МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Б.Баттөмөр: Нүүрсний хулгайчийг барих амархан
2022.11.17
Улстөр

Б.Баттөмөр: Нүүрсний хулгайчийг барих амархан

УИХ-ын гишүүн Б.Баттөмөрөөс цаг үеийн асуудлаар тодрууллаа.


-Ирэх оны төсөв батлагдлаа. Эдийн засагчдын зүгээс ирэх онд эдийн засаг хүндрэхийг хэлж, шүүмжилж байна. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?  

-Төгрөгийн худалдан авах чадварыг дээшлүүлэх ёстой. Ашигт малтмалыг дэлхийн зах зээлийн үнэд хүргэж худалдах ёстой. Манай инфляцийн гол өдөөгч нь валютын ханш. Өнөөдөр нэг доллар 3405 төгрөг байна. Монгол төгрөгийн ханш тасралтгүй унаж байна. Тиймээс төгрөгийн ханшийг тогтвортой байлгах чиглэлээр ажиллах ёстой. Манайхан чаддагаараа бодлогын хүүгээ өсгөөд 12 хувьд хүргэчихсэн. Бодлогын хүүг өсгөнө гэдэг ханшны уналтыг бууруулах, инфляцийг бууруулах нэг арга. Нөгөө талдаа ажил эрхлэлт, бизнест эрхлэлт, үйлдвэрлэл үйлчилгээнд сөргөөр нөлөөлдөг. Бодлогын хүү өндөр байх тусам банкнаас гарах нь саарч, зээлийн хүү нэмэгдэнэ. Тиймээс бодлогын хүүг нэг оронтой тоонд оруулах тоонд оруулах боломж бий. Бидний үйл ажиллагаанаас шалтгаална.

-Монгол Улс ОУВС-ийн хөтөлбөрт он гараад хамрагдах талаар эрх баригчид ярьж эхэллээ. Уг хөтөлбөрт хамрагдах шаардлага үүссэн үү?

-ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдах шаардлага үүсээгүй гэж бодож байна. Харамсалтай нь 30 жилийн хугацаанд зургаан удаа уг хөтөлбөрт хамрагдсан. Валютын сангийн хөтөлбөрт хамрагдана гэдэг нь “эх орноо удирдаж, авч явж чадахгүй байна, туслаач ээ” гэсэн үг шүү дээ. Манай зарим нь “ОУВС-ийн хөтөлбөрт олон орон хамрагдаж байна. Байдаг л асуудал” гэж байна. Тийм зүйл байхгүй. Хэрвээ валютын сангийн хөтөлбөрт хамрагдахаар бол шалтгааныг нь олох ёстой. Тиймээс валютын сангийн хөтөлбөрт  “дурлаж” болохгүй.

Хэрвээ орвол хариуцлагагүй ажиллагаанаас болж орсон гэж үзнэ. Монголчууд орныхоо толгойноос хүүхдээ уядагтай адилхан валютын сангийн уяанд орно гэсэн үг. Орлоо гэхэд шалтгааныг маш сайн тодорхойлоод, дотоод шалтгааныг олох ёстой. Үнэхээр чадлаараа ажиллаад ийм байдалд орж байна уу эсвэл хариуцлагагүй ажиллаад ийм байдалд орж байна уу гэдгээ бодох хэрэгтэй. Би бол хариуцлагагүй байдлаас болоод ийм юм болж байна гэж ойлгож байна.

-Нүүрсний хулгайн талаар ямар байр суурьтай байна вэ. Түр хороо байгуулснаар үр дүн гарах болов уу?

-УИХ-ын хянан шалгах хуулийн дагуу түр хороо байгуулсан. УИХ-ын гишүүн Г.Ганболд гишүүн ахалж байгаа. Миний бие түр хорооны гишүүн. Түр хороо сайн ажиллаж байна. Нэлээд мэдээлэл цуглуулсан. Удахгүй нийтийн сонсгол хийнэ. Угтаа бол нүүрсний хулгайг барих амархан. Ер нь хулгайчийг барьж олдог. Онгоцоор биш улсын хилээр гарч буй учраас нүүрсний хулгайч удахгүй баригдана.

Хилийн алба, гаалийн алба, боомтын захиргаа гээд хил дээр зөндөө зүйл бий. Албаныхны мэдээллээр 22 мянган авто машин хилээр нүүрс гаргасан гэсэн. Тиймээс хулгайг дарах хэрэгтэй. Хулгайг дарахгүйгээр Монгол Улс хөгжихгүй.

-Нүүрсний хулгайн хэрэг шүүхэд удахгүй шилжихийг Х.Нямбаатар сайд хэлсэн. Түүнээс гадна та жиргээндээ нүүрсний хулгайн хэрэг прокурор дээр гацдаг талаар хэлсэн байна лээ?

-Нүүрсний хулгайтай холбогдсон хэргийг прокурор дээр хүчингүй болгосон гэх мэдээлэл байна лээ. Түр хорооноос уг хэргийг буцаж татаж шалгах шийдвэрийг гаргасан. Ер нь нүдэн дээр ил хулгай явж байна. Тиймээс шийдэхэд амархан.

-Хулгайн хэрэгт гааль, хууль хяналтын байгууллага оролцсон байх магадлалтай юу?

-Тэд гаргаж байгаа. Хил зүгээр л онгорхой байдаг юм биш. Хилийн алба, гаалийн алба байна. Мэдээж хууль хяналтын байгууллага бий. Нүүрсний хулгайг дөнгөж шалгаж эхлээд байна.

-Нүүрс тээврийн 20 км замд яг хэдэн төгрөгөөр тээвэрлэгдэж байгаа вэ?

-Янз бүр байна. Нүүрсний аман дээрээс 60 ам.доллароор худалддаг. Гэсэн мөртлөө 20 км газар 80 сая төгрөгөөр тээвэрлэлт хийнэ гэдэг нь дэлхийд байхгүй үнэ тариф. Тиймээс хууль хяналтын байгууллага чиглэл, чиглэлээр шалгах байх. УИХ-ын түр хороо мөн гэрчүүдээс мэдээлэл авч, нотлох баримт цуглуулахаар шинжээч томилоод ажиллаж байна.

-Нүүрсний оффтейк гэрээнүүдийг хэзээ ил болгох вэ?

-Ер нь төмөр зам барихад нууцлаад байх шаардлага байхгүй. Сүүлийн үеийн мэдээллээр Зүүнбаянаас Тавантолгой хүртэлх нэг км замыг 920 мянган ам.доллароор тавьсан гэсэн. Гэтэл цаашаа тавьж буй замууд нь нэг км-ийг дөрвөн сая төгрөгөөр тавьж байна. Хоёр адилхан нөхцөл шүү дээ. Хийн хоолой, Богд ууланд тавих төмөр замын  төлбөрийг нүүрсээр хийсэн. Эдийн засгийн хүндрэлтэй үед ирээдүйд ашгаа өгөх зүйлийг нүүрсээр хийх нь хэр зэрэг ашигтай вэ. Би бол үр дүнгүй гэж бодож байна. Өөрөөр хэлбэл, Монголын төсөвт орох ёстой мөнгө  орохгүй байна. Нэг тонн нүүрсийг ямар үнээр бартер хийж байгаа нь тодорхойгүй, мэдээлэл нь УИХ-д байхгүй байна. Тиймээс баялгийн эздэд тайлангаа тавих ёстой.

-Нүүрсний мафитай нэр холбогдсон улстөрчдийг ил тод зарлаж чадах уу. Хөгжлийн банкны асуудал шиг замхраад алга болох вий?

-Хууль хяналтын байгууллага шалгаж байгаа. АТГ, цагдаа, Гаалийн бүрдүүлэлтийн дараах байгууллага шалгаж байна. Нүүрсний гэрээг нууж дарна гэж байхгүй. Ард түмэн шаардах эрхтэй. Хэн хэн оролцсон юм, хамаарал нь хаана байна гэхчлэн. Монгол жижигхэн шүү дээ. Нүүрсний хулгай аль дээр үеэс эхтэй. Миний хувьд далд эдийн засгаа ил болгож, орлогоо нэмэгдүүлэх ёстой гэж байнга ярьдгийг мэдэх байх. Далд эдийн засаг гэдгийн цаана нүүрсний хулгай явж байгаа. Монголын эдийн засаг жижигхэн. Хаана юу болж байгаа нь харахыг хүсвэл шууд харагдана. Даанч түүнийг хараагүй өдийг хүртэл явсан байна. Тиймээс ард түмний дуу хоолой хүчтэй байх хэрэгтэй.

ШИНЭ МЭДЭЭ