МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.12.13
Зам, Тээвэр

"Тавантолгой төмөр зам" ХХК-д БЭТ томилж, ажлыг нь хүлээлгэн өгөв

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар өнөөдөр /2022.12.12/ "Тавантолгой төмөр зам" ХХК-д зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож, Бүрэн эрхт төлөөлөгчөөр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Хууль, эрх зүйн газрын дарга Н.Мягмарыг томилон ажиллуулахаар шийдвэрлэсэн байна. Тус шийдвэрийн дагуу Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт дөнгөж сая Н.Мягмарт компанийг удирдах, бүрэн төлөөлөх эрхийг олгон, үүрэгт ажлыг нь хүлээлгэн өглөө.

Онцгой дэглэм тогтоосон хугацаанд "Тавантолгой төмөр зам" ХХК-ийн үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, ил тод болгох, засаглалыг сайжруулах, бүх шатны үйл ажиллагаа, санхүүгийн бүртгэл, тайланг дүгнэх, дүгнэлт гаргах. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаа болон хөдөлгөөн зохион байгуулалт, аюулгүй байдлыг мэргэжлийн удирдлагаар хангаж, төсөлд зарцуулсан хөрөнгөд хөндлөнгийн аудит хийлгэж, хууль бус ашиг сонирхлын зөрчилтэй үйлдэл, үйл ажиллагааг байгаа эсэхийг тогтоох зорилгоор Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгчийг ийнхүү томилоод байгаа аж.

Түүнчлэн "Богдхан" төмөр зам төсөл болон" Тавантолгой төмөр зам" ХХК-ийн хөрөнгө оруулалт, бизнес төлөвлөгөөнд заасан зорилт, арга хэмжээний хэрэгжилт, худалдан авах ажиллагаанд санхүүгийн иж бүрэн хамтарсан хяналт шалгалт хийж, дүнг Засгийн газрын хуралдаанд танилцуулах үүрэг хүлээжээ.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам нь Өмнөговь аймгийн Цогтцэций, Баян-Овоо, Ханбогд сумдын нутгийг хамарсан 233.6км урттай 2 өртөө, 6 зөрлөгтэй, 16 гүүр, 126 хоолой, найман мал амьтны гарцтай. Нийт хувьцааны 66 хувийг "Эрдэнэс Тавантолгой" ХК, 34 хувийг "Монголын төмөр зам" ТӨХК тус тус эзэмшиж байна. Засгийн газрын 2022 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн тогтоолоор тус компанийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчээр Монголын төмөр зам ТӨХК-ийг тогтоосон.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын барихад шаардагдсан хөрөнгийн тодорхой хэсгийг нүүрс урьдчилан борлуулах гэрээ байгуулах замаар санхүүжүүлсэн тус компанийн төмөр замын бүтээн байгуулалтын үйл ажиллагаа нь иргэд, олон нийтийн дунд үүсээд байгаа нүүрсний хулгайн асуудалтай холбогдоод байгаа юм.

ШИНЭ МЭДЭЭ