МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.10.14
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Г.Дамдинням: Сурагчдын тоо зөрүүтэй учир МСҮТ-ийн тэтгэлэг болох 200 мянган төгрөг нь үнэгүй зардал болсныг цэгцлэх хэрэгтэй

УИХ-ын ээлжит чуулганы /2022.10.14/-ны өдрийн хуралдаанаар Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням:

"Мэргэжлийн боловсролын салбарын тухай хууль" удсаны эцэст орж ирлээ. Мэргэжилтэй боловсон хүчин бэлддэг биш, халамж олгодог салбар болон хувирчихсан байсан. Асар олон хүн төгсөөд байгаа мөртөө асар олон хүн ажилгүйдэлд байгаа статистик мэдээлэл байгаа. Суралцагчдын тоо эцэслэгдэж гардаггүй. Тухайлбал, Боловсролын яам, Нийгмийн хамгааллын яам, Статистикийн газар тус тус өөр тоо хэлдэг. Хүмүүсийнх нь нэр зөрдөг. Үүний цаана 200 мянган төгрөгийг гоожуулаад, идээд уучихсан яваа шүү дээ. Үүнийгээ алдахгүй ч гэж их тэмцэлдсэн. Үүн дээр Засгийн газар анхаарал хандуулж, Боловсролын яам шалгах хэрэгтэй байна. Төсвийн мөнгийг идэж уусан бол тодорхой гаргаж, зарлах хэрэгтэй.

Энэ салбарыг цэгцэд оруулахын тулд алдаанаас нь эхлэх нь зүйтэй. Уялдаа холбоо байгүй. Тухайлбал, Дарханд гурван МСҮТ байна. Бүгд үсчин, тогооч, гагнуурчны ангитай. Аль ч анги нь дүүрдэггүй. Гагнуурчны тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт, үсчний хэрэгслийн хөрөнгө оруулалт хийгддэг. Түүнчлэн бүгд мэргэжлийн багш тусгайлсан лабораторитой шүү дээ. Үргүй хайран зардал. Шинэ хууль дээрээ үүнийг онцгой анхаарч, цэгцлэх хэрэгтэй.

Ажлын байран дээрээ дадлага хийгээд сурчихсан хүмүүс бий. Энэ хүмүүст шалгалтаа өгөөд, үнэмлэхээ аваад зэрэг цолоо ахиулаад явах боломжоор нь хангах зохицуулалтуудыг хийх хэрэгтэй.

МСҮТ-д суралцагсдад насны хязгаарт тавихын оронд тухайн мэргэжил дээр нь харж үзэн, өөрчлөлтүүдийг зохион байгуулах ёстой хэмээн үзэж байна.

Энэ салбар 10 жил тэнэж, өөрийн өнгө төрх, үндсэн зорилгоо алдсаны эцэст Боловсролынхоо салбарт буцаж ирлээ. Хөдөлмөрийн зах зээлд уялдсан бодлого хэрэгжүүлэх нь энэ салбарын үндсэн ажил. Эдийн засгийн болон Боловсролын яамд хамтарч ажиллах ёстой. Миний хувьд Боловсролын багц хууль дээр ажиллаад явж байгаа. Энэхүү хуулийг хэлэлцэх эсэхийг дэмжиж байна.

ШИНЭ МЭДЭЭ