Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороо, Хүний эрхийн комиссын 2023 оны төсвийн төслийн талаар хэлэлцлээ
2022.07.06
Хууль, эрх зүй

Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороо, Хүний эрхийн комиссын 2023 оны төсвийн төслийн талаар хэлэлцлээ

 Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороо, Хүний эрхийн комиссын 2023 оны төсвийн төслийн талаар хэлэлцлээ.

    Улсын дээд шүүхийн 2023 оны төсвийн төслийн талаар тус Шүүхийн Тамгын газрын дарга С.Заяадэлгэр танилцуулав. Мөн Улсын Их Хурлын Тамгын газраас Улсын Дээд шүүхийн 2023 оны төсвийн төслийн танилцуулгад дүн шинжилгээ хийсэн талаарх мэдээллийг гишүүдэд тараасан байна.

    Танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авав. Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир төсвөө зургаа дахин нэмэгдүүлж оруулж ирсэн, албаны контор барина, тавилга, техник тоног төхөөрөмж авна гэсэн байна, урамшууллуудыг мөн 21 дахин нэмэгдүүлжээ. Энэ бүхэн нь Төрийн хэмнэлтийн тухай хуультай нийцэж байна уу.

Энэ төсвийн төслийг ямар үзэл баримтлалаар оруулж ирсэн бэ гэдгийг тодруулав. Гишүүний асуултад Тамгын газрын дарга С.Заяадэлгэр төсвийн төслийн талаараа тайлбар өглөө. С.Бямбацогт гишүүн төсвийг нэмэгдүүлж оруулж ирсэн нь боломжтой эсэх талаар Сангийн сайдын байр суурийг тодрууллаа.

Сангийн сайд Б.Жавхлан төсвийг нэмэгдүүлэн батлах ямар ч боломжгүй, 2022 оны түвшинд боловсруулахыг чиглэл болгох талаар хэллээ. Ж.Сүхбаатар гишүүн хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан саналаа хэлэхдээ Улсын Их Хурал, Засгийн газрын барьж буй одоогийн төсвийн бодлого, нөхцөл байдалтай уялдаагүй төсвийн төсөл оруулж ирсэнтэй холбогдуулж зөв бодлого тодорхойлох талаар саналаа илэрхийлэв.

    Ингээд Улсын дээд шүүхийн төсвийн урсгал зардлыг 2022 оны түвшинд тавих, хөрөнгө оруулалтын зардлыг хасах, орон тоог үе шаттай нэмэгдүүлэх, энэ хүрээндээ төсвийн төслийг хянаж, явуулахыг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн олонхын саналаар дэмжигдлээ.

    Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2023 оны төсвийн төслийн талаар тус Зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам танилцуулав. Мөн Улсын Их Хурлын Тамгын газраас Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2023 оны төсвийн төслийн танилцуулгад дүн шинжилгээ хийсэн талаарх мэдээллийг гишүүдэд тараасан байна.

    Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр үг хэлэхдээ шүүхийн ачаалал нэмэгдэхийн хэрээр зардал нэмэгдэж буй ч татвар төлөгчдөд дарамт бий болгохгүйгээр шийдвэрлэх талаас санал хэлсэн бол Байнгын хорооны дарга С.Бямбацогт хэлсэн үгэндээ улс орныхоо эдийн засаг, төсвийн нөхцөл байдлыг харгалзан, Төрийн хэмнэлтийн тухай хуулийг баримталж төсвийн төслөө боловсруулахыг чиглэл болгов.

    Шүүхийн сахилгын хорооны 2023 оны төсвийн төслийн талаар тус Хорооны дарга Д.Мягмарцэрэн танилцуулав. Мөн Улсын Их Хурлын Тамгын газраас Шүүхийн сахилгын хорооны даргын 2023 оны төсвийн төслийн танилцуулгад дүн шинжилгээ хийсэн талаарх мэдээллийг гишүүдэд тараасан байна.

    Танилцуулгатай холбогдуулан Ж.Сүхбаатар гишүүн байгуулагдсанаасаа хойш төсөвтэй холбоотойгоор үйл ажиллагаа хэвийн явагдсан эсэх талаар, Б.Энхбаяр гишүүн гарцаагүй орон тоо нэмэх ямар шаардлага үүссэн талаар, байр түрээслэх хэрэгцээ шаардлагын талаар тус Хорооны дарга Д.Мягмарцэрэнгээс хариулт авлаа. Гишүүд асуулт асууж, хариулт авч дууссанаар Байнгын хорооны дарга С.Бямбацогт үг хэлэв. Хэлсэн үгэндээ 35 орон тоог 65 болгож нэмэгдүүлэх болон унаа, хоол, хангамж бараа материал, бичиг хэргийн зардал зэрэг урсгал зардлуудаа эрс нэмэгдүүлсэн байна гээд байр болон машины зогсоол түрээслэх зэрэг зардлыг танах шаардлага үүснэ гэлээ.

   Хүний эрхийн комиссын 2023 оны төсвийн төслийн талаар тус Комиссын дарга Ж.Хунан танилцуулав. Мөн Улсын Их Хурлын Тамгын газраас Хүний эрхийн комиссын даргын 2023 оны төсвийн төслийн танилцуулгад дүн шинжилгээ хийсэн талаарх мэдээллийг гишүүдэд тараасан байна.

    Танилцуулгатай холбогдуулан Б.Энхбаяр гишүүн Төр хэмнэлтийн бодлого зарлаад, бүх түвшиндээ ажиллаж байхад гадагшаа томилолтоор явна гээд зардлаа 10 дахин нэмэгдүүлсэн байна. Гадагшаа явах ямар гарцаагүй хэрэгцээ, шаардлага үүссэн бэ гэдгийг, мөн шинээр хүний эрхийн мэдээллийн сангийн программ хангамж шийдэхээр төсөв таьсан нь хэр ач холбогдолтойг болон энэхүү программ хангамж нь ямар чиглэлийн платформ болох талаар Хүний эрхийн комиссын дарга Ж.Хунангаас хариулт авлаа.

 Гишүүд асуулт асууж, хариулт авч дууссанаар Байнгын хорооны дарга С.Бямбацогт үг хэлэв. Хэлсэн үгэндээ гол өссөн зардал нь урсгал зардал гэдгийг тэмдэглээд төрийн хэмнэлтийн зарчимд нийцэхгүй учир нэн шаардлагатай төсөв дээр эргэн ярьж, бусад төсвийг танах шаардлага үүснэ гэдгийг хэллээ.

    Ингээд 2022 оны урсгал зардлын хэмжээнд төсвийн төслийг хянахыг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн олонхын саналаар дэмжигдлээ.

ШИНЭ МЭДЭЭ