МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

С.Бямбацогт: 2023 онд 50,000 "С" зөвшөөрлийг олгохоор БНХАУ-тай харилцан тохироод байна
2022.12.21
Зам, Тээвэр

С.Бямбацогт: 2023 онд 50,000 "С" зөвшөөрлийг олгохоор БНХАУ-тай харилцан тохироод байна

Нүүрсний олборлолт, тээвэрлэлт, экспорттой холбоотой Ерөнхий хяналтын сонсгол Төрийн ордонд өнөөдөр болж байна. Оролцогчдод Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт ачаа тээврийн "С" зөвшөөрлийн олголт болон хилийн боомтоор сүүлийн жилүүдэд нэвтэрсэн тээврийн хэрэгслийн талаар мэдээлэл өглөө. Түүний мэдээллийг хүргэж байна.



"Монгол Улс, БНХАУ-тай 1991 онд Засгийн газар хоорондын авто, тээврийн хэлэлцээрийг байгуулж, 2011 онд шинэчлэн баталсан байдаг. Энэхүү хэлэлцээрийн хүрээнд байгуулсан протоколын дагуу 7 төрлийн зөвшөөрлийг өгдөг. 

БНХАУ-тай тогтмол зорчигч тээврийн тогтмол А, тогтмол бус тээврийн B, байнгын ачаа тээврийн С, түр хугацааны ачаа тээврийн D, овор ихтэй ачаанд E, аюултай ачаанд F зөвшөөрлийг олгодог болсон. Энэ дагуу тээвэрлэлт хийгддэг юм.

Автотээврийн үндэсний төв болон ӨМӨЗО, ШУӨЗО-ны зам, харилцаа, тээврийн танхимынхан жил болгон уулзаж зөвшөөрлийн бичгийн тоог тогтоодог. 2002 онд ӨМӨЗО-д 39,500, 2021 онд 38,000, 2022 онд 38,000 С зөвшөөрөл Замын-Үүд, Гашуунсухайт, Булган, Бичигт, Ханги, Баянхошуу боомтуудад олгогдож байна.

2020 онд олгосон С зөвшөөрлийн 89%, 2021 онд 95%, 2022 онд 75%-ийг ашигласан. 2023 онд 50,000 С зөвшөөрлийг олгохоор харилцан тохироод байна.

Засгийн газраас гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх тогтоол, Ковидын хөл хорионы үед нүүрсний тээвэрлэлтийг тасалдуулахгүй байх шийдвэр гарсан. Энэ хүрээнд С зөвшөөрлийн бичилтийг АТҮТ, олголтыг Боомтын үндэсний зөвлөл хийж ирсэн.

Шинээр батлагдсан Засгийн газрын 362 дугаар тогтоолоор С зөвшөөрөл олгох зохион байгуулалтыг уурхайн олборлох компаниуд хийхээр болсон. 

"АТҮТ" ТӨУҮГ нь улс хоорондын ачаа тээврийн С зөвшөөрлийг олгоход хээл хахууль авсан гэх хэл ам гардаг байсан. Үүнийг ил тод болгохоор тээврийн нэгдсэн системтэй болгож, зөвшөөрөл олгох үйл ажиллагааг нээлттэй болгоод байна.

Тээврийн нэгдсэн системд одоогийн байдлаар Гашуунсухайт, Баянхошуу, Бичигт, Шивээхүрэн, Замын-Үүд, Ханги, Булган, Бургастай боомтод ажиллаж байгаа 500 орчим ААН-ийн 27,900 гаруй тээврийн хэрэгсэл, 26,400 орчим мэргэшсэн жолооч  бүртгэлтэй. Үүнээс Гашуунсухайт боомтод 320 орчим ААН-ийн 21,600 тээврийн хэрэгсэл, 22,000 мэргэшсэн жолооч ажиллаж байна. Эдгээр нь Монгол Улсаас БНХАУ руу тээвэр хийж байгаа С зөвшөөрөлтэй нийт ААН-үүдийн 65%, тээврийн хэрэгслийн 77%, мэргэшсэн жолооч нарын 84%-ийг эзэлж байна.

Хилийн боомтуудаар нэвтэрсэн тээврийн хэрэгслийн судалгаа:

Гашуунсухайт

  • 2018 онд 261,000
  • 2019 онд 258,000 19 сая тонн нүүрс гаргасан
  • 2020 онд 167,000
  • 2021 онд 79,000
  • 2022 онд 63,000 тээврийн хэрэгсэл хилээр нүүрс гаргасан тухай мэдээллийг Хил Хамгаалах Ерөнхий Газраас өгч байна.

ҮСХ-ны болон бусад мэдээллээс үзэхэд нүүрс тээвэрлэлт байнга өсөж байгаа. 2003 онд 400,000 орчим тонн нүүрс тээвэрлэдэг байсан бол 2010 онд 16 сая тонн, 2016 онд 24 сая тонн, 2018-2019 онд 32-33 сая тонн нүүрс экспортод гарч байсан. Экспортын оргил энэ үед жолооч, тээвэрлэгчид гол ачааллыг нуруун дээрээ үүрч байсан, тэдэнд талархал илэрхийлэх нь зүйтэй.

Ковидоос шалтгаалан 2020 онд нүүрсний тээвэр буурч 21 сая тонн, 2021 онд 16 сая тонн, 2022 онд 28 сая тонн нүүрс тээврийг зохион байгуулж гаргасан байна. Тээврийн хэрэгслийн нэвтэрсэн тоо буурсан ч тээвэрлэж гаргасан нүүрсний хэмжээ нэмэгдэж байгаа нь битүүмжилсэн бөмбөлөг тээвэр сайжирсан, давхар чингэлгийг нэвтрүүлсэнтэй холбоотой" гэв.

Уул уурхайн олборлогч компаниуд С зөвшөөрөл олгох болон уурхайн ам нөхцөлөөр, хилийн үнэ нөхцөлөөр тээвэрлэлт хийхтэй холбоотой тулгамдаж буй асуудлууд бий, Үүнийг тээвэрлэгч, жолооч нартай хамтарч шийдвэрлэхээ хэллээ.

ШИНЭ МЭДЭЭ