Одоо л анхаарахгүй бол өвөлжилт хүндрэх өндөр эрсдэлтэй байна !
2022.12.05
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Одоо л анхаарахгүй бол өвөлжилт хүндрэх өндөр эрсдэлтэй байна !

Баруун бүс нутаг тэр дундаа Ховд аймагт өвөлжилт, хаваржилт хүндрэх маш өндөр эрсдэл үүсээд байна. Ялангуяа, баруун сумдад их хэмжээний цас орсноос малын хамар хатгах өвсгүй болжээ.

Цас зуд нүүрлэсэн хойно дэмий халаглаж суухгүйгээр бэлтгэлээ эртнээс базаахыг сануулж 150 000 000 /нэг зуун тавин сая/ төгрөгийн шагналын сантай “Өвөл, хаврыг өнтэй давцгаая” уралдааныг есдүгээр сард санаачлан зарласан.

Мөн уралдааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг малчин бүрт хүргэх, мал маллах арга ухааны арвин туршлага хуримтлуулсан тэргүүний малчдын зөвлөмж, мэргэжлийн байгууллагын зөвлөгөө мэдээллийг багтаасан сонины тусгай дугаарыг бэлтгэн аймгийнхаа бүх малчин өрхөд хүргүүлсэн.

Өвөлжилт, хаваржилтын бэлтгэлээ сайтар базааж, хохирол багатай давсан сумдыг шалгаруулж нийт 45 000 000 /дөчин таван сая/ төгрөгөөр мөн хөдөөгийн 63 баг тус бүрээс нэг малчин өрхийг “Хашир малчин өрх”-өөр шалгаруулж гадаадад аялах эрхийг бичгээр шагнаж урамшуулах энэхүү уралдааныг дахин сануулж сумын Засаг дарга нар болон Багийн Засаг дарга нар хариуцлагатай зохион байгуулах тухай удирдамж, албан бичгийг бүх сумын Засаг дарга нартаа хүргүүлж байна. /дэлгэрэнгүй мэдээллийг 99103388 утсаар лавлаарай/

Малчиддаа зориулан Ховд аймгийнхаа 16 суманд “Нутгийн намар” өдөрлөг зохион байгуулж, давхардсан тоогоор 23 000 иргэнд эрүүл мэндийн үнэ төлбөргүй үзлэг, оношилгоо эмчилгээ хийлгэсэн. Одоо аймаг сумдынхан маань хэд хэдэн арга хэмжээ шуурхай авах шаардлага байна.

  • 1-рт “ӨВЛИЙН ИДЭШЭЭ НУТГААСАА” арга хэмжээг сумдын Нутгийн зөвлөлүүдтэйгээ хамтарч зохион байгуулж малчдаас мал мах худалдан авах.
  • 2-рт Улсын болон аймаг сумын өвс тэжээлийн нөөцийг яаралтай нэмж бүрдүүлэн хэрэгтэй газар нь зөв шуурхай хуваарилах
  • 3-рт Монгол шуудангийн салбараар дамжуулан аймаг бүрт борлуулж буй УУРАГТ ТЭЖЭЭЛ-ийг малчиддаа таниулж сурталчлан тухайн компанитай нь холбож өгөх.
  • 4-рт Нийслэл, аймгийн нөөцийн мах бэлтгэж буй ААН-үүдтэй хамтран ажиллах
  • 5-рт Иргэд жолооч нар хол ойрын замд зорчихдоо машин техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар нягтлан, шатахууны нөөцтэй байх.
  • 6-рт Отор нүүдэл хийж буй болон алслагдмал газар өвөлжиж буй иргэдийнхээ эрүүл мэндэд онцгой анхаарах нь чухал байна.

ШИНЭ МЭДЭЭ