МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.06.10
Хууль, эрх зүй

С.Бямбацогт: Төрийн өмчит компаниудын зээл улсын өрийн хэдэн хувийг эзэлж байна вэ

УИХ-ын чуулганы /2022.06.10/-ны өдрийн хуралдаанаар Засгийн газраас 2022.05.04/-ний өдөр өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: 

Төрийн өмчит компаниудыг цэгцлэх болсон. Монголд айлын шоовдор хүүхэд нь хувийн хэвшлийнхэн, эрх танхи хүүхэд нь төрийн өмчит компаниуд. Яагаад ийм болсон гэхээр төрийн өмчит компаниуд дээр улстөрчдийн халаасны хүмүүс, цүнх баригч нар томилогддог. Төрийн өмчит 170 компани, орон нутгийн өмчит 270 компани бий. Гүйцэтгэх удирдлага нь 10 орчим хүн гэж бодвол  нэг компани дээр 20 орчим, нийт 470 компанид 10 мянга орчим хүн ажиллаж байгаа. Энэ хүмүүс хамгийн  их цалин, хангамж авдаг, гадагшаа зугаалж, өндөр урамшуулал авдаг. Энийг цэгцлэх ёстой. Өнөөдөр улсын нийт өрийн хэдэн хувь нь төрийн өмчит компанийнх байна гэхээр том тоо гарна. Төрийн болон орон нутгийн өмчит 470 компанид улсын гадаад өр хэд байна вэ. Өр зээлний хэмжээг хэлж өгөөч. Улсын төсөвт оруулж байгаа орлогоос “Эрдэнэс таван толгой”-г хасвал татварт оруулж буй орлого байхгүй. Төвлөрүүлж буй ногдол ашгийн хэмжээг мөн хэлж өгнө үү.

Сайншанд Эгийн голын, Эмээлтийн аж үйлдэр, технологийн парк гээд юу ч хийдэггүй олон төслийн нэгжүүдтэй. Их зардал гаргадаг. Энийг яаж цэгцлэх вэ?  Мөн иргэний нисэхийн үндэсний төв, авто тээврийн, авто замын хөгжлийн төв, барилгын хөгжлийн төв, эрчим хүчний судалгаа хөгжлийн төв гээд хуучин агентлаг байсан газруудын нэрийг өөрчлөөд төрийн өмчит үйлдвэрийн газар болгочихсон. Төсвийн мөнгөөр тэтгүүлдэг, хувийн хэвшлийнхнийг дарамталдаг олон төрийн өмчит компаиуд байна. Энэ компаниудаа хэрхэн яаж цэгцлэх вэ?

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ