хот төлөвлөлт, нийтийн тээвэр, хог хаягдлын менежмент дээр эдгээр хотын хэрэгжүүлж буй сайн жишиг, шинэ технологиудыг Улаанбаатарт турших, нэвтрүүлэх талаас нэлээд ач холбогдолтой яриа хэлэлцээр хийсэн. Тухайлбал, дэлхийн 180 гаруй улс орон, бүс нутгийн 500 гаруй боомттой холбогддог Тяньжин хотын боомтыг түшиглэн хамтран ажиллах боломжуудыг хэлэлцлээ. Тяньжин хотын Дунзян чөлөөт худалдааны боомт бүсийн 10 га газарт 50 жилийн хугацаатай “Тээвэр-логистикийн төв” байгуулахаар шийдвэрлэж байсан. Гэхдээ сүүлийн 16 жилийн турш энэ төслийн талаар тодорхой шийдэлд хүрээгүй, хөрөнгө оруулалт хийгээгүй. Энэ ажлыг урагшлуулах, хамтран ажиллах боломжууд байна. Мөн Ах дүү хотын харилцааны хүрээнд соёл, боловсрол болон эдийн засгийн салбарт цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ. Түүнээс гадна  Хятад-Сингапурын хамтран хэрэгжүүлж буй ухаалаг хот, эко хот концепцын ухаалаг шийдлүүдийг шинэ суурьшлын Буянт-Ухаа бүсэд нэвтрүүлэхээр тохиролцлоо.

Д.Сумъяабазар: Улаанбаатарын бүтээн байгуулалтад Монгол, Хятадын компаниуд хамтран оролцохоор тохирлоо
 

Чунчин  хотын LRT, метро, монорейл зэрэг масс тээврийн туршлагаас судалж, метро үйлдвэрийн удирдлагатай уулзаж, хөнгөн галт тэргийг үйлдвэрийн үнээр авах талаар хэлэлцсэн. Хотуудад нийтлэг тулгамддаг түгжрэл, автомашины төвлөрлийг сааруулах үр дүнтэй шийдлүүдийг Чунчин нэвтрүүлээд, нийтийн тээврээ маш сайн төрөлжүүлсэн туршлагыг бид харлаа. Хүн амын нягтаршил ихтэй бүх л том хотод байдаг жишиг шүү дээ. Тэгэхээр бид LRT манайд хэрэгтэй, хэрэггүй гэж мэтгэлцэх биш, яаж хийх вэ, нэвтрүүлэх вэ гэдэгт л төвлөрөх цаг болсон байна.

Чунчин хоттой боловсрол, соёл, эдийн засаг, худалдааны чиглэлээр хамтран ажиллах, Ах дүү хотын харилцааны хүрээнд соёл, аялал жуулчлалын арга хэмжээнүүдийг зохион байгуулах, энэ чиглэлд хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээр тохиролцсон. Тухайлбал, хотуудынхаа соёлын өдрүүдийг харилцан зохион байгуулдаг болох, аялал жуулчлалын тусгай хөтөлбөр гаргана. Түүнчлэн цаашдын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, энэ чиглэлд шинэ гарц, боломжуудыг бий болгохоор Чунчин-Улаанбаатар хотын хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих хамтарсан хурлыг зохион байгуулсан. Үүнд тус хотын 60 гаруй аж ахуйн нэгж оролцож, хамтарч ажиллах, хөрөнгө оруулах сонирхолтойгоо илэрхийлсэн.

БНХАУ-ын нийслэл Бээжин хоттой 2014 онд Ах дүү хотын харилцаа тогтоосон, ирэх онд 10 жилийнх нь ой болно. Энэ хугацаанд хоёр хот олон салбарт өргөн хүрээтэй хамтран ажилласаар ирлээ. Цаашид хоёр хот хүмүүнлэг, нийгмийн салбарт хамтын ажиллагаагаа тэлэх талаар хэлэлцлээ. Тухайлбал, боловсон хүчний бодлогын түвшний хамтын ажиллагааны хүрээнд төрийн албан хаагчдыг чадавхжуулах, сургалтад хамруулахаар болсон. Мэдээж, эдийн засаг, бизнесийн харилцаагаа эрчимжүүлэх, Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын ажилд Монгол, Хятадын аж ахуйн нэгж, компаниудыг оролцуулах талаар хэлэлцэж тохирлоо.

Төсөв, санхүүжилт хязгаарлагдмал гээд гараа хумхиад сууж болохгүй

Д.Сумъяабазар: Улаанбаатарын бүтээн байгуулалтад Монгол, Хятадын компаниуд хамтран оролцохоор тохирлоо
 

-Та LRT буюу хөнгөн галт тэрэг, метро үйлдвэрийн удирдлагатай уулзаж, үйлдвэрийн үнээр авах боломжийн талаар хэлэлцсэн. Хөнгөн галт тэрэгтэй болоход Улаанбаатарын төсвийн чадамжийн асуудал яригдана. Ер нь хотын төсвийн чадамж ямар түвшинд байна вэ?

-Хотын нийтийн тээврийг төрөлжүүлэх нь зайлшгүй чухал. Улаанбаатарын хамгийн том асуудал болоод байгаа түгжрэлийг шийдэхэд багтаамж ихтэй масс тээвэр хэрэгтэй нь гарцаагүй. Тийм учраас үүнийг хэрхэн, ямар байдлаар хийх вэ гэдэг л бидний анхаарах ёстой, мэтгэлцэх учиртай асуудал юм. Хөрөнгө мөнгө, төсвийн чадамжтай холбоотой асуудал бий. Улаанбаатар хот өөрөө төсвөөс хамаарсан нөхцөл байдалтай 30 гаруй жил явж ирлээ. Үндсэн хуулийн дагуу нийслэл төсвөө өөрөө толгой даагаад зохицуулах эрхгүй. Өөрөөр хэлбэл, төсвийн харилцааны зохицуулалт нь УИХ-ын мэдлийн асуудал болчихдог. Тэгэхээр хот дээр тулгамдаж байгаа асуудлуудыг шийдэх, бүтээн байгуулалтаа хийх, цаашлаад хөгжлийн том алхам руу зориглох гэхээр санхүүжилт, төсвийн асуудал тулгараад байгаа юм.

Нэг жишээ хэлье. Засгийн газрын 2021 оны тавдугаар сарын 19-ний 146 дугаар тогтоолоор нийслэл Улаанбаатар хотоос улсын төсөвт төвлөрүүлдэг 420 тэрбум төгрөгийн орлогыг хотод үлдээж, хотын хөгжил дэвшилд, тодруулбал, түгжрэл бууруулах, төвлөрөл сааруулах, дагуул хотуудыг хөгжүүлэхэд зарцуулахаар шийдвэрлэсэн. Гэтэл үүн дээр ч нарийн ялгаа зааг, зохицуулалтууд байсныг хэлэх хэрэгтэй. Олон хүн 420 тэрбум төгрөгийг хот зарцуулсан гэж бодож байгаа. Гэтэл тухайн жилийн улсын төсөвт хот 167 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээр тусгасан. Товчхондоо, нийслэлд үлдээхээр байсан 420 тэрбумаас 167 тэрбумыг хассан гэсэн үг. Мөн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн асуудлыг шийдэх үүргийг Ерөнхий сайд өгсний дагуу 100 тэрбум орчим төгрөгийг үүнд зарцуулсан. Ингэхээр 150 тэрбум гаруй төгрөг л үлдэж байгаа юм. Үүнээс томоохон бүтээн байгуулалттай холбоотойгоор газар чөлөөлөх зардал хасагдана. Тэгэхээр томоохон бүтээн байгуулалт, дорвитой шинэчлэлийн тухайд төсөв хүрэлцэхгүй асуудал л босож ирсэн. Дээр нь ачаа тээврийн саатал, валютын ханш гээд гадаад хүчин зүйлүүд ч нөлөөлдөг.

-Гэтэл урт хугацааны бүтээн байгуулалтын маш олон ажлыг үргэлжлүүлэх хэрэгтэй байдаг?

-Тийм. Өнгөрсөн хугацаанд үргэлжилсэн бүтээн байгуулалтыг төсөвгүй гээд зогсоочихож болохгүй шүү дээ. Зарим тохиолдолд аж ахуйн нэгжүүд өөрсдийн эх үүсвэрээр хүртэл ажлаа үргэлжлүүлээд хийх тохиолдол ч гарна. Урьдчилгаа төлбөргүйгээр шүү дээ. Тэгэхээр зарим хүний ойлгоод байдаг шиг 420 тэрбум төгрөгийг үрээд, үр ашиггүй зарцуулчихсан зүйл огт байхгүй.  Гэрээний дагуу бүх зүйл тоо баримттайгаа л явж байгаа. Мэдээж, энэ мэт нарийн зохицуулалтыг мэдэхгүйгээс, эсвэл зориуд мушгих зүйлүүд гардаг.

Д.Сумъяабазар: Улаанбаатарын бүтээн байгуулалтад Монгол, Хятадын компаниуд хамтран оролцохоор тохирлоо
 

Нөгөө талаас төсөв, санхүүжилт хязгаарлагдмал гээд гараа хумхиад сууж болохгүй гэж би хардаг. Тулгамдаад байгаа, өнөө маргаашгүй шийдэх ёстой асуудлуудыг цэгцлэх, төсвийн харилцаагаар зохицуулах боломжгүй нөхцөлд гарц, шийдэл олоход бид бүх боломж, нөөцөө ашиглах ёстой. Үүн дээр бусад хоттой хамтын ажиллагаагаа тэлэх, хөрөнгө оруулалт татах, өөрсдийн санхүүгийн эх үүсвэртэй болох ажлуудыг хийж байна. Хийх ч ёстой. Орос, Хятадын хотуудад ажиллаж, хэлэлцээр хийж байгаа минь үүний л нэг хэсэг. Цаашлаад, Япон, Европын хотуудтай хамтрах төлөвлөгөө бий. Дэлхийн бусад хоттой хамтран ажиллах, нэг түвшинд хэлэлцэхийн тулд бид өөрсдөө бас хөгжих ёстой. Хөрөнгө оруулалтаа үр ашигтай, оновчтой зарцуулдаг, хоёр талдаа ашигтайгаар хамтарч ажилладаг байх хэрэгтэй.

Бид зөвхөн авдаг, гуйдаг биш, өгдөг, тохиролцдог, ойлголцдог байх ёстой

-Чунчин-Улаанбаатар хотын хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих хамтарсан хурлыг зохион байгуулсан. Үүнд тус хотын 60 гаруй аж ахуйн нэгж оролцож хамтарч ажиллах, хөрөнгө оруулах сонирхолтойгоо илэрхийлсэн талаар та дурдсан. Энэ чиглэлд хоёр талдаа харилцан ашигтайгаар хэрхэн ажиллах боломжтой вэ?

-Улаанбаатарт одоо хийж байгаа, цаашид хийх бүтээн байгуулалт, шийдлүүд, өөрчлөлтийг бид дангаараа, төсвийн хөрөнгөөрөө хийж чадахгүй нь ойлгомжтой. Тэгэхээр бусадтай хамтарч, хөрөнгө оруулалт татаж, гарц олно. Бид зөвхөн авдаг, гуйдаг биш, өгдөг, тохиролцдог, ойлголцдог байх ёстой. Бусадтай хамтарч ажилладаг, хэлсэн амандаа хүрдэг, эргээд хариуцлагаа үүрдэг, худалдаа, хөрөнгө оруулалтын бие даасан бодлоготой байж дэлхийн бусад хоттой харьцана шүү дээ.

Тэгэхээр мах, нүүрс гээд өөрсдийн бүтээгдэхүүнээ санал болгоё, боломжуудыг гаргаж өгье гээд байгаа юм. Чунчин хотоос ногоо аваад хариуд нь хонины махаа зардаг байж л эн тэнцүү, хоёр талдаа хожсон зарчмаар хөгжинө.

Д.Сумъяабазар: Улаанбаатарын бүтээн байгуулалтад Монгол, Хятадын компаниуд хамтран оролцохоор тохирлоо
 

-Тэгэхээр боломж, гарц байна гэж та харж байна уу?

-Тэгэлгүй яах вэ. Төсвийн санхүүжилтийг хараад суухгүйн тулд хийж байгаа бас нэг ажил хотын мэдлийн “Эрдэнэс Баянбогд” ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах. Улаанбаатар хотын тулгамдсан асуудлуудыг шийдэх, бүтээн байгуулалт хийх, цаашлаад бие даасан байдлаар богино хугацаанд хөгжих санхүүгийн эх үүсвэрийг энэ төслийг урагшлуулаад шийдэж болно. Гэхдээ сайн засаглалтай, хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй, үнэлгээг нь  тогтоосон гээд цогц, ухаалаг байдлаар урагшлуулна. Ингэж байж учирч болзошгүй эрсдэлээс сэргийлнэ, үр шимийг нь хүртэнэ.

“Эрдэнэс Баянбогд” төсөл бол Улаанбаатар хотын цаашдын хөгжилд нөлөөлөх, 50 жилийн санхүүгийн эх үүсвэрийн суурь дэмжлэг. Цаашлаад энэ хотод тулгамдаад байгаа асуудлуудыг шийдэх, бүтээн байгуулалтын ажлуудыг хийх хөрөнгө оруулалт, мөнгөн урсгалыг нь дэмжсэн баталгаа болно гэж харж байна. Товчхондоо, энэ бол нийслэлийн, улсын өмч, хөгжих, өсөх боломж гэж хараасай гэж боддог.

Д.Сумъяабазар: Улаанбаатарын бүтээн байгуулалтад Монгол, Хятадын компаниуд хамтран оролцохоор тохирлоо
 

-2023 оныг Монголд зочлох жил болгон зарласантай холбогдуулан нийслэл ямар бодлого баримталж ажиллах вэ?

-Засгийн газрын тэргүүн 2023 оныг Монголд зочлох жил болгон зарласантай холбогдуулаад Улаанбаатар хотод зохион байгуулах, хийх ажил цөөнгүй байна. Энэ томилолтоор ч бас энэ талаар хэлэлцээр хийсэн, тодорхой төлөвлөгөөний дагуу ажлууд үргэлжлээд явна. Энэ жилийн хувьд Улаанбаатарт Зүүн Азийн залуучуудын наадмыг зохион байгуулна. Монгол Улсад анх удаа болох спортын олон төрөлт наадамд Зүүн Азийн есөн олимпын хорооны 1500 орчим тамирчин спортын 11 төрлөөр хурд, хүчээ сорино. Тамирчдаас гадна зочид, төлөөлөгч нийлээд 2500 орчим хүн ирэхээр байгаа. Энэ наадмыг амжилттай зохион байгуулах нь бидний хувьд маш чухал, жуулчид татах, эх орноо таниулахад багагүй хувь нэмэр оруулна гэж харж байна.

Нөгөө талаас хотын гадаад харилцаа, эдийн засаг, бизнес болон нийгмийн харилцааг тэлэх, хөрөнгө оруулалт татах чиглэлд Улаанбаатарын эдийн засгийн форумыг зохион байгуулна. Үүнд цаашид хамтарч ажиллах боломжтой аж ахуйн нэгж, бизнесийн байгууллагуудыг худалдааны танхим, хотын удирдлагаар нь дамжуулан урьж оролцуулахаар төлөвлөж байна.

ШИНЭ МЭДЭЭ