Оюуны өмчийн сургалтыг зохион байгууллаа
2022.06.20
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Оюуны өмчийн сургалтыг зохион байгууллаа

Шинжлэх ухаан, технологийн сан Мэдээлэл, технологийн үндэсний парк, Монголын Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн холбоотой байгуулсан “Санамж бичиг”-ийн хүрээнд хамтран хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний дагуу “Оюуны өмчийн сургалт”-ыг (2022.06.17) өдөр зохион байгууллаа.

Сургалтыг сар бүр зохион байгуулах бөгөөд МҮХАҮТ-ын Патент, барааны тэмдэг, газар зүйн заалтын газрын дарга, Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дүүрэнжаргал зочин багшаар уригдаж, хамтын ажиллагаатай хоёр байгууллагын удирдлага, албан хаагч, мэргэжилтэн нарт оюуны өмчийн талаар лекц уншлаа.

Сургалтаар оюуны өмчийн ерөнхий ойлголт, ач холбогдол, тавигдах шаардлагууд, газар нутгийн болон брэнд бүтээгдэхүүн бий болгоход оюуны өмчийн заалтууд хэрхэн холбогдож байгаа талаар нэгдсэн ойлголт, мэдээлэл өгч, санал солилцов.

Монгол инновацийн бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулж, зах зээлд нутагшуулах, оюуны өмчийн соёлыг салбар, салбар дундын оролцоотой төлөвшүүлэх, нэвтрүүлэх, сургалтад хамрагчдын хүрээг тэлж, эрдэм шинжилгээний байгууллагын эрдэмтэн, судлаач, гарааны компанийнхнаас оролцуулж өргөн бүрэлдэхүүнтэй зохион байгуулах юм. 

Манай улс инновацийг хөгжүүлэх, нэвтрүүлэх, хэрэгжүүлэх ажлын хүрээнд оюуны өмчийн талаарх шинэ мэдлэг, технологийн шинэ санаа, үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулах үүднээс Монгол Улсын Патентийн тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай, Инновацийн тухай хууль, Шинжлэх ухаан, технологийн тухай хууль, Барааны тэмдэг, газарзүйн заалтын тухай хууль, Зохиогчийн эрх ба түүнд хамаарах эрхийн тухай хууль, Технологи дамжуулах тухай хууль, хамгийн сүүлд Оюуны өмчийн тухай хуулийг батлан гаргасан байдаг ба хуулийн хэрэгжилтийг үйл ажиллагаагаар дэмжиж, цаашид Монгол инновацийг хөгжүүлэх олон чиглэлээр хамтран ажиллaна.

ШИНЭ МЭДЭЭ