2027 он гэхэд цэргийн баг бүрэлдэхүүн дэх ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦООГ дунджаар 20 хувиар нэмэгдүүлнэ
2022.06.16
Батлан хамгаалах, Аюулгүй байдал

2027 он гэхэд цэргийн баг бүрэлдэхүүн дэх ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦООГ дунджаар 20 хувиар нэмэгдүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “Эмэгтэйчүүд, энх тайван ба аюулгүй байдал” сэдэвт олон улсын энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн бага хурал Улаанбаатар хотноо өнөөдөр эхэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий ассамблейн 76 дугаар чуулганд үг хэлэхдээ Энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн олон улсын хурлыг эх орондоо зохион байгуулахаа зарласан юм.

Энэхүү мэдэгдлийн дагуу Монгол Улс бүс нутагтаа анх удаа Олон улсын энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн бага хурлыг зохион байгуулж буйгаараа онцлогтой.


Хурлын үндсэн зорилго нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн “Эмэгтэйчүүд, энх тайван ба аюулгүй байдал" хэмээх 1325 тогтоолын хэрэгжилтийг дэмжих, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэй цэргийн алба хаагчдын оролцоог нэмэгдүүлэхэд тулгарч буй сорил, бэрхшээл, түүний даван туулах, шийдвэрлэх арга замуудыг тодорхойлон туршлага солилцоход чиглэж байгаа юм.

Хуралд НҮБ, Европын Холбоо болон дэлхийн 30 орны 60 гаруй төлөөлөгч, Монгол Улсаас Зэвсэгт хүчин, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын 25 энхийг сахиулагч эмэгтэй алба хаагч оролцож байна.


Мөн дэлхийн зарим улсад явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах бүхий л ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа НҮБ-ын ажилтнууд, цэргийн багуудын удирдлага, цэргийн ажиглагч, штабын офицер, ахлагч, энхийг сахиулагч эмэгтэйчүүд цахимаар нээлттэй оролцож байна.


Хурлыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлэхдээ, “Монгол Улсын төр, засгаас эмэгтэйчүүдийн энхийг сахиулах ажиллагааны оролцоог тууштай дэмжиж байгаа. 2022 онд 72 эмэгтэй энхийг сахиулагчийг илгээсэн нь өмнөх оныхоос 14 алба хаагч буюу 24 хувиар нэмэгдсэнээр НҮБ-аас тавьж буй 2022 оны зорилтод түвшинд хүргэсэн. Цаашид эмэгтэй офицер, ахлагч нарын гадаад хэл, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлжилтийг дээшлүүлэх замаар жил бүр тодорхой хувиар нэмэгдүүлэн энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн оролцоог 2027 он гэхэд цэргийн багийн бие бүрэлдэхүүний 15, бие даан үүрэг гүйцэтгэх бүрэлдэхүүний 25 хувийг эмэгтэй цэргийн алба хаагчдаар бүрдүүлэх болно” гэдгийг онцлов.

Энэ жил манай улс Монгол цэрэг энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойг ёслон тэмдэглэж байгаа бөгөөд Монгол Улсын Зэвсэгт хүчин өнгөрсөн хугацаанд НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын цэргийн ажиллагаанд давхардсан тоогоор 20 мянга гаруй энхийг сахиулагчийг илгээсний дотор 4.5 хувийг нь энхийг сахиулагч эмэгтэйчүүд эзэлж байна. Энэ хугацаанд манай улсын Зэвсэгт хүчний анхны энхийг сахиулагч эмэгтэй 2006 онд Баруун Сахар дахь НҮБ-ын "MINURSO" ажиллагаанд үүрэг гүйцэтгэж эхэлснээс хойш давхардсан тоогоор 911 эмэгтэй энхийг сахиулагч үүргээ амжилттай гүйцэтгэсний 853 буюу 93.5 хувь нь цэргийн багт, улдсэн хувь нь цэргийн ажиглагч, холбогч офицероор болон штабын офицероор бие даан үүрэг гүйцэтгээд буй юм.

Өнөөдрийн байдлаар, Монгол Улсын Зэвсэгт хүчнээс НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд 878 цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байгаагийн 72 нь энхийг сахиулагч эмэгтэй байна.

Тодруулбал, БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын "UNMISS" энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй 11 дүгээр ээлжийн цэргийн багийн нийт бие бүрэлдэхүүний 7.8 хувийг мөн НҮБ-ын ажиглагч, штабын офицеруудын 20 хувийг энхийг сахиулагч эмэгтэйчүүд эзэлж байгаа юм. Үүний үр дүнд манай улс НҮБ-ын цэрэг хандивлагч орнуудын дунд нийт энхийг сахиулагчдын тоогоор 24, энхийг сахиулагч эмэгтэйчүүдийнхээ тоогоороо 20 дугаар байрт эрэмбэлэгдэж байна.

Монгол Улс цэргийн багт эмэгтэй цэргийн алба хаагчдыг илгээх бэлтгэлийг богино хугацаанд хангаж, Сьерра Леон улсад явагдсан НҮБ-ын "UNMIL" ажиллагаанд анхны 11 цэргийн алба хаагчийг илгээснээс хойш манай улсын Зэвсэгт хүчнээс энхийг дэмжих ажиллагаанд эмч, эмнэлгийн ажилтан, холбоочин болон материал хангалтын зэрэг мэргэжлээр төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын алба хаагчдыг бэлтгэн оролцуулсан юм.

БНЭУ-ын энхийг сахиулагч, ахлах байлдагч Смрити Сингх хэлэхдээ, “Энэтхэг улсаас ирж Олон улсын эмэгтэйчүүдийн чуулга уулзатад оролцож байгаадаа баяртай байна. Энхийг сахиулах ажиллагаа бол энхтайвны үйлсээс хамгийн чухал нь учир энхийг сахиулагч болохыг хүссэн. Мөн дэлхийн өнцөг булан бүрт дайнаас болж хохирсон иргэд маш их байгаа учир тэдэнд туслахыг хүссэн. Энхийг сахиулах ажиллагааны газар орон дахь эмэгтэйчүүд, орон нутгийн иргэд, хүүхдүүдтэй ойлголцоход эмэгтэйчүүдийн үүрэг их тул НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэйчүүдийн тоог нэмэх шаардлагатай гэж үзэж байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.

Олон улсын бага хурлаар "НҮБ-ын цэрэг, цагдаагийн бүрэлдэхүүний Жендерийн тэгш байдлыг хангахад улс орнуудад тулгарч буй бэрхшээлүүд болон Энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэйчүүдийн гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх боломжуудыг тодорхойлох" "Цэргийн албаны бүх шатанд эмэгтэйчүүдийг элсүүлэх, сургах, сонгон шалгаруулахад тулгарах бэрхшээлүүд, сайн туршлага", "НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэй цэргийн алба хаагчдын бүрэн, эрх тэгш, утга төгөлдөр оролцоог нэмэгдүүлэх нь", "Монголын эмэгтэй энхийг сахиулагчид: Туршлага, сургамж" зэрэг үндсэн асуудлыг хэлэлцэх юм.

Түүнчлэн хуралд оролцогчид манай эх оронд зохион байгуулж буй "Хааны эрэлд-2022" энхийг сахиулах ажиллагааны олон улсын сургуулийн явцтай маргааш танилцана.

ШИНЭ МЭДЭЭ