УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар /2022.10.27/ “Эрдэнэт үйлдвэр” Төрийн өмчит үйлдвэрийн газрын технологид тохирохгүй хүдрийн овоолгыг ашиглах тухай” Улсын Их Хурлын /Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг 2022.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн/ тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Г.Дамдинням:
Миний судалдаг мэргэжлийн тухай яриад байгаа юм. Баялгийн хуваарилалтыг хэрхэн зохион байгуулах вэ гэж. Ард түмэнд газрын баялгийг тэгш хүртээх нь төрийн бодлого. Хүргэх аргын тухай асуудал яригдаад байгаа юм. Н.Алтанхуяг гишүүний оруулсан тогтоолын төсөлд юу нь болохгүй байна вэ гэхээр жижиг хэлбэрийн Оюутолгой шиг модель орж ирээд байна. Ямар нэг хөрөнгө оруулалт хийвэл Эрдэнэтийн ард түмэн 34%-ийн өрөнд орно.
Өнөөдөр Оюутолгой ямар бэрхшээлтэй байдал руу орчихоод байгаа вэ гэдгийг бүгдээрээ сана даа. Ногдол ашигт найдаад хавханд орчихсон. Бараг 10-20 жил зууралдаж байж одоо тавьсан өрөө тэглэж авч байгаа юм. Анхнаасаа буруу модель гэдэг нь харагдаж байгаа шүү дээ.
Дэлхийд үүнийг яаж зохицуулдаг вэ гэхээр хэн ч хөрөнгө оруулж, ашиглаж болно. АМНОТ татвараараа аваад тухайн газар орны ард иргэдэд арай илүү боломж олгож, хуваарилалт хийдэг юм. Энийг Өмнөговь аймагт Оюутолгой төсөлд хийж байгаа. Орон нутгийг хөгжүүлэхийг дэмжих санд жил бүр 3-6 сая америк доллар хийдэг. Энэ нь Оюутолгойн төслөөс орж ирж буй АМНОТ-ос хуваарилагдаж байгаа юм.
Улсаараа орчихсон бүтэлгүй моделоос арай гэж салж байж аймаг болгонд ийм модель хийчихвэл дахиад улсаараа өрөнд орно. Яг л тийм юм болно. Хувилбар нь хэн нэгэн хүн үүн дээр ажиллаж болно. Татвар хураамжаас тухайн орон нутгийн иргэдэд арай түлхүү олгоё гэдэг хувилбараар байвал дэлхий дээр бодлого нь зөв явдаг. Канад улсад NeW Gold гээд уурхай бий. Тэнд яг дээрх загвараар хийдэг. Энэ бол хамгийн зөв загвар гэж дэлхийд үнэлэгддэг шүү дээ.