2022.06.09
Хууль, эрх зүй

С.Бямбацогт: Төсвийн хөрөнгөөр хийсэн ажлын гүйцэтгэлийн баталгаа гурван хувь байх нь хариуцлагын хөшүүрэг болж чадах уу

УИХ-ын чуулганы /2022.06.09/-ний өдрийн хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Энэ бол чухал хууль. Хэл ам дагуулсан, нилээн ярьсан. Засгийн газраас өргөн батлахдаа  төсвийн хөрөнгөөр барилга байшин барих, бараа, үйлчилгээ нийлүүлвэл гүйцэтгэлийн баталгаа 5 хувь байхаар өргөн барьсан. Их хурал дээр ярьж байгаад 3 хувь болгож багасгасан байна. Гэтэл чанаргүй, буруу дутуу хийсэн, хаяад явсан ажлууд энэ 3 хувь хэр зэрэг хариуцлагын хөшүүрэг болж чадах юм.  Яагаад ийм болгосон бэ?

Ганц жишээ хэлэхэд Ховд аймгийн Мөст суманд хатуу хучилттай 20 км зам барьсан. Ашиглалтад ороод жил болох гэж байгаа. Өнгөрсөн зуны борооноор 500 орчим метр газар урсчихсан. Яагаад ийм зүйл болсон гэхээр бороо их орсон, гүүр хоолой ус  дамжуулах байгууламжийг зөв газраа биш буруу газраа хийсэн, ус дамжуулах байгууламжаар биш өөр газраар ус хуримтлагдаад зам сэтэрсэн гэдэг асуудлыг ярьсан. Гэтэл үүнийг хүлээж авсан улсын комисс юу хийсэн, зам сэтэрсэнтэй холбоотой Онцгой байдал, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хүмүүс очиж үзсэн. Тэр хүмүүсийн гаргасан дүгнэлт давагдашгүй хүчин зүйл байгалийн гамшиг гэсэн. Тэр үнэн үү, худлаа байсан уу гэдгийг мэдэхгүй. Үүнийг шийдүүлэх гээд Зам тээврийн сайд, Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт албан бичиг явуулаад сар болсон. Ямар ч хариу байхгүй. Яаж шийдэх нь тодорхой бус. Гэтэл гүйцэтгэлийн баталгаа нь 3 жилийн хугацаанд, 5 хувь хэвээрээ байгаа. Энэ хуулиар энэ асуудал шийдэгдэх үү? Яаж шийдэгдэх юм бэ. Ийм байдлаар төсвийн хөрөнгө үр ашиггүй зарцуулагдаад, үер усанд идэгдээд явах уу?

Өнгөрсөн жил улсын төсөв баталсан. 2019, 2020, 2021 онд Ковидын нөхцөл байдал гээд ард иргэд, аж ахуй нэгж байгууллагууддаа маш их дэмжлэг үзүүлсэн. Ковидын нөхцөл байдалд үйл ажиллагаа явуулж байгаа аж  ахуй нэгжүүд өнөөдөр хүнд байдалд байна. Үнийн өсөлт бараа, бүтээгдэхүүний хомсдол, тээвэр ложистикийн гацаа, үүнээс болж авсан тендер, төсөл хөтөлбөрүүдийн үнэ хэд дахин өссөн. Үүнийг шийдэж өгөөч гэж Засгийн газарт Улсын их хурлаас төсөв батлахдаа төсвийн хууль дагуулж тогтоол гаргасан. Гэтэл өнөөдөр хэрэгжихгүй, үнийн өсөлтөөс болж авсан ажлууд нь бүгд зогчихсон. Цаашид хийхэд эрсдэлтэй байдал үүсчихсэн байна. Үүнийг хэрхэн яаж шийдвэрлэх юм бэ? Үнийн өсөлтийн асуудлыг шийдэх ёстой. Барилгын компаниуд дампуурлаа шүү дээ. Хуулиар энэ асуудал яаж шийдэгдэх вэ?

Түүний асуултад Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар хариуллаа

ШИНЭ МЭДЭЭ