МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.10.25

С.Бямбацогт: Төрийн албаны тухай хуулийн нэмэлт оруулах хуулийн төсөл нь төвлөрлийг бууруулах бодлоготой нийцэж байна

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны /2022.10.25/-ны өдрийн хуралдаанаар "Төрийн албаны тухай хууль"-д нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд өөрсдийн байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

Энэ хуулийн төслийг дэмжиж байгаа юм. Монгол улсын засгийн газрын бодлогод төвлөрлийг сааруулъя орон нутагт ажиллаж, амьдарч буй иргэдээ дэмжье, хотоос хөдөө рүү шилжих төрийн албан хаагч болон бусад иргэдийг дэмжсэн бодлого хэрэгжүүлнэ гэж дэвшүүлсэн. Энэ хүрээнд тодорхой ажлуудыг хийж эхэлсэн. Орон нутагт ажиллаж, амьдарч байгаа иргэдийн ипотекийн зээлийг Улаанбаатар хотод 6%, орон нутагт байгаа иргэдэд 3%--иар олгоно. Ирэх 2023 оны төсвийн хуульд орон нутагт ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчдын цалин, урамшууллын хэмжээг 20-100 хувиар нэмэгдүүлэх асуудлыг тусгасан. Энэ бодлоготой хууль санаачлагчдын оруулж ирж байгаа төсөл нийцэж байна.

 Төрийн үйлчилгээг орон нутгийн ард иргэд, анхан шатны нэгжид хүргэх алба хаагчдаа дэмжсэн хуультай байх хэрэгтэй. Ингэж төрийн бодлого, шийдвэр орон нутагт хүрнэ. Энэ хүрээнд уг хуулийн төслийг хэлэлцээд явах нь зөв. Орон нутагт бизнес эрхлэх, дэд бүтцийг бий болгох боломж, бололцоог шийдэж байж төвлөрлийг сааруулна.

ШИНЭ МЭДЭЭ