МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Д.Сарангэрэл: Манай багийн бэлтгэл дээр дараагийн сайд, удирдлагын баг коронатай тэмцсэн гэдгийг бардам хэлнэ
2022.06.13
Хууль, эрх зүй

Д.Сарангэрэл: Манай багийн бэлтгэл дээр дараагийн сайд, удирдлагын баг коронатай тэмцсэн гэдгийг бардам хэлнэ

Эрүүл мэндийн сайд асан, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлтэй ярилцлаа.

-Өмнө нь та Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан. Тэр утгаараа саяхан хэрэгжиж эхлээд байгаа нийт иргэдийн эрүүл мэндийн эрт илрүүлэг үзлэг, оношилгооны ажил ямар хэмжээнд явж байна вэ. Үүнд 60 гаруй тэрбум төгрөг төсөвлөсөн. Үр дүнтэй ажил гэж харж байна уу?

-Эрүүл мэндийн салбарын суурь бодлого бол өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх явдал. Эмнэлэг нэмж барихаас ч илүү чухал ажил. Тиймээс ч сайдаар ажиллаж байхдаа энэ чиглэлд онцгойлон анхаарсан, бодит алхмуудыг ч хийсэн. Тухайлбал, Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн дэргэдэх Үндэсний оношилгоо, эмчилгээний төвийг дахин гурван жил ашиглалтад орох хугацааг хойшлуулах санал орж ирснийг хүлээж авалгүй төслийн багийг бүрэлдэхүүнээр нь өөрчилж бүтээн байгуулалтыг эхлүүлж байсан эмнэлгийн багт үйл ажиллагааг нь шилжүүлсэн.

БНСУ-ын оролцогч талыг ч шахсан. Үр дүнд нь гурав биш, есөн сарын хугацаанд тус төв ашиглалтад орсон. Одоо энэ төв үндэсний хэмжээнд үйлчилж, хөдөө орон нутгийн иргэд ч ирдэг болсон. Арван жил гацсан 300 ортой эмнэлгийг ч бид ашиглалтад оруулсан. Энэ бүхнийг хэлээд байгаа учир нь оношилгооны чадавх эрс дээшилсэн үед иргэд маань урьдчилан сэргийлэх үзлэгт орж байна. УНТЭ, УХТЭ-ийн дэргэд “Эрүүл мэндийг дэмжих” төв байгуулсан. Өөрөөр хэлбэл, эрүүл байгаа эсэхээ шалгуулах гэж байгаа хүмүүс өвчтөнүүдтэй зэрэгцэж үзлэгт орохыг таслан зогсоох ажлыг эхлүүлсэн. Эс бөгөөс иргэд оочер дараалалд төвөгшөөгөөд мөн элдэв халдвар авахаас болгоомжилж үзлэгт орж өгдөггүй.

Өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх нь хамгийн чухал гэлээ. Нийтээр явагдаж байгаа эрүүл мэндийн үзлэг үнэхээр үр дүнтэй явагдаж байна уу. Үр дүн гаргахын тулд яах ёстой юм бэ?

-Урьдчилан сэргийлэх үзлэгийг хүний нас,хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилж явуулах нь, үр дүнтэй байдаг. Жишээ нь умайн хүзүүний хорт хавдраар 30 наснаас өвдөх магадлал бий болж, 50 наснаас дээш эрсдэл өндөр болдог учраас энэ зорилтот бүлэг рүү илүү анхаарал хандуулах учиртай. Саяхан Багануур дүүрэгт ажиллалаа. Үзлэг маш амжилттай явж байна. Эрүүл мэндийг дэмжих төвөө байгуулчихсан, үзлэгээ шуурхай,чирэгдэлгүй хийж байна. Ер нь “Нийгмийн эрүүл мэндийн төв”-ийг эхний ээлжинд 21 аймаг, есөн дүүрэгтээ байгуулах хэрэгтэй.

Хуулийн зохицуулалт ч бий. Зарим газар айхтар их хөрөнгө гаргахгүйгээр зохион байгуулалт хийгээд байгуулчих боломжтой. Монгол хүний амьдралын чанарыг сайжруулах, дундаж наслалтыг нэмэгдүүлэхэд урьдчилан сэргийлэх үзлэг нэн шаардлагатай. Гагцхүү үр дүнтэй зохион байгуулах нь чухал. Энд мэргэжлийн хүмүүсийн үг маш чухал. Хэлэлцүүлэг, зөвлөгөөн хийж явцаа дүгнэж, эдийн засгийн үр ашгаа тооцож, алдаа оноогоо дэнслэн, засах шаардлагатай бол хурдан өөрчилж, эрүүл мэндийн байгууллагууддаа мэргэжил арга зүйн нэгдсэн зөвлөгөө өгөөд яваад байх хэрэгтэй. Бид үзлэг зохион байгуулж байсан. Ковидын улмаас зогссон.

-Алслагдсан малчин өрхүүд яаж энэхүү үзлэгт орох вэ гэдэг нь их чухал байгаа шүү дээ?

-Хөдөө, орон нутагт явуулын баг ажиллуулахгүй бол малчид, иргэд үзлэгээс орхигдоод байдаг. Өнгөрсөн тавдугаар сарын 1-нээс өнөөдрийг хүртэл 170 мянган хүн үзлэгт хамрагдаж тэдгээрээс 70 мянга гаруй нь ямар нэгэн өвчинтэй нь тогтоогдож, мөн 70 гаруй хорт хавдрын тохиолдлыг илрүүлжээ.Олон нийт, ард иргэд рүү чиглэсэн мэдээлэл, сурталчилгааны ажил урьдчилан сэргийлэлтэд хамгийн чухал. Нийгмийн эрүүл мэндийн салшгүй нэг хэсэг соён гэгээрүүлэх ажил байдаг. 2022 онд өвчнийг эрт илрүүлэх үзлэгт 60,8 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн байна. Энэ мөнгийг зөв зарцуулж чадвал хувь хүний амьдралын чанар, хүн амын дундаж наслалт нэмэгдэхэд нөлөөлөхөөс гадна эмнэлгийн ачаалал багасгаж, зардал бууруулах ач холбогдолтой. Эрдэмтэн судлаачдын тооцооллоор урьдчилан сэргийлэхэд 150 мянган төгрөг зарцуулах нь өвдсөн үед нэг хүний эмчилгээнд зориулах 11.2-12.3 сая төгрөгийг хэмнэнэ гэж гарсан байна лээ.

-Та ковид анх дэгдэж байхад сайдаар ажиллаж байсан хүн. Одоо Монгол Улс ковидыг яг ялан дийлсэн үү. Бид одоо ковидоос айх шаардлагагүй юу. Ковидтой холбоотойгоор дэлхий нийтийн хандлага хэвийн болсон уу?

-Өнөөдөр энэ асуултад хэн ч тодорхой хариулт өгч чадахгүй байна. Салбар хариуцсан сайд “Энэ намар халдварлах болон хоруу чанартай, нас баралт өндөртэй коронавирусийн халдвар тархана” гэсэн. Олон улсын түвшинд яригдаж буй учраас ийм мэдээлэл хийсэн хэрэг. Бид тайвшрах болоогүй гэж бодож байна. Урд хөрш болон БНАСАУ, бусад улс оронд байдал амаргүй байгаа мэдээлэл гарсаар байгаа. Америкт дахиад амны хаалт зүүгээд эхэлсэн байна. Энэ талаас нь аваад үзвэл бид хүнд үеийг харьцангуй хохирол багатай даван туулсан. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага ч Монгол Улсыг коронавирусийн үе шат бүхэнд оновчтой шуурхай арга хэмжээ авч, хохирол багатай даван туулсан орон гэж үнэлсэн. Бид хүнд үеийг даван туулсан шүү дээ. Эргээд бодоход эрүүл мэндийнхэнтэйгээ хамт бүх боломжоо шавхаж ажилласан санагддаг юм. Энэ цагаас хойш эрүүл мэндийн салбар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, ард түмэн,улс орныхоо аюулгүй байдлын төлөө цаг наргүй зогссон. Түүхэнд үлдэх гавьяа байгуулсан шүү, манай цагаан нөмрөгт баатрууд.

-Анх ковид манайд гарч халдварын тархалт нэмэгдэх үед нэг хүний эмчилгээнд найман сая төгрөг зарцуулсан талаарх шүүмжлэл их гарсан шүү дээ...

-“Ам нээвэл уушги нээ” гэж нэг хүний эмчилгээнд найман сая төгрөг зарсан гэх мэдээллүүд их гарсан. Шинэ өвчин, шинэ вирус тархсан эхний үед дэлхий даяараа эм тариа, эмнэлгийн хэрэгслийн хомсдолд орсон байсан. Азийн хөгжлийн банкны тооцооллоор ковидын халдвар дэлхий дахинаа зургаан сарын дотор 8,8 их наяд долларын хохирол учруулах эрсдэлийн тооцоолол гаргасан байлаа. АНУ-д 35-45 мянган доллар, БНСУ-д 10 мянган воноор эмчилж байв. Манайд хэвтэн эмчлүүлэх ор хоног эхний үед 60 хоног байсан. Ер нь дунджаар 27 өдөр болж байсан. Таван төрөлд буюу цус, шээс, шүлс, өтгөн, хамар хоолойд вирус илрэхгүй үед л эмнэлгээс гаргаж байсан. Эмч мэргэжилтнүүд маань монголчуудынхаа дунд халдвар гаргахгүй гэж л ийм шийдвэр гаргасан хэрэг. Ингээд нэг өвчтөн дээр өдөрт гурваас доошгүй удаа эмч, сувилагч нийлсэн 5-8 хүн орж тусламж үйлчилгээ үзүүлдэг, ингэхдээ нэг удаагийн хамгаалах хэрэгсэл, комбинзон, нүдний шил, маск, усны гутал, малгай өмсөнө. Вирус,нянгийн эсрэг эм тариа, суурь өвчтэй хүндэрсэн хүмүүст өндөр үнэтэй эм тариа хэрэглэх, хоол унд, эмнэлгийн ажилтнуудын илүү цаг гээд бүх зардлыг тооцсон дүн л дээ. Хүн амын дунд халдвар гараагүй байсан учраас эрүүл мэндийн салбарт одоогийнх шиг их наядаар хэмжигдэх төсөв байсангүй. Гэхдээ бэлтгэл хангах шаардлагатайг ухамсарлаж байсан учраас бид шантраагүй зүтгүүлсээр олон асуудал шийдсэн. Нийт 217 тэрбум төгрөгийн санхүүжилт шийдвэрлүүлсэн.

Үүний 14 тэрбум нь Засгийн газрын нөөцөөс гарсан. Энэ санхүүжилтээр уушги орлуулах экмо аппарат, амьсгалын аппарат, дусал, тарианы автомат памп, дижитал рентген аппарат, пульс оксиметр, хяналтын монитор, ариутгалын автомакс, эм, тариа, тариур, хамгаалах хэрэгслийн нөөц бүрдүүлж улмаар 21 аймаг, есөн дүүрэгтээ хуваарилсан. Үлдсэн санхүүжилт нь бэлэн мөнгөөр бус тоног төхөөрөмж байдлаар төсөл хөтөлбөрөөр орж ирэх ёстой байсан. Төсөл хөтөлбөрийн хэрэгжилт цаг хугацаа шаарддаг, шат дамжлагатай учраас гэрээ хэлцэл хийсэн хангалтууд намайг ажил өгснөөс хойш зарим нь орж ирсэн. Тодруулж хэлбэл, манай багийн бэлтгэл дээр дараагийн сайд, удирдлагын баг коронатай тэмцсэн гэдгийг би бардам хэлнэ. Үүнийг мэдэх хүн дэндүү олон. ХӨСҮТ-ийн эрчимт эмчилгээний хүчин чадлыг нэг өдрийн дотор хоёр дахин нэмэгдүүлж байлаа. Энэ мэтчилэн хагас жилийн хугацаанд гэрээ мартаж ажилласан даа, манайхан.

-Цар тахал эрчимжих үед бүх нийтээрээ энэхүү өвчний эсрэг тэмцсэн. Маш олон төсөл хөтөлбөр, хандивын арга хэмжээ болсон шүү дээ. Зарим иргэд хандиваар цугларсан мөнгө хаашаа, юунд зарцуулагдсан бэ гэдгийг асууж, шүүмжилж ирсэн. Хандивын мөнгөөр яг юу хийсэн бэ?

-Аж ахуйн нэгж, байгууллагаас "Ковид-19"-ийн үед ажиллаж байсан төрийн 10 гаруй байгууллага болон Улсын онцгой комисст нийт дүнгээр 12 тэрбум, иргэд 489 сая төгрөг өгсөн дүн гарсан байна лээ. Ихэнх хандив эмнэлэг болон төрийн аль байгууллагад өгөхөө шууд нэр зааж байсан. Онцгой комиссын дарга хандив сайн дурын үндсэн дээр хийгдэж байгаа учраас улсын комисс, яамдууд өөр дээрээ төвлөрүүлэх шаардлагагүй гэдэг чиглэл өгсөн. Харин Улсын онцгой комиссын хурал бүр дээр төрийн байгууллагуудын тайлан мэдээллийг сонсож, Шадар сайд олон нийтэд нэгтгэн мэдээлж байсан. Иргэдийн хандивын дийлэнх нь хонь мал, цагаан идээ, витамин, ундаа байсан . Ширхэг зүүг ч 11 цагийн мэдээний үеэр олон нийтийн өмнө авч, тэр дор нь эмнэлгүүдэд хуваарилж байсан. Тиймээс энд нууж хаагаад байх зүйл байхгүй.

-Монголын эрүүл мэндийн салбар ямар түвшинд хөгжиж байна вэ. Бүх эмнэлэг, эмнэлгийн байгууллага ачаалал ихтэй харагдах юм. Тэр дундаа хүүхдийн эмнэлгийн ачаалал их байна. Ер нь одоо томоохон хүүхдийн эмнэлэгтэй болох боломж байхгүй юу. УИХ дахь эмэгтэй гишүүд хүүхдийн өвчлөл, хүүхдийн эмчилгээ, эмнэлгийн асуудлын талаар санаачилга гарган ажиллахгүй юм уу?

-Зун болчихоод байхад ханиад томуутай, эмнэлгийн ачаалал өндөр хэвээр байна. Энэ гарцаагүй анхаарах ёстой асуудлын нэг. Учир нь тавдугаар сарын эх гэхэд томуу татарч эхэлдэг. Коронавирусийн хувилбар болон томуу үргэлжлээд байгаа асуудлаар судалгаа хийх хэрэгтэй.

Судалгаа чухал шүү. Коронагийн зөөвөрлөгдсөн тохиолдолтой үед ч бид судалгаа хийж байсан. Хүүхдийн эмнэлгийн тухайд 300 ортой эх, хүүхдийн лавлагаа шатны эмнэлэг байгуулагдаад ашиглалтад орсон. Манай эмэгтэй гишүүдийн хичээл зүтгэл 10 жил гацсан энэ эмнэлгийг ашиглалтад оруулахад их байсан. Энэ бол Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн дараа орох 34 мянган метр квадрат талбайтай, шаардлагатай үед 1500 ор дэлгэх хүчин чадалтай эмнэлэг. Мөн Сонгинохайрхан дүүрэгт 200 ортой эмнэлэг үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Энэ мэтчилэн хүүхдийн ор нэмэгдсээр байгаа.

Дулааны улиралд насанд хүрэгчид эмнэлэгт хэвтэх явдал эрс багасдаг судалгаа бий. Хүүхдийн ачаалал их байгаа үед бодлогын яам зохицуулалт хийх бүрэн боломж бий. УИХ дахь 13 эмэгтэй гишүүн нийгмийн өмнө тулгамдаж буй ялангуяа ахмад настан, хүүхэд, эмэгтэйчүүдийн асуудлаар хуулийн төсөл санаачлан ажиллаж байна. Одоо П.Анужин гишүүн маань ахлаад амаржих газрын нөхцөл байдал, тоног төхөөрөмжийг сайжруулахаар бид ажиллаж байна.

-Эмийн асуудлаар сүүлийн хэдэн өдөр эцэг, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эхчүүд жагсаж байна. Саажилтын эм байхгүй зэрэг тэдний тавьж буй асуудалд та ямар байр суурьтай байна вэ?

-Эцэг, эхчүүдийн төлөөлөлтэй би уулзсан. Манай хэд хэдэн гишүүн мөн ярилцсан. Эцэг, эх хүний амьдралын зорилго үр хүүхдүүдийн маань сайн сайхан юм шүү дээ. Уналт таталт, булчин сулралын 29 эмийн хүртээмжийн асуудлыг эцэг,эхчүүд тавьсан. Эм нь байгаа ч үнэ нь дийлдэхгүй асуудал бас байна. УИХ-ын чуулган дээр энэ асуудлыг гишүүнийхээ хувьд хөндөж ярьсан. Эцэг, эхчүүдтэй Ерөнхий сайд мөн уулзаж эдгээр эмийн үнийг 100 хувь төр хариуцах болно гэдгээ мэдэгдээд байгаа.

-Өрхийн эмнэлгийн үйл ажиллагааг сайжруулах, цаашлаад эмч, ажилчдынх нь мэдлэг боловсрол, ур чадварыг дээшлүүлэх тал дээр тодорхой бодлого гаргаж ажиллах уу?

-Эрүүл мэндийн тухай хуульд зааснаар өрхийн эрүүл мэндийн төвүүд нь төрийн үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэж байгаа хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага юм. Манай улсад 4459 эрүүл мэндийн байгууллага байгаагаас 549 өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв хүн амд анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж байна. Эрүүл мэндийн салбарт нийт 56 мянган хүн ажиллаж буйн 22.3 хувь нь анхан шатанд байна. Эдгээр тоогоор өрхийн эмнэлэг нийгэмд ямар их үүрэгтэй мөн шаардлагатай болохыг харж болох юм.

Өрхийн эмнэлэг байгуулагдаад 20 жил болж байна. Энд чадалтай, сэтгэлтэй хүмүүс ажилладаг. Тогтвортой ажиллах нөхцөл, цалин урамшууллын асуудлыг шийдэх шаардлагатай. 2014 оноос хойш энэ салбарын цалин мөнгө огт өөрчлөгдөөгүй байсныг 2018 онд Засгийн газар цалингийн сүлжээг өсгөж, мөн цалинг 40-60 хувиар нэмэгдүүлсэн. Үнийн өсөлтийн индекстэй уялдуулан дахин нэмэх шаардлагатай. Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүдийг тогтмол сургалтад хамруулах, гадаад улс оронд туршлага судлуулж мэдлэг боловсрол, ур чадварыг нь дээшлүүлэх тал дээр онцгой анхаарч ажиллах ёстой.

-Засгийн газрын гишүүн байсан хүний хувьд өнөөгийн засгийн газрын бодлого, зорилтуудыг тэр дундаа Шинэ сэргэлтийн бодлогыг та хэрхэн хүлээн авч байна. Улстөрчдийн зүгээс Засгийн газрыг бодлого, төлөвлөгөө, бодлогын баримт бичгүүд л ярьсан сайд нар байна. Яг амьдрал дээр ажил хийж байгаа нь ховор байна гэсэн шүүмжлэлийг их ярих боллоо?

-Муу ажиллая гэж боддог Засгийн газар, сайд гэж үгүй л дээ. Дотоод, гадаад нөхцөл байдал, ур чадвар, удирдах ухаан гээд олон хүчин зүйл Засгийн газрын үйл ажиллагаанд нөлөөлдөг. Энэ талаас нь аваад үзвэл ковид, олон улсын хурцадмал байдал зэрэг гэнэтийн хүчин зүйл зөвхөн Монголын бус дэлхийн бүх улс орны эдийн засагт сөргөөр нөлөөлж байна. Энэ үед эдийн засгийн хараат байдал бидэнд илүүтэй мэдрэгдэж байна. Шинэ сэргэлтийн бодлого энэ байдлаас гарахад чиглэсэн, алсаа бодсон шийдэл гэж үзэж байгаа. Үр дүн эхнээсээ гарч байна. Тухайлбал, Шивээхүрэнгийн боомтыг өргөтгөж байна.

Таван толгой-Гашуунсухайтын 233,6 км төмөр замыг барьж дууслаа. Үр дүнд нь ачаа тээвэрлэлт, бараа эргэлт нэмэгдэнэ. Ирэх хагас жилд Таван толгой-Зүүнбаян чиглэлийн 416 км төмөр замын ажлыг дуусгах төлөвлөгөөтэй байгаа юм билээ. Энэ мэт боомтоо сэргээх бодлого бодитоор ажил хэрэг болж байна. Далайд гарцгүй манай улсын хуурай замын 42 боомтоос өнөөдрийн байдлаар Сүхбаатар, Эрээнцав, Замын-Үүд гэсэн гуравхан боомт л төмөр замаар холбогдсон байдаг.

Монгол Улсын экспортын голлох бүтээгдэхүүн болох зэс, коксжсон нүүрсний экспортын 50 орчим хувийг Гашуунсухайт боомт дангаараа даадаг бол өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний импортын 70 гаруй хувийг Замын-Үүд боомтоор нэвтрүүлдэг. Ер нь боомтын сэргэлтийн хүрээнд төмөр зам ашиглалтад орсноор нүүрсний экспорт 60.0 сая тоннд хүрэх боломжтой гэсэн тооцоолол бий. Энэ зорилгодоо хүрсэн байхад эдийн засаг илт сэргэнэ гэж мэргэжлийн хүмүүс үзэж байна.

-Монголын эдийн засаг үнэхээр хүнд байдалтай байна. Урд, хойд хөрш хилээ хаахад л манайд бараа бүтээгдэхүүний хомсдол бий болж, үнийн өсөлт хэт явагдаж байна шүү дээ. Энэ байдлаас бид яаж гарах вэ?

-Улс орнууд өөр хоорондоо харилцан хамааралтай байгаа олон жишээг дурдаж болно. Орос-Украины дайн олон орныг улаанбуудай, малын тэжээлийн хомсдолд оруулчихлаа. Европын орнууд хийн хангамжийн дутагдалтай боллоо. Манайх ч хүндрэлийг тойрохгүй дайрч байна. Ковид болон дайны улмаас дэлхийн нөхцөл байдал улам хүндэрнэ.

Ийм үед зарцуулж байгаагаасаа илүү орлого олох, улс орон, ард иргэд дотооддоо эв нэгдлээ хадгалж, бие биенээ хүндлэх, дэмжих, туслах явдал чухал. Тиймээс бид хүнснийхээ 80 шахам хувийг гаднаас авдаг, нүүрсний экспорт буурахад хүндрэлд ордог зэрэг байдлаа бодлогоор засах хэрэгтэй болж байна. Шинэ сэргэлтийн бодлогын зорилго энэ л дээ.

Гэнэт санаанаасаа зохиочихсон зүйл ч биш. Хоёр жил гаруйн хугацаанд 50 гаруй эрдэмтэнтэй Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга байхдаа Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд “Алсын хараа-2050” Монгол Улсын хөгжлийн баримт бичгийг боловсруулж түүнээсээ хөгжлийг хязгаарлагч зургаан хүчин зүйлээ тодорхойлж шинэ сэргэлтийн бодлогыг гаргаж ирсэн байдаг.

-Хаврын чуулган удахгүй хаах гэж байна. Та энэ чуулганаар ямар хуулийн төсөл санаачилж ажилласан бэ.

-Олон хуулийн төсөл дээр гишүүдтэйгээ хамтарч ажиллаж байна. Тухайлбал, эмэгтэй гишүүд бид Гэр бүлийн тухай хууль, Онцгой албан татварын тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг санаачлан батлуулж, зарим хуулийн төсөл хэлэлцүүлгийн түвшинд явна. Мөн Нийгмийн эрүүл мэндийн тухай, Улс төрийн намын тухай, Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай зэрэг олон хуулийн төслийн ажлын хэсэгт ажиллаж байна.

Онцгой албан татварын тухай хууль батлагдсанаар хүүхдүүд зонхилон хэрэглэдэг, сургууль орчимд нь худалдаалдаг ундааны сахарын хэмжээ таван грамм хүртэл байхаар хуульчилсан.Үүнээс их байвал татвар нэмэгдэх юм. Дэлхийн улс орнуудын жишгээр үйлдвэрүүд бүтээгдэхүүнийхээ орц найрлагыг өөрчилсөн тохиолдолд хуулиа цуцлах боломжтой.

Хүүхэд хамгааллын тухай хуульд хүүхэд хамгааллын үйчилгээний хувьсах зардлыг батлах эрх зүйн үндсийг бий болгох, орон нутаг, сум, хороонд хүүхэд хамгааллын үйлчилгээг хүргэх ажлыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд хариуцуулах, хамтарсан багийн үйл ажиллагааг эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа хүүхэд рүү чиглүүлж өргөжүүлэх, хүүхэд хамгааллын үйлчилгээний хамрах хүрээ, хүртээмжийг нэмэгдүүлэх, эрсдэлд орсных нь дараа биш, урьдчилан сэргийлэх арга хэмжээг түлхүү авах боломж нөхцөлийг хуулиар нээж өгч байгаа юм. Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг боловсруулж олон нийтээр хэлэлцүүлэхээр D-parliament аппликэйшн болон сайтад санал авахаар тавьсан.

Манай улсад “бизнес эрхлэгч эмэгтэй” гэсэн тодорхойлолт хууль, тогтоомжид байдаггүй, тэдэнд үзүүлэх төрийн дэмжлэг хангалтгүй байна. Тэр ч бүү хэл судалгаагаар эмэгтэйчүүд барьцаа хөрөнгөгүй, орон сууц, газар зэрэг үл хөдлөх хөрөнгө гэр бүлийн хүний нэр дээр байдаг тул эмэгтэйчүүд найдваргүй зээлдэгчид тооцогддог. Амьдрал дээр авсан зээлээ эмэгтэйчүүд хамгийн сайн төлсөн байдаг.

Хуультай болсноор аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдэд ээлтэй эрх зүйн орчин бүрдэнэ. Хуулийн төслийг энэ хаврын чуулганаар УИХ-д өргөн барина . Энэ бол эмэгтэйчүүд эмэгтэйчүүдийнхээ төлөө хийж байгаа чухал ажил болно. Гэр бүлийн тухай хуулийн төслийг боловсруулж байна. Гэрлэлт цуцлагдсан эсэхээс үл хамаарч эцэг, эх хүүхдээ тэжээн тэтгэхэд санхүүгийн хувьд адил тэнцүү үүрэг хүлээх ёстой. Хүүхэд өвдөхөд ганц бие эцэг, эхэд халамж асаргаа, эмчилгээний зардлын хүндрэл үүсдэг.

Тэтгэлгийн хэмжээ албан татварт ноогдох орлогын 50 хувиас доошгүй хэмжээтэй байхаар төсөлд суусан.Тэтгэлэг өгөхөөс санаатайгаар зайлсхийсэн, цалин хөлс, бусад орлогоо нуун дарагдуулсан бол банкин дахь данснаас нь үл маргах журмаар суутгаж авах, хугацаандаа төлөөгүй бол хоног тутамд үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцох зохицуулалт төсөлд суулгаж өгсөн. Хүүхдээсээ хоногийн хоол, эрүүл мэнд, сурч боловсрох хэрэгцээний мөнгийг харамлаж болохгүй.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлыг идэвхтэй ярьж байна. Таныхаар Үндсэн хуулийг өөрчлөх, нэмэлт оруулах шаардлага үнэхээр байна гэж үзэж байна уу?

-УИХ болон бүлгийн түвшинд Үндсэн хуульд ямар өөрчлөлт оруулах талаар ярилцаагүй байгаа. Парламентад суудалтай гурван нам болон бусад улс төрийн 24 нам хамтран Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үндэслэлийг тодорхойлсон Тунхаг бичигт гарын үсэг зурсан. Үндсэн хуулийн өөрчлөлтийг ард түмэнтэйгээ хамт хийх байр суурийг МАН илэрхийллээ. Хүний эрхийн асуудлыг шинэ шатанд гаргаж, хүний үндсэн эрхийг Үндсэн хуулийн Цэцээр хамгаалдаг болох саналыг манай намаас дэвшүүлсэн нь маш чухал гэж бодож байна.

Түүнээс гадна олон улсын хурцадмал нөхцөл байдлын үед төрийн дархлааг бэхжүүлэх, намаа бус улсаа бодсон, одоог бус ирээдүйг харсан өөрчлөлт хийх шаардлагатайг улс төрийн намууд нухацтай хэлэлцэж ярилцсан байна гэсэн дүгнэлттэй байна. Гэхдээ эцсийн эцэст эцэг хуульд нэмэлт өөрчлөлт хийх асуудлыг ард түмнээрээ хэлэлцүүлэх ёстой гэсэн байр суурьтай байна.

-Сонгуулийн тогтолцоог мөн ярьж байна. Монголд сонгуулийн ямар тогтолцоо нь илүү тохирох юм бэ?

-Сонгуулийн тогтолцооны тухайд өнөөдрийг хүртэл за энэ нь л төгс хувилбар гэсэн шийдлийг аль ч улс орон гаргаагүй байгаа юм билээ. Тухайн цаг үе, нийгэм, эдийн засаг, хүн ам, газар нутгийн байдлаа харгалзан тогтолцооны өөрчлөлт хийгээд явдаг практик бий. Манай улс ч гэсэн том, жижиг,холимог тогтолцооны аль алинаар нь парламентын сонгууль хийсээр ирсэн. Тиймээс энэ асуудлыг Сонгуулийн тухай хуулиар зохицуулах нь оновчтой байж мэднэ. Энэ бол нэг хүний л бодол. Олонхоороо түрж шийдэх асуудал биш, ард иргэдийн санаа бодол, байр суурь чухал.

ШИНЭ МЭДЭЭ