2023.01.12
Эдийн засаг, Худалдаа

Б.Дэлгэрсайхан: Лицензийг барьцаанд оруулахгүйн тулд зээлийн зориулалтад хяналт тавих хэрэгтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2023.01.12\ нэгдсэн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хэлэлцсэн хуультай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. 

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан:

Нэгэнт эдийн засгаа тэлье, гадны банк оруулъя гэж байгаа бол эрх үүргийн хүрээнд том банк ирэх боломжийг гаргах талаас анхаарах хэрэгтэй.

Банк орж ирэхийг дэмжиж байна. Учир нь ашигт малтмал эрхэлж байгаа улсууд ихэвчлэн лицензээ барьцаалаад гадны банкаас зээл авдаг. Гэтэл мөнгө нь гаднаас орж ирдэггүй. Энэ мэтийн зүйл Монголын ашигт малтмалын салбарт дүүрэн бий. Зарим нь Монгол талтайгаа хүртэл луйвардаж лицензээ банканд тавиад, мөнгийг нь хуваагаад, зориулалтын дагуу оруулж ирэхгүй алга болгочихсон. Монгол банк энэ асуудлыг анхаардаггүй. Мөнгө орж ирсэн үгүйг нь хэн ч мэддэггүй.

Ашигт малтмалын хуульд ч тодорхой заалт байхгүй. Ерөнхийд нь хяналт тавина гэсэн зүйл л байдаг. Тиймээс банкны хууль болон ашигт малтмалын хуульд ашигт малтмалд зориулж зээл авсан бол зориулалтын дагуу ашиглах мөнгө нь орж ирсэн үү үгүй юу гэдгийг хоёр талаасаа хянах хэрэгтэй.

Хяналт тавиагүйгээс Монгол улсад лиценз дээрх арга замаар гадны гарт орчихоод байгаа шүү. Гадны банкандаа ч эрсдэлтэй. Гадныхан ч хөрөнгө оруулж байгаа нэртэй Монголын цаасыг барьцаанд тавьж мөнгөтэй болж, манайханд жоохон хувь хүртээдэг ийм л жишиг тогтчихоод байна. Энэ хуульд чинь үүнийг зохицуулах заалт алга. 

ШИНЭ МЭДЭЭ