МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Төмөр замын тээврийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2023.01.11
Зам, Тээвэр

Төмөр замын тээврийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт /2023-01-10/ Төмөр замын тээврийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ.

Улсын Их Хурлын 2017 оны 11 дүгээр тогтоолоор баталсан “Хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэл”-ийн 72-т “Төмөр замын тээврийн үйлчилгээнд оролцогчдыг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр зах зээлийн өрсөлдөөнд тэгш байдлаар оролцох бололцоогоор хангах, үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, тээврийн бусад салбарын уялдаа холбоог оновчтой зохицуулах, тээвэр логистикийн цогц үйлчилгээ бий болгох эрх зүйн орчинг бүрдүүлэх” гэж заасан.

Монгол Улсын нутаг дэвсгэрийн хөгжлийн тэнцвэрийг хангах, улсын эдийн засаг, нийгмийн нэгдмэл орон зайг бэхжүүлэх зорилгоор төмөр замын сүлжээ байгуулахад харгалзах хүчин зүйлийг тодорхойлж хуульд тусгах шаардлага үүссэн гэж салбарын сайд танилцууллаа.

Тэрбээр, сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд төмөр замын тээврийн салбарт өмчийн олон хэлбэр бүхий хуулийн этгээд бий болж, хэрэглэгчийн тоо өссөн. 2010 оны байдлаар суурь бүтэц эзэмшигч, тээвэрлэгч 1 байсан бол өдгөө суурь бүтэц эзэмшигч 4, тээвэрлэгч 4, суурь бүтэц барих, угсрах эрх бүхий 253, дагнасан болон салбар зам, талбай, хөдлөх бүрэлдэхүүн эзэмшигч 250 орчим болсон.

Төмөр замын тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, суурь бүтцийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, тээвэрлэлтийн тасралтгүй, хэвийн, найдвартай үйл ажиллагааг хангуулах, үйлдвэрлэл, техникийн үйлчилгээ засварыг өргөжүүлэх зориулалттай тусгай болон хамгаалалтын бүс, зурвас газрыг дур мэдэн, хууль бусаар эзэмших, ашиглах асуудал гарч, аюултай бүсийн асуудлыг бүрэн зохицуулах шаардлага гарч ирсэн. Төмөр замын суурь бүтцийн өмчлөл, эзэмшил, төмөр замын үйлчилгээ, түүнд тавигдах шаардлагыг тодорхойлж, хэрэглэгчдэд найдвартай аюулгүй үйлчилгээ үзүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлэх шаардлага бий болсон.

Иймд өмчийн олон хэлбэр бүхий төмөр замын суурь бүтэц эзэмшигчид болон тээвэрлэгчдийн хоорондын харилцааг зохицуулах, тэдгээрийн тээврийн үйл ажиллагаатай холбоотой хяналт, зохицуулалтыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага байх зүй ёсны шаардлага бий болоод байна гэлээ.

Хуулийн төсөлд шинээр болон шинэчлэн оруулсан онцлох зохицуулалтууд дурдвал, хуулийн төсөлд тодорхойгүй байсан төмөр замын нийтийн зориулалттай болон тусгай зориулалтын зам, салбар замын өмчлөл, эзэмшлийн асуудлыг зохицуулсан. Төмөр замын зориулалттай газрыг тодорхойлж, төмөр замын аюултай бүс, төмөр замын зурвас газар, хамгаалалтын бүсийн талаарх зохицуулалтыг тодорхой болгосон. Төмөр замын суурь бүтцийн үйлчилгээ, түүнд тавигдах шаардлага, суурь бүтцийн үйлчилгээ үзүүлэгчийн эрх, үүргийн талаар тусгаж, суурь бүтцийн үйлчилгээ үзүүлэгч тэгш эрхийн үндсэн дээр үйлчилгээ үзүүлэх эрх зүйн орчин бүрдсэн байна.

Төсөл батлагдсанаар төмөр замын тээвэрлэлттэй холбоотой зарим суурь харилцаа хуулийн хүрээнд илүү тодорхой зохицуулагдаж, тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогчдын тэгш оролцоог хангаж, суурь бүтэц болон хөдлөх бүрэлдэхүүний ашиглалт, засвар үйлчилгээ сайжирч, хөрөнгө оруулалт, тээврийн үр ашгийг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ гэж үзжээ.

ШИНЭ МЭДЭЭ