2023.02.23
Боловсрол, Соёл, спорт, залуучууд
Арын сайхан хангай нутгаас Улсын аваргууд тодорлоо
ТӨРИЙН ДЭЭД ОДОН, МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА
XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн сар шинийн баярын босгонд төрдөө үнэлэгдэж, салбартаа үр бүтээлтэй ажилласан ахмадууд болон иргэдийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон, медалиар шагнасныг УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, аймгийн ИТХ-ын дарга Б.Батжаргал, аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид нар гардуулан өглөө.Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 10, “Алтангадас” одонгоор 92, Хөдөлмөрийн хүндэт медалиар 17 хүн тус тус шагнагдлаа.
АВАРГА Ч.АСАРБАТЫН ШАГНАЛЫГ ГАРДУУЛЛАА
Эрдэнэбулган сум зургадугаар багийн иргэн Чойнхорын Асарбатын гэр бүл Монгол Улсын аварга малчны болзол хангаж, Засгийн газар өргөмжлөл шагнал хүртсэнийг гардуулан өгч, баяр хүргэлээ.
Ч.Асарбат 1988 онд наймдугаар анги төгсөж, тэр жилээ илгээлтээр малчин болжээ. 1988 оноос хойш тасралтгүй мал маллаж, адуу, үхэр, хонь, ямаагаа өсгөн үржүүлж, 2001-2003 онд сумын аварга малчнаар гурван удаа шалгарч, улмаар аймгийн аварга малчин болжээ. Түүнчлэн 2017 онд Хүнс, хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдаж, 2019 онд “Алтан төлийн эзэн” болсон байна.
АМЖИЛТАА АХИУЛСААР УЛСЫН АВАРГА БОЛЖЭЭ
Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат багийн малчин Нямдаагийн Ганбаатар Монгол Улсын аварга малчны болзол хангаж, Улаанчулуутын өвөлжөөн дээрээ хүндэт шагналаа гардан авлаа.
Н.Ганбаатар 11 настайдаа ээждээ туслахаар мал дээр гарч, тэр цагаас мал аж ахуйн салбарт тасралтгүй 33 жил ажиллаж, 2009 онд Сумын сайн малчин, 2011 онд Мянгат малчин, 2015 онд Аймгийн сайн малчин, 2019 онд “Алтан төлийн эзэн”-ээр тус тус шалгарч, амжилтаа ахиулсаар Улсын аварга болж байгаа юм.Тэрбээр мал сүргийнхээ бүтэц, үүлдэр угсааг сайжруулахад гойд анхаарч Увс аймгаас баяд үүлдрийн хуц, Хөвсгөл аймгаас эрчмийн хар үүлдрийн ухна, Сэлэнгэ аймгаас сэлэнгэ үүлдрийн бух авчирч, үржилд оруулж, орон нутагтаа шилмэл хээлтүүлэгч бойжуулах зорилго тавин ажилладаг малчдын нэг ажээ. Эднийх сум орон нутгаа хөгжүүлэх болон хүмүүнлэгийн ажлуудад тухай бүр хандив, туслалцаа үзүүлдэг сайн үйлстэн гэр бүл юм.
ЭРДЭНЭМАНДАЛ СУМААС УЛСЫН АВАРГА МАЛЧИН ТОДОРЛОО
Жил бүр сар шинийн босгон дээр хөдөө аж ахуйн салбар Улсын аварга, тэргүүний тариаланчдаа шалгаруулж, төр, засгийн төлөөлөл шагналыг нь гардуулдаг уламжлалтай. Бар жил, 2022 оны амжилтаараа Архангай аймгийн Эрдэнэмандал сумын “Алаг-Уул” багийн малчин Шаравдоржийн Пүрэвсүрэн Монгол Улсын аварга малчин хэмээх эрхэм цолыг хүртэж, сум, орон нутгийнхаа хөдөө аж ахуйн алдартнуудын түүхэнд нэгэн хуудас нэмлээ. Уламжлалт малч ухаанаараа арвин шимт мал сүргээ өгсөн үржүүлж, эх орныхоо эдийн засагт үнэтэй хувь нэмэр оруулсан хөдөлмөрийг нь үнэлж, Улсын аварга малчнаар шалгаруулсан гэж Монгол Улсын Засгийн газрын өргөмжлөлд дурджээ. Эрдэнэмандал сумын нутаг Хайлаастын өвөлжөөнд нутаглаж буй Ш.Пүрэвсүрэнгийн шагналыг Архангай аймаг, Эрдэнэмандал сумын удирлагуудын төлөөллийн хамт гардуулан өгч, баяр хүргэлээ.
ЦЭЦЭРЛЭГ СУМЫН Д.ОЧИРХУЯГ УЛСЫН АВАРГА МАЛЧИН БОЛЛОО
Таван эрдэнэ мал сүргийн тоо толгой, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний боловсруулалт, үйлдвэрлэлээрээ тэргүүлдэг Архангай аймгаас энэ жил Улсын аварга малчин 9 гэр бүл тодорлоо.
Энэ жилийн Улсын аваргын анхны шагналыг Архангай аймгийн Цэцэрлэг сумын Хужирт багийн нутаг Хануй хүрмийн хорхойтын дэнжид нутаглаж буй Дэмидийн Очирхуяг хүртлээ. Д.Очирхуяг 1997 оноос хойш 26 жил мал маллаж, малаа сүргээ дөрвөн төрлөөр өсгөж, үүлдэр угсааг нь сайжруулах, ашиг шимийг нь нэмэгдүүлэх, чанаржуулах тал дээр голчлон анхаарч иржээ. Тэрбээр 2011 онд Монгол Улсын мянгат малчин, 2014 онд Архангай аймгийн сайн малчин, 2022 онд “Алтан төл”-ийн эзнээр тус тус шагнагдсан шилдэг малчин юм.
ШИНЭ МЭДЭЭ
Байнгын хорооны тогтоолыг дэмжин баталлаа
2023.03.21
Алтан төлийн эзэд шагналаа гардлаа
2023.02.22
Амжилтаа ахиулсаар Улсын аварга болжээ
2023.02.20