С.Чинзориг: Хүүхдийн мөнгө халамж биш ирээдүйд хийж байгаа хөрөнгө оруулалт, хуримтлал гэдэг байр сууринаасаа ухарч болохгүй
УИХ-ын чуулганы /2022.10.07/-ны өдрийн хуралдаанаар “Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ
УИХ-ын гишүүн С.Чинзориг:
2023 оны төсөвт алдагдлыг 900 тэрбумаар бууруулж, шинэ хөрөнгө оруулалт хийхгүй гэхчилэн сайжруулсан зүйл байна аа. Гэхдээ л 20.4 их наядын өндөр төсөв хэлэлцэж байна. Урсгал зардал 2.5 их наядаар нэмэгдэж. Шинэ хөрөнгө оруулалт төсвийн хөрөнгөөр явуулахгүй гэж байгаа боловч өмнөх онуудад эхэлсэн ажлуудаа дуусгана гэдгээр 2.7 их наядын хөрөнгө оруулалт тавьсан нэлээн тэлсэн төсөв байгаа тул мөнгөний бодлоготой уялдах уу гэдэг асуулт гарч ирж байгаа юм. Бид мөнгөний бодлого дээр бодлогын хүүгээ 12 болгосон, цаашдаа ч нэмэх, бүсээ чангалахаас аргагүй гээд Монголбанкийг нэлээд их шахсан. Нөгөө талдаа ийм хэт тэлсэн төсөв ороод ирэхээр мөнгөний бодлоготойгоо уялдах уу, инфляц буурах уу, валютын гадагшлах урсгал саарах уу, валютын нөөц нэмэгдэх үү гэдэг асуулт ч гарч буй юм.
Ирэх онд 36.5 сая тн нүүрс экспортолно гэж байгаа ч хил гааль, ковидын болон олон улсын нөхцөл байдлаа тооцсон уу. Өнгөрсөн оны төсөвт 36 сая тн нүүрс экспортолно гэж оруулж ирээд дараа нь төсвийн тодотголоор 18 сая болгож бууруулсан. Уул уурхайн яамнаас авсан мэдээгээр 19 сая тн-ыг л гаргасан байна. Ийм нөхцөлд 36.5 саяыг экспортлох боломж гарах уу. Мөн энэ удаа оруулж ирж буй төсөвт Нийгмийн даатгалын сангийн орлогыг нэлээд их буюу 811 тэрбумаар нэмэгдүүлж, татаасыг 375 тэрбумаар бууруулж. Татаасын 150 нь буцаан олголт байгаа байх. Үүнийг хасахаар 200 гаруй тэрбумаар татаас буурч байгаа юм байна. Гэтэл энэ онд тэтгэвэр нэмснээр сангийн алдагдлыг 600 тэрбумаар нэмэгдүүлсэн. Ийм нөхцөлд орлогыг нэмэгдүүлж, татаасыг багасгаснаар сүүлийн хагас жилд тэтгэврээ хугацаанд нь тавьж чадахгүй байх вий гэсэн болгоомжлол байна.
Хүүхдийн мөнгөтэй холбоотой асуудал ч байна. Төрийн бодлого тогтвортой байх хэрэгтэй байгаа юм. Өнгөрсөн жил 2022 оны төсөв батлахдаа бид хүүхдийн мөнгө бол халамж биш, хүүхдийн ирээдүйд хийж байгаа хуримтлал, хөрөнгө оруулалт гээд Халамжийн сангаас гаргаад Ирээдүйн өв сангийн тухай хуулиа өөрчлөөд тийш нь оруулсан. Нэг хэсгийг нь сүүлийн хагас жилээс дансанд нь хуримтлуулж “Хуримтлалтай хүүхэд” хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо гэж баахан ярьсан. Одоо үүнээсээ ухраад энэ бол хуримтлал биш ээ, халамж юм гээд Халамжийн хуулиа өөрчлөөд хүүхдийн мөнгийг Халамжийн сан руу оруулаад Монгол төрийн бодлого тогтворгүй байж боломгүй байгаа юм.
Миний хувьд хүүхдийн мөнгө бол халамжийн мөнгө биш хүүхдийн ирээдүйд хийж байгаа хөрөнгө оруулалт, хуримтлал гэсэн байр суурьтай байдаг. Тийм ч учраас хүүхдийн ирээдүйд хийж байгаа хөрөнгө оруулалт, хуримтлал гэсэн байр сууриа өөрчилж боломгүй байх юм. Орон нутгийн цалин хөлстэй холбоотой эргэлзээ ч гарч байна. Монгол Улс нэгдмэл улс. Орон нутгийн удирдлага орлогоосоо хамаарч өөрсдөө тогтоо гэдэг тогтолцоо руу явж болохгүй. Тухайлбал, Өмнөговь, Орхон, Дорноговь гэсэн цөөхөн аймаг нэмээд бусад нь нэмж чадахгүй. Орон нутгийн нэмэгдэл ялгаатай байж болохоос үндсэн цалин ялгаатай байж болохгүй юм.
Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан хариуллаа.