Худалдан авах ажиллагаа, тендертэй холбоотой хуулийн шинэчлэлийг  таниулах сургалт зохион байгууллаа
2022.09.06
Эдийн засаг, Худалдаа

Худалдан авах ажиллагаа, тендертэй холбоотой хуулийн шинэчлэлийг таниулах сургалт зохион байгууллаа

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд энэ оны зургаадугаар сард нэмэлт өөрчлөлт оруулж, долоодугаар сараас эхлэн дагаж мөрдөж буй юм.

Энэхүү хуулийн шинэчлэлийн хүрээнд Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас дээрх чиглэлээр болон бусад холбогдох мэдлэг олгох сургалт, зөвлөгөөнийг өнөөдөр зохион байгууллаа.

Сургалтад нийслэлийн болон дүүргүүдийн Худалдан авах ажиллагааны албан хаагчид, мэргэжилтнүүд оролцов. Түүнчлэн НЗДТГ, Сангийн яам, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, Авлигатай тэмцэх газар, Төрийн худалдан авах ажиллагааны газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын төлөөллүүд илтгэл тавьсан юм.

Сургалт, зөвлөгөөний үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Монгол Улсын Ерөнхий сайд төрийн үйлчилгээг цахимжуулах ажлыг санаачлан ажиллаж байгаа. Аливаа зүйл, тэр дундаа төрийн ажил, үйлчилгээ, тендер, төсөл хөтөлбөр ил тод байна гэдэг чухал. Ил тод байдалд уялдуулж, төрийн үйлчилгээг үзүүлэх учиртай. Иймд өнөөдрийн сургалт цаг үеэ олсон зөв сургалт гэж бодож байна.

Улаанбаатар хот бол Монгол Улсын нийгэм, эдийн засгийн төв, томоохон цогцолбор. Улаанбаатар хот эдийн засгийн хувьд бие даан хөгжиж, төсөв хөрөнгийн хэмжээ өсөн нэмэгдэх ёстой. Ингэснээр нийслэлд тулгарч байгаа нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдлыг сайжруулах, дутагдаж байгаа байгууламжуудыг богино хугацаанд чанарын шаардлагад нийцсэн, гүйцэтгэл өндөртэйгөөр хүлээлгэн өгч, нийтийн тээврийн шинэчлэлийг хийнэ. Мөн Улаанбаатар хотод тулгамдаж байгаа 30 жилийн турш ужгирсан, буруу төлөвлөлтийг шийдэж чадна.

Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлт нь улс орны хэмжээнд зарлаж буй тендер, төсөл арга хэмжээг оролцогчдод илүү ойлгомжтой болгож, мэргэжилтнүүд та бүхэнд хурдтай ажиллах боломжийг нээж өгч байгаа. Та бүхэн шударга ёсны дуу хоолойд нийцүүлэн ёс зүйн өндөрлөгөө барьж ажиллах ёстой. Цаашдаа Улаанбаатар хотын хөгжлийн асуудал та бүхний гаргаж байгаа шийдвэртэй салшгүй холбоотой гэдгийг ямагт ухамсарлаж, хотынхоо хөгжлийн төлөө, иргэдийн сайн сайхан, хүрээлэн байгаа орчны амьдралын чанарыг дээшлүүлэхийн төлөө бүгд хүчээ нэгтгэж, зохион байгуулалтад орж ажиллах хэрэгтэй. Бүгдэд нь амжилт хүсье” хэмээн өгүүллээ.

Сангийн яамны Хууль эрхзүйн газрын Худалдан авах ажиллагааны бодлогын хэлтсийн дарга Ц.Батзул:

-Цар тахлын дараах эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг даван туулах үүднээс Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг баталсан. Нийгэмд, аж ахуйн нэгжүүдэд учирч байгаа санхүүгийн хүндрэлийг даван туулахад туслах үүднээс тендерийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. 2022 оны зургаадугаар сарын 10-ны өдөр баталж, долоодугаар сарын 11-ний өдрөөс хэрэгжиж буй уг хуулийг танин мэдүүлэх сургалтыг өнөөдөр Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас зохион байгуулж байна.

Аж ахуйг нэгж байгууллагууд өмнө нь төсөвт өртгийн хоёр хувьтай тэнцэх хэмжээний баталгаа байршуулж байж материалаа илгээдэг байсан бол одоо 0.5 хувьтай тэнцэх хэмжээний баталгаа байршуулахаар шинэчилж, дөрөв дахин бууруулсан. Мөн гүйцэтгэл нь он дамжин хэрэгжиж буй төсөл арга хэмжээний хувьд гэрээний үнийн дүнгийн таван хувьтай гүйцэтгэлийн баталгаа байршуулдаг байсан бол одоо тухайн онд санхүүжих үнийн дүнгийн гурван хувьтай тэнцэх хэмжээний баталгаа гаргахаар заасан байгаа.

Ийнхүү аж ахуйн нэгжүүдэд учирдаг хүндрэлтэй асуудлыг шийдэж, хөнгөлөлт үзүүлэхээс гадна тендерийг хурдан зохион байгуулахад чиглэсэн өөрчлөлтүүд орсон. Үүнийг дагалдаад Сангийн сайдын тушаалаар журам зааварт өөрчлөлт орсон хэмээсэн юм.

“Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын хэмжээнд төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааг хариуцан ажилладаг мэргэжилтнүүд энэ удаагийн сургалтад хамрагдаж байна. НЗДТГ, Сангийн яам, Төрийн худалдан авах ажиллагааны газар болон Авлигатай тэмцэх газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас хамтран оролцож, холбогдох мэргэжилтнүүдэд сургалт хийж байна.

2022 оны хувьд нийслэлийн хэмжээнд худалдан авах ажиллагаа хуулийн дагуу өрнөж буй ч тухайн ондоо санхүүжүүлж амжихгүй он дамжих магадлалтай хөрөнгө оруулалтууд гарч байгаа юм. Мөн хөрш орнуудад тохиолдсон цаг үеийн байдлууд, цар тахлын нөлөөнөөс үүдэн зарласан тендер болоод төсөл хөтөлбөрүүдэд оролцох аж ахуйн нэгж цөөн байгаа зэрэг бэрхшээлүүд тохиолдож буй”-г Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын Төлөвлөлт, худалдан авах ажиллагааны хэлтсийн дарга Д.Батсүх тодотгож байлаа.

Чингэлтэй дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны дарга Т.Отгонбаяр:

-Худалдан авах ажиллагааны салбар үүсэн байгуулагдсанаас хойш 10 дахь жилтэйгээ золгож байна. Түүнчлэн энэ онд тус салбарт хуулийн шинэчлэлт, өөрчлөлт хийгдсэн. Энэхүү хуулийн шинэчлэлт болоод худалдан авах ажиллагааны онцлогоос таниулах сургалтыг нийслэл, дүүргийн худалдан авах ажиллагааны чиглэлийн мэргэжилтнүүдэд хууль танин мэдүүлэх, сурталчлах сургалт зохион байгуулж байна.

Шинэ хууль батлагдсантай холбоотойгоор худалдан авах ажиллагааны шинэчлэлийг мэргэжилтнүүд төдийгүй байгууллагын удирдлагуудыг сургалтад хамруулж байгаа нь сайн хэрэг гэлээ.

ШИНЭ МЭДЭЭ